Уго Чавесийн хурааж авсан хөрөнгийг жинхэнэ эздэд нь буцааж өгнө
2012.02.09

Уго Чавесийн хурааж авсан хөрөнгийг жинхэнэ эздэд нь буцааж өгнө

 
  • Оросын зэвсэг худалдаж авдгийг зогсоох болно. Энэ мөнгө хөрөнгө эдийн засгийг сэргээх, ажлын байр бий болгох, залууст сургалтын тэтгэлэг олгох зэрэгт зарцуулагдах ёстой.
  • Бид дэлхийн ардчиллыг хамгаалахын төлөө зогсдог. Би сонгуульд ялах юм бол зөвхөн Кубатай бус, бүх улстай байгуулсан гэрээг эргэн харах болно.

Венесуэлийн сөрөг хүчний лидер Пабло Перес нь Ерөнхийлөгч Уго Чавесийн улс төрийн гол дайснуудын нэг юм. Улс орны нефтийн орлогын 60 хувийг хангадаг Зулиа мужийн захирагч тэрбээр чөлөөт эдийн засгийг эргүүлэн авчирч, Куба, Ирантай хийсэн Засгийн газрын гэрээг эргэн харна хэмээн амлаж байна. 42 настай Пабло Перес ирэх аравдугаар сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа юм. Тэрээр “El Mundo”-д ярьж байна.

Ерөнхийлөгч Уго Чавесийн хамгийн маргаантай шийдвэрүүдийн нэг нь эдийн засгийн салбар дахь хувийн өмч хөрөнгийг хурааж улсынх болгож буй явдал. Та энэ асуудалтай яаж тэмцэх вэ?


Би хувийн өмчийг хамгаалагчдын нэг. Харамсалтай нь энэ Засгийн газар өмч хөрөнгийг улсын мэдэлд авах, хураах, дээрэмдэх зэрэг дээр гаршчихлаа. Бид нар үүнд өртсөн өмч хөрөнгийг сэргээж, жинхэнэ эздэд нь буцааж өгөх болно. Өмч хөрөнгийг хураах нь ямар ч ашиг авчраагүйг бид харлаа шүү дээ.

Оросын зэвсгийг худалдаж авах гэж өр тавьж байна...?
 


Оросын зэвсэг худалдаж авдгийг зогсоох болно. Энэ мөнгө хөрөнгө эдийн засгийг сэргээх, ажлын байр бий болгох, залууст сургалтын тэтгэлэг олгох зэрэгт зарцуулагдах ёстой. Зэвсгийн худалдааг зэвсэгт хүчин өөрөө хариуцан удирдах ёстой.

Хятадуудтай байгуулсан гэрээг яах вэ?


Хятадтай байгуулсан бүх гэрээг эргэн харах ёстой. Чавес Венесуэлийн нефтийг бидний үр хүүхдийн ирээдүйгээр барьцаалчихсан. Би Засгийн газрын байгуулсан бүх гэрээ, хэлцлийг шалгахыг хүсч байна. Төрийн сан болон Үндэсний Ассамблей ч мэдэхгүй өнгөрч байгаа олон гэрээ хэлцэл байна.

Кубатай олон гэрээ байгуулсан байх аа?
 


Бид дэлхийн ардчиллыг хамгаалахын төлөө зогсдог. Би сонгуульд ялах юм бол зөвхөн Кубатай бус, бүх улстай байгуулсан гэрээг эргэн харах болно. Нефть нь Венесуэльд сайн сайхныг бий болгох арга хэрэгсэл байх ёстой. Тэрнээс дуртай хүндээ мөнгө бэлэглэх хэрэгсэл байж болохгүй.

Мөн Ирантай ихэд сэжигтэй гэрээ байгуулсан тухай яригдаж байсан?


Мэдээж Ирантай байгуулсан гэрээг эргэн харж нягтлах учиртай. Зэрлэг балмад байдал давамгайлдаг, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэдэггүй энэ улстай болгоомжтой харилцах хэрэгтэй. Венесуэль бол эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг ихэд хайрлаж, дээдэлдэг улс шүү.

-Та нефтийн салбар, үйлдвэрлэлд ямар өөрчлөлт хийх вэ?
 

Венесуэлийн нефть олборлолт, ашиглалт, худалдаанд зориулагдах ёстой. Тэрнээс Венесуэлийн Социалист нэгдсэн намын санхүүгийн хэрэгсэл байх ёсгүй. Энэ Засгийн газрын бүх тогтоол, шийдвэрийг эргэн нягтлах болно. Чавесийн засаглал дэлхийн чиг хандлагын эсрэг л яваад байгаа. Үүнийг зогсоохгүй бол асар их үнэ төлөх болно.

Эрх баригчид нефтийн салбарын 20 мянган ажилчныг шууд л халж орхисон. Энэ талаар ямар бодолтой байна?


Тэднийг буцааж ажилд авах ёстой. Цооногуудыг дахин сэргээх хэрэгтэй байна. Нефтийн бүтээгдэхүүн, олборлолтыг өдөрт 2.3 сая баррелээс 4.1 сая баррельд хүргэх боломж байна. Нэг жилийн дотор ингэж нэмэгдүүлж болно. Нэмэгдсэн ашгаар нь улс орны эдийн засгийн өөр салбарыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй байна.

125 тэрбум долларт хүрээд байгаа улсын гадаад өрийг яах вэ?


Өр болон Венесуэлийн гадаадаас авсан бүх зээлийг эргэн нягтлах шаардлагатай болж байна. Манай улсад ашиггүй зээлийг бид зөвшөөрөх учиргүй. Сонгуулийн дараа хувийн өмч, эрх зүйн байдал, Үндсэн хууль, эрх мэдлийн зааг ялгаа, хүний эрхийг хүндэтгэдэг шинэ Засгийн газар бий болно гэдэгт итгэлтэй байна. Венесуэль улсад шинэ эхлэл тавигдах болно.

Венесуэльд гэмт хэрэг, аюулгүй байдал газар авсныг анхаарахгүй байх арга алга. Үүнийг шийдэхийн тулд та ямар санал тавьж байна вэ?


Хамгийн түрүүнд ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжмээр байна. Ажил төрөлтэй хүн гэмт хэрэг хийхээр гарч явахгүй. Мөн урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг хийсэн бол зохих шийтгэлийг нь оногдуулдаг байх хэрэгтэй. Ял шийтгэлгүй үлдэх, завших явдал газар авчихлаа. Хууль бусаар эзэмшиж буй галт зэвсгийг хураах ажлыг хот, муж бүрт өрнүүлэх хэрэгтэй байна. Улс орон даяар 18 мянган хууль бус бүлэглэл холхиж байна шүү дээ. 30 сая венесуэльчүүд бүгдээрээ эдгээр бүлгийн барьцаанд орох гээгүй л бол хууль ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.