Сая долларын СЕО Б.Ганхуягтай ярилцлаа
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2023 он хүртэл ачааны хүндийг үүрч, 2024 оноос ашгаа өгч эхэлнэ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Сая долларын СЕО” Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Улс орон даяар цар тахлын амаргүй нөхцөл байдалтай нүүр туллаа. “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хувьд ачааны хүндээс үүрэлцэж байна. Энэ цаг үед та бүхэн ямар зохион байгуулалттай ажиллаж, нүүрс тээвэр, экспортын асуудалд гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэж байна вэ?
“Эрдэнэс-Тавантолгой” компани гэлтгүй төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллага, иргэнд цар тахал нөлөөлж байна. Өөдрөг төлөвлөгөө, гүйцэтгэл гэж бараг байхгүй боллоо.
Оны эхний зургаан сарын хугацаанд компанийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Борлуулалтын орлого 71 хувиар тасарсан. Олборлолт 38 хувиар багассан.
Бизнес учраас борлуулалт, орлогын харьцааг хадгалж явах нь чухал. Энэ ч утгаараа 2020 онд хэрэгжүүлэхээр ТУЗ-өөс баталсан төлөвлөгөө, төсөвт яалт ч үгүй тодотгол хийж таарлаа. Бүхий л компанид ийм нөхцөл байдал тулгарсан. Харин өнгөрсөн 7-11 дүгээр сар хүртэл цонх үе гарч, орлогоо боломжийн хэмжээнд нэмэгдүүлж, бүрдүүлж чадсан.
Мөн цар тахлын үеийн эрсдлийн төлөвлөгөөг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн нь тасраад байсан 71 хувийг 100 хувь гэж үзвэл 85 хувийн гүйцэтгэлтэйгээр орлогоо нөхсөн. Цар тахал дэлхий нийтээр уул, уурхайн компаниудыг ч сорьж байна. Тиймээс Австралийн томоохон уурхайнуудад авч хэрэгжүүлсэн цар тахлын үеийн төлөвлөгөөг компанийнхаа хөрсөнд зөв буулгаж хэрэгжүүлсэн. Энэ нь компани нөхцөл байдлыг боломжийн хэмжээнд даван туулахад нөлөөлж байна.
Тэгэхээр нэлээд бэлтгэлтэй байжээ?
Бид 2018,2019 онд олон улсын зах зээлд IPO гаргахаар маш олон зөвлөхүүд, уул уурхайн болон санхүүгийн шинжээчтэй уулзсан. Энэ маань ч хэрэг боллоо. Энэ уулзалтаас бидэнд уурхай, нээлттэй компани ийм байх ёстой, дүрэм журам ийм байна гэсэн олон шаардлагуудыг тавьж ирсэн. Энэ дагуу тодорхой хэмжээнд компани засвар хийж, явсан. Компани нээлттэй болох, хөдөлмөрийн аюулгүй байдал, боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлэх, техникийн бэлэн байдлыг хангах, уурхайг тусгай бүс болгож хязгаарлах, орох, гарах харилцааг мэргэжлийн түвшинд хянах дүрэм, журам, аргачлалыг бид хэрэгжүүлж явсан.
Энэ нь зөвхөн цар тахалтай холбоотой ч биш юм. Угаасаа хөрөнгийн бирж дээр компаниа хэн нэгэнд санал болгож, тэднээс хөрөнгө оруулалт татах гэж байсан компани. Тийм учраас итгэлцэл бий болгохыг тулд шилэн, тунгалаг болох ажлуудыг ч хийлээ.
2019 оны есдүгээр сарын 24-нд Парисаас Олон Улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг гурван төрөлд авсан. Байгаль орчин, экологи тэнцвэрт байдал хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал болоод компанийн засаглалын стандартыг нэвтрүүллээ. Стандартын дагуу дүрэм журам, үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилсөн. Энэ бол Монголд анх удаа, бусад уурхайнуудад жишиг болсон үйл явдал юм.
Ногоон бүс, шар бүс, улаан бүс энэ хэлбэрээр бүсчилсэн төлөвлөгөөнүүд хэрэгжиж эхэлсэн. Улмаар цар тахал дотоодод бүртгэгдсэний дараа яаж ажиллах уу гэсэн туршлагатай ч болсон. Баруун Австралийн уурхайнуудын төлөвлөгөөг нэвтрүүлж байсан учраас үүнд тулгуурлан Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас дүрэм журмаа батлан хэрэгжүүлж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компани гэлтгүй Монголын эдийн засагт уул уурхайн экспортын асуудал нэн чухал байна. Экспортод ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй зүйл байна уу?
Экспортын хувьд угаасаа арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сард багасдаг. БНХАУ төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ саруудад хаана, хаана хэдийг нийлүүлсэн гэдэг тайлангаа татаж, мөн тухайн жилдээ хаанаас хэдийг авах вэ гэсэн квотоо тогтоодог учраас экспорт хумигддаг. Энэ байдал нэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ бид экспортыг өмнөх жилүүдийнхээс багасахгүй, ядаж 50-100 машины илүүтэй байна гэсэн харьцааг нь хадгалж, тээвэрлэлт явуулж байна.
БНХАУ-ын тал манай PCR-ийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуурыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хүндрэлүүд бий. ГХЯ, УУХҮЯ энэ талд үүрэг гүйцэтгэж байна. Жолооч нарыг автобусаар хил давуулж, шинжилгээ өгүүлж хариу гарахаар нь наашаа явуулах зэргээр зохион байгуулалтын ажил хийж байна.
Компанийн ТУЗ саяхан шинээр байгуулагдсан. Удирдлагуудын зүгээс 2025 он хүртэлх компанийн төлөвлөгөөг батлуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Компанийн ойрын таван жилийн төлөвлөгөөг хэрхэн зураглав?
2017-2020 оны бизнес төлөвлөгөө хэрэгжиж , дүгнэгдсэн. Үүнд 157 төрлийн бие даасан ажлыг төлөвлөсөн байна. Үүний 109 ажил нь үр дүнтэй хэрэгжсэн. Үүн дээр тулгуурлан “А6-20” гэсэн дунд хугацааны бизнес төлөвлөгөөг ТУЗ, Засгийн газар, УУХҮЯ, ТӨБЗГ гээд хамаарал бүхий газруудад хүргүүллээ. Удахгүй батлагдах байх.
Монгол хүн бүр хувьцааг нь эзэмшдэг компанийн хувьд таван жилийн хөгжлийн бодит төлөвлөгөө гэдэг чухал. 2017-2020 онд “Дэлхийн жишиг уурхай Эрдэнэс-Тавантолгой” гэж явсан бол 2021-2025 онд “Уул уурхай дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн хөгжлийн жишиг Эрдэнэс-Тавантолгой” гэсэн чиглэлийг баримталж ажиллана.
Зөвхөн уул уурхай биш дэд бүтээн байгуулалтын асуудалд голчлон анхаарна. Хагас болон бүтэн боловруулах үйлдвэр, хот болон бусад жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал, зам дагасан хөгжлийн асуудлыг тусгасан.
Өөрөөр хэлбэл, Үндэстэн дамнасан томоохон бизнесийн цогцолбор, мега төслийн хэмжээнд төлөвлөгөөгөө боловсруулсан гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” бол Монгол Улсын эдийн засаг санхүүгийн үндэс мод. Төрийн тэргүүнээс эхлээд Засгийн газар, парламент аж ахуй нэгж бизнесийнхэн, гадаад хамтын ажиллагаа тэр ч байтугай айл өрх бүрт хамааралтай. Энэ үндэс модыг стратегийн хувьд зөв төлөвлөж явснаар байгалийн баялагийг иргэн болон төр хүртэх юм. Тиймээс дэлхийн жишиг болоод Монгол Улсын тэргүүлэгч үйлдвэрлэл болгон хөгжүүлэхээр тусгалаа.
“Алсын хараа-2050” төсөлд суурилсан. Нэг онцлог нь бид зөвхөн бүс нутаг буюу дотооддоо үйл ажиллагаа явуулах биш дэлхийн эдийн засгийн харилцаанд орох энэ том зорилтыг тавиад явж байна. Өнгөрсөн хугацаанд компанийн хэмжээнд дөрвөн том ажил хийгдсэний эхнийх нь үнийн судалгаа, эрсдэлийн асуудал. Манай нүүрсний зах зээлийн 90-95 хувь БНХАУ-ын хамааралтай. Энэ дагуу БНХАУ-ын нүүрсний маш том платформыг нэвтрүүлсэн. Фэнвэй энержи компаниар 15 жилийн үнийн судалгааг хийсэн. Мөн аудитын “PWC”, “Эрнест Янг”, ”BDO” компаниудаар санхүүгийн болон бизнес төсөөлөл, эдийн засгийн мөнгөн урсгалуудын тооцоолол хийлгэсэн. Энэ тайлангуудад үндэслэн эдийн засгийн төлөвлөгөөгөө баталгаажууллаа.
“А6-20” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ?
2017-2020 оны хугацаанд хэрэгжүүлсэн бизнес төлөвлөгөөнөөс онцлох зургаан том бизнес платформыг бий болгосон.
Нэгдүгээрт, бид Тавантолгойн нөөцийг нэгдсэн байдлаар тодорхой болголоо. Өмнө нь зүүн баруун болон “Энержи Ресурс”, орон нутгийн Тавантолгой гэж тусдаа байсан. Үүнийг нэгтгэж баталгаажуулсан. Мөн АНУ-ын “Стентак” компанитай хамтран Жорк стандартыг нэвтрүүлсэн. Канадын болон Монголынхоо стандартуудад шилжүүлж, компанийн үнэлгээг 4.1 тэрбум ам.доллар гэж тогтоосон. Үүгээрээ бид дэлхийд өрсөлдөх хүчин чадалтай компани гэдгээ зарлалаа.
Хоёрдугаарт, ямар ч алдагдалгүй, өргүй болж, ашигтай ажиллаж эхэлсэн. Энэ бол цагаан дээр хараар бичсэн бодит амжилт. Мөн бүх төслүүдээ өөрөө санхүүжүүлж байна. Технологи, дэд бүтцийн томоохон ажлуудаа монголчууд өөрсдийн гараар хийгээд явж байна. Хоёр төмөр зам, угаах үйлдвэр, цахилгаан станц барьж байна. Түүнчлэн уурхай өөрөө хөгжихгүйгээр өрөөлийг хөгжүүлж, чирч явна гэж байхгүй. Би энэ төсөлд 2007 оноос хойш ажиллаж байгаа хүн. Тэр үед 10 гаруй гэр кемптэй байсан одоо ч бараг хэвээрээ байна.
Мөн хамаг техникээ алдсан, хүний техник дээр ажиллаж ирсэн ийм л компани. Харин одоо олон улсын стандартад нийцсэн уул уурхайн катринг оффис байгуулж, техникүүдээ худалдаж аваад эхэлчихлээ. Хэдий хүнд хэцүү байсан ч 2020 онд уурхайн хөгжилд зоригтой хөрөнгө оруулалтуудыг татаж ажилласан. Мөн хувьцаа эзэмшигчдийн маань талаас дээш хувь нь Улаанбаатарт байна.
Хувьцаа эзэмшигч 463 аж ахуй нэгжийн 90 хувь нь мөн энд төвлөрдөг. Тиймээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж утааг бууруулах ажилд гар бие оролцож байна. Энэ маань өөрөө бас бизнес зорилготой. Эрчим хүчний нүүрсийг цаашид орон улсын зах зээлд нийлүүлэх ийм гарцыг нээх юм.
Одоогоор хотын утаа 50-80 орчим хувь буурна гэсэн төлөвлөгөөний дагуу явж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд бид зоригтой алхаж чадсан. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Би үнэ цэнэтэй, сая ам.долларын уурхайчидтай компанийн захирал. 2018-2020 онд уурхайчдын цалинг 45 хувиар нэмсэн. Шөнийн нэмэгдлийг хоёр дахин нэмэгдүүллээ. ХАБ-ын нэмэгдэл 15 хувь, бүтээлийн нэмэгдэл, хүүхдээ төрүүлээд гэртээ байгаа ажилчдаа хүртэл сар болгон цалинжуулж байна. Энэ мэтчилэн 20 гаруй төрлийн ажлыг хийжээ. Цаашид энэ зургаан том алхам дээр суурилсан 20 ажил хэрэгжээд явна гэсэн гаргалгаатай бизнес төлөвлөгөө юм.
Мөн компанийн үйл ажиллагаа шилэн тунгалаг болсон байна. Энэ бас нэг том дэвшил шүү?
Тийм ээ. Манай компанийн сайт руу ороход бүх зүйл тодорхой байгаа. Энэ бол хэн нэгэн нөхрийн үйл ажиллагаанд зориулсан шилэн данс биш. Бид компанийнхаа үр ашгийг нэмэгдүүлж, олон улсын бизнесийн харилцаанд орохын тулд итгэлцэл бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч чадаагүй ч компанийг хаалттай байлгаж болохгүй. Хамгийн сайн нээлттэй компани байх нь бидэнд олон талын боломж олгоно.
Эрдэнэс-Тавантолгой гэхээр төрийн баг өмссөн болж харагдаад байдаг. Үүнээс ангижрах нь хөрөнгө оруулагч талд зориулсан алхам юм.
Нөгөө талаар бид шилэн болсноор хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг олж байна. 2.5 сая иргэн хувьцаа эзэмшиж байна. 463 аж ахуй нэгж байна. Төр 87.3 хувийн эзэмшиж байна.
Энэ их итгэл үнэмшил дээр тулгуурлан үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр хичээж байна. Зөвхөн 2021 онд бидэнд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт дутаж байна. 2022 онд 400 сая ам.доллар. Нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө дутагдаж байгаа ч үүнийг олно. Олон улсын хөрөнгө оруулагч, харилцагч нартай хамтран ажиллана. Нийт санхүүжилтэд 2.3 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний нэг тэрбумыг бид өөрсдөө бүрдүүлнэ. Энэ мэтчилэн 2021-2022 онд санхүүгийн өндөр ачааллын үе байна. Үндсэн бүтээн байгуулалт, өртөг буурах боломжит суурилсан ашгийн он бол 2023. Үүнээс цаашаа үйл ажиллагаа жигдрээд явна.
Энэ онд иргэдэд 1072 хувьцааны ашиг тараасан. Тэгвэл дараагийн жилүүдэд хувьцаа эзэмшигчиддээ хэрхэн ногдол ашиг хүргэх вэ. Энэ талаар төлөвлөгөө бий юу?
2020, 2021, 2022 онуудад компанийн үр ашиг, ногдол ашиг гэдэг зүйл яригдахгүй. Бизнес эрхлэгч, хувьцаа эзэмшигчид маань ч тэгж бодож байгаа байх. Энэ онд үнэхээр зүтгэж байгаад хувьцааны ногдол ашгаа тараалаа. Бизнесийн итгэлцлийн хувьд суурийг нь тавихаас өөр аргагүй байв. “1072 хувьцаа бол худлаа, зүгээр нэг сонгуулийн санал авах арга тактик” гэж яригддаг байсныг бид таслан зогсоосон.
Хөрөнгөө шийдсэн байсан ч сонгуулийн саналд нөлөөлөх нөлөөллийг бодож сонгуулиас өмнө тараагаагүй. Ер нь улс төр, бизнес ангид байх ёстой гэдэг зарчмыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх баримталсан. Өмнө нь манай компанийн үйл ажиллагаа улс төрөөс 100 хувь хараат байлаа.
Өнгөрсөн жилүүдэд компани 10 том эрсдлийн ард гарсан. Хүүхдийн 21 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга, оюутны 500 мянга, сайн хувьцаа, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөг, татварын урьдчилгаа, төсвийн цоорхой нөхөх гээд яг арван эрсдлийн ард гарсан байдаг. Төр энэ эрдслийг үүрүүлсэн байдаг. 2017-2019 он бол өрөө дарж өсч өндийсөн. Хөгжлийн суурь тавьсан, бизнесийн зөв жишиг тогтоосон он байлаа.
Өмнө нь удирдлагын хувьд ч тогтворгүй байж ирсэн. Ер нь төрийн өмчит компаниудад удирдлагын тогтвортой байдал чухал байна уу. Таныг 2020 оны сонгуулийн өмнө ажлаа өгнө гэх яриа ч гарч байлаа?
Би өмнөх ажлаа л сайн хийе гэж бодсон. Энэ ажлаа хийж чадахгүй байж өөр зүйлд сатаарч, улс төр ярьж явах цаг хугацаа, боломж, сонирхол ч байсангүй. Цаашид 2023 он хүртэл манай компани нэлээд өндөр ачаалалтай байна. Эрсдэлтэй он жилүүдийг туулах нь. Харин 2023 оноос бидэнд ямар ч гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй болно. Өөрийн санхүүжилтээр бүхнийг шийдэх боломжтой. Тэр үед одоогийн орлого маань 2-3 дахин өснө. Мөн өртөг буурна.
Одоо нэг тонн нүүрсээ 32 ам.доллараар тээвэрлүүлж байна. Энэ өртөг тухайн үед есөн ам.долларт багтах юм. Энэ хэмжээгээрээ 20 ам.долларын ашиг компанид үлдэнэ. Мөн бүтээгдэхүүнээ угаагаад эхэлбэл өртөг нь монголдоо үлдэнэ. Нүүрсний үнэ өснө. Тэгэхээр энэ компани 2025 он гэхэд 11 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж эхэлнэ. Үүнээс өмнө 2020-2022 он хүртэл гурван тэрбум ам.долларын санхүүжилт нэн шаардлагатай байна. Тэгэхээр надад хийх ажил их байна.
Төмөр замын бүтээн байгуулалтын гол санхүүжүүлэгч нь танайх. Ажил хэр явж байна вэ?
Энэ бол хамгийн зөв төсөл. Манай компанийн өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Гарцуудыг нэмнэ. “Тавантолгой-Гашуунсухайт”-ын чиглэл гэхэд өртгийг дөрөв дахин бууруулах юм. 32 ам.доллароор зөөдөг байсан бол найм болгож байна. Энэ хэмжээгээрээ ашиг орлого нэмэгдэнэ. Зүүнбаянгийн төмөр замын төсөл маань гурван гарц нэмнэ. Хангамандал, Бичигт, Төв магистралаар явсаар ОХУ-д хүрнэ. Зам дагуух дэд бүтцүүд хөгжинө. Одоо бол ганцхан гарцаар нүүрсээ гаргаж байна. Энэ хаагдлаа гэвэл манай нүүрсний экспортын 60 хувь нь байхгүй болно. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалт бол бизнес эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл. “Эрдэнэс Тавантолгой” компанид үүрүүлж байгаа ачаа бол биш юм.
Саяхан БНХАУ Австралиас эрчим хүчний нүүрс экспортлохоо зогсоосон байна. Энэ нь манайд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?
БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо Австралийн эрчим хүчний нүүрс нийлүүлэх арван компанийн бүтээгдэхүүнийг хориглосон. Манайх хараахан эрчим хүчний нүүрс үйлдвэрлээгүй байна.
Гэхдээ энэ манайд ашигтай. Эрчим хүчний нүүрсний нөөц манайд бий. Тиймээс энэ чиглэлд нийлүүлэлт хийх боломжийг олж харах хэрэгтэй гэж бодож байна.
Сэтгүүлч: Т.БАТСАЙХАН.