2020.11.25

Б.Баярсайхан гишүүний хөндсөн асуудлын дагуу Депакин хроно эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орууллаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 2020.11.19-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд цахимаар оролцож асуулт асуух үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эсрэг хэрэглэдэг Депакин хроно эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан нь эцэг эхчүүдэд хүндээр тусч буй тухай мэдээлэл хийж, тус эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг хүссэн.

Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллага нь Б.Баярсайхан гишүүний мэдээлэл, саналын дагуу ажиллаж, энэ  талаар шуурхай арга хэмжээ авч, дээрх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан байна. Уг асуудалд мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн анхаарал хандуулан ажиллажээ. 

Олон хөгжлийн бэхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэний хүсэлтийг сонсож, асуудал дэвшүүлэн цаг алдалгүй ажил хэрэг болгож өгсөн Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн гишүүддээ талархаж буйгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд илэрхийлж хүний төлөө цохилох зүрх бүхэн ариун байж, хүүхдийн төлөө тэмүүлэх зам мөр тэгш байг хэмээн ерөөл дэвшүүлсэн байна. 

Олон мянган хүн хэрэглэдэг энэ эм хөнгөлөлтөөс хасагдсантай холбоотой санхүүгийн хүнд асуудалтай тулгарч зарим хүний хоол болсон энэ эмийг авч чадахгүй байдалд хүрээд байжээ. Тэгвэл өнөөдрөөс дээрх нэр бүхий эмийг хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авах боломж бүрдээд байна.

Уналт таталтын хам шинжтэй хүний хувьд эм нэн хэрэгцээт, хоол шиг амь настай нь шууд холбоотой зүйл байдаг. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчилсэнтэй холбоотойгоор нэн хэрэгцээт ДЕПАКИН Хроно (300 мг, 500 мг) хасагдсан байсан. Энэ эм нь өөр нэршлээр буюу Депакин хронософер 100 мг хөнгөлөлтөнд орсон боловч манай улсад борлуулахаа болиод уджээ.