Б.Баярсайхан: Хүний төлөө сэтгэлтэй, зоригтой, улс төрчдийн гар хөл болоогүй хүн хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болох ёстой
УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\ нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Цахим орчинд хүний эрх, хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Ажлын байрны бэлгийн дарамт гээд олон асуудал бий. Монгол улсын хүний эрх зөрчигдөж байгаа бүх асуудал ХЭҮК-ын ажил. Хүний эрх зөрчигдөж байхад энэ байгууллага хангалтгүй ажиллаж байсан. ХЭҮК-д гадаадын төсөл хөтөлбөр, санхүүжилт нилээн хэрэгждэг ч хийсэн ажил нь хангалтгүй харагддаг. Хүний эрхийн төлөө ямар ч санхүүжилтгүй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, иргэд олон бий.
Та бүхний ард улс төр, нам байна уу? Та бүхэнд энэ чиглэлээр ажиллах сэтгэл байна уу? Зориг бий юу?
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан:
Ямар нэгэн улс төр, нам байхгүй. Би хуульчийн гэр бүлд өсөж төрсөн. Хуулийнхаа дагуу ажиллана. Хүний эрхийн чиглэлээр ажилласаар ирсэн. Зоригтой, сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж чадна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид:
Улс төрийн намын харьяалалгүй. Хүний эрхийн чиглэлээр сургалууд бүх түвшинд 20 гаруй жил ажилласан. Зорилтод бүлгийнхэнд зориулсан эрхзүйн мэдлэг олох чиглэлээр ажиллаж байна. Цаашдаа хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр тууштай ажиллана.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул:
Өнгөрсөн хугацаанд хууль эрхзүйн хүрээнд ХЭҮК тодорхой хэмжээнд ажилласан. Бидэнд ажиллах хүч бага байдаг гээд асуудал бий. Бид шаардлага зөвлөмж гаргадаг. Цаашдаа шаардлага хангаагүй албан тушаалтанд арга хэмжээ авах санал гаргах эрхтэй болж байгаа учраас үр дүн гарна гэж найдаж байна. Намын харьяалал байхгүй, 20 гаруй жил энэ чиглэлээр ажилласан зориг зүрхтэй, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзнэ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд:
Намын харьяалал байхгүй. Багшлах ажлаас гадна, хүний эрхийн чиглэлээр судалгааны ажилд сайн дурын чиглэлээр ажиллаж ирсэн. Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан. Цаашдаа хүний эрхийн чиглэлээр сэтгэл зүрх, зоригтой ажиллаж чадна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдэд хандаж өндөр боловсролтой байсан ч намын харьяалалд ороогүй. Зориг зүрхтэй бол ажлаа хийж чадна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллахыг санал болгосон юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn