Томуу, томуу төст өвчин, коронавируст халдварын бэлэн байдалтай танилцах ажлаар өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаа
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцлаа.
Тус хорооны хэмжээнд нийт 18 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн төв нь их эмч 8, 7 сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хөтөч, нярав-угаагч, үйлчлэгч, нягтлан зэрэг 20 ажилтантай ажиллаж байна.
ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндолгор улирлын томуугийн дэгдэлт, “Ковид-19” халдварт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж буй ажлуудаа Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нарт танилцуулсан юм.
Тэрбээр Томуугийн дархлаажуулалтыг амжилттай зохион байгууллаа. Бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнуудыг гэрийн эргэлт үзлэгт хамруулах ажлыг тогтмол хийснээр яаралтай тусламжийн дуудлага тодорхой хувиар багассан.
Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн хуудсаар дамжуулан товлолын дархаажуулалт, гэрийн эргэлт, эмчийн үзлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийн бүртгэлд хяналт тавьж байна. Амьсгалын замын халдвар, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулах, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэх бодисоор бүрэн хангаж байгаа. Улирлын томуугийн дэгдэлтийн үед амралтын өдөр болон уртасгасан цагаар ажиллах зохион байгуулалтад шилжих бэлтгэлээ эртнээс базаасан хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Мөн орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвөө стандарт хангасан өөрийн гэсэн байртай болгох хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.