М.Говьсайхан:
Асуудлыг нийслэлийн түвшинд тавьж, шийдвэрлэхийн төлөө ажиллана
2020 оны НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, СХД-ийн Өнөр бүсэд нэр дэвшигч М.Говьсайхантай ярилцлаа. Тэрээр СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч. Тиймээс сонгогч та уг ярилцлагыг уншаад тэрээр өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил хийв, дүүрэг, нийслэлийн ямар тулгамдсан асуудлыг шийдэхээр нэр дэвшиж байгаа болон хувь хүн талаас нь хэн бэ зэрэг асуултад хариулт авах боломжтой юм.
Улс төрд хэзээ, яагаад оров? Энэ нь хэр зөв шийдвэр байсан гэж хэлэх вэ?
- Би 2002 онд ШУТИС-ийг хүнсний технологич инженер мэргэжлээр төгсөж, 2008 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Англи улсыг зорин, магистр хамгаалсан юм. Өөр нийгэмд суралцахаар ирээд өөрийгөө нээж олсон гэж боддог. Англид гурван жил сурахдаа одоогийн УИХ-ын гишүүн Н.Учралтай танилцаж, сайн найзууд болсон.
Оюутан Н.Учрал, М.Говьсайхан нар
2010 онд сургуулиа төгсөж ирээд хамтдаа 18-40 насны, нийгэмд нөлөө бүхий залуучуудын нэгдэл JCI Улаанбаатар централ байгууллагад гишүүнээр элссэн л дээ. Энэ үеэс Н.Учрал маань улс төрд орсон юм. Би түүнтэй хамт Хан-Уул дүүргийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд гишүүнээр элсэж, намын анхан шатны залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд оролцож эхэлснээр улс төрд орсон гэж хэлж болно. 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө, сонгогчдынхоо итгэлийг даахын тулд ажиллах нь урамтай, сайхан байдаг.
Улс төрч хүнд бат найдвартай гэр бүл чухал. М.Говьсайханых ямар айл вэ?
- Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гурван охин, нэг хүүтэй. Охид голдуу учраас манайх эмх цэгцтэй, хайранд умбасан айл бий. Амралтын өдрүүдээр гэр бүлдээ цаг гаргаж, хоол хийх дуртай. Хүүхдүүд маань намайг хоол хийхийг хүлээж байдаг. Зун, өвөлдөө агаарт гарч, аялах сонирхолтой.
М.Говьсайханы гэр бүл
Та судлаач, спортоор хичээллэдэг хүн. Сайн менежер болохоо ч харуулсан. Ер нь гэр бүлийн хүмүүжил, мэргэжил, сонирхол нь таны хувь хүний зан чанар болон бие хүний төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?
- Миний аав, ээж хоёр төлөв төвшин хүмүүс байсан. Тиймдээ ч тэр үү, намайг хүмүүс даруу төлөв, нүдэнд дулаахан хүн гэдэг. Нэг зүйлийг хэлэхэд, төлөв төвшин, даруу төлөв байдал нь үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэхэд асуудал болдоггүй. Судлаач хүн бол асуудлыг олж харж чаддаг. Асуудлын мөн чанарт төвлөрч, тал талаас нь авч үзэж, анализ дүгнэлт хийдэг. Судалж, шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх гол арга зам, үр дүнг тодорхойлж чаддаг. Миний хувьд зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийж байсан төдийгүй бизнесийн байгууллага удирдаж, төрийн бус байгууллагууд ч удирдаж явлаа. Ямар ч хүнтэй нийцтэй байж чаддаг, олонтойгоо хүн дээ.
ЯМАР Ч ХҮНТЭЙ НИЙЦТЭЙ, ОЛОНТОЙГОО ХҮН ДЭЭ
Спортын нэг сайхан зүйл нь хувь хүнд багаар ажиллах, бусадтай ойлголцох чадвар суулгадаг. Ялангуяа багийн спорт бол гишүүн бүрийн хичээл зүтгэлээс амжилт нь шалтгаалдаг учраас “би” гэж ганцаарчилсан тоглолт хийхгүй, “бид” гэсэн үзэл санаагаар явдаг. Тиймээс төлөв даруу, буурь суурьтай байхад суралцсан. Мөн дайчин байж, амжилт гаргах тусмаа өөртөө итгэлтэй болж, баг хамт олноороо бахархдаг. Би дөрөвдүгээр ангиасаа волейволоор хичээллэсэн, одоо ажлын зав чөлөөгөөр тоглодог. Бас теннис, боулинг, дартс тоглож, ажлын ачааллаа тайлдаг. Мэдлэг боловсрол бол тухайн хүний асар том давуу тал, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл гэж боддог. Тиймээс би гэр бүлийн суурь хүмүүжлээ хадгалж, эзэмшсэн мэргэжил, мэргэшил, сонирхдог спортоосоо олж авсан сайн чанарууд, давуу талаа хөгжүүлж, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан өөрийн чадах чинээгээр ажиллахыг хичээдэг.
"Хангарьд" тэмцээний аварга баг
Та 2016 оны орон нутгийн сонгуульд СХД-ийн 29 дүгээр хорооноос нэр дэвшин, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэр сайн ажилласан гэж өөрийгөө дүгнэх вэ?
- 2016 онд сонгуульд нэр дэвшихдээ хорооны сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн амлалтаа 100 хувь биелүүлсэн гэж хэлж болно. Учир нь СХД-ийн 29 дүгээр хороо бол нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуульгүй цөөхөн хорооны нэг байсан. Москва хорооллыг анх барьсан компани нь сургууль, цэцэрлэг барина гэж газар авсан ч хорооллоо бариад цэцэрлэг, сургуулийн газраа өөр компанид зарчихсан, тэр компани нь шүүхийн маргаантай олон жил явсан. Хорооны иргэдээс сургууль, цэцэрлэгтэй болох тухай хүсэлт маш их ирдэг байсан учраас энэ асуудлаар хичээнгүйлэн хөөцөлдөж явсны үр дүнд энэ жил 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороод байна. Өмнө нь хүүхдүүд 1 дүгээр хороолол, Таван шард байдаг гэрээсээ хол цэцэрлэг, сургуульд явдаг байсан хүндрэл бэрхшээлийг арилгасан. Энэ ажлыг СХД-ээс УИХ-д сонгогдсон Н.Учрал гишүүнтэй хамтран хэрэгжүүлсэн юм.
Мөн Москва хороолол тоосгон өрмөл барилгатай учраас зарим барилгын хана, дулаалга нурж унасан байсан. Би өөрөө барилгын салбарын хүний хувьд тодорхой шийдэл гаргаж, дулаалгын асуудлыг НИТХ-ын төлөөлөгчтэй хамтран шийдсэн. Өөр нэг асуудал бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баруун зүг рүү зорчих авто вокзал буюу Драгон төв байрладаг. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил их гарна. Нэг талаас оршин суугчдын гомдол тасардаггүй, нөгөө талаас худалдаа эрхлэгчдийн эрх ашиг хөндөгдөөд байдаг. Одоогоор Драгон төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх тухай тогтоол шийдвэрийг гаргуулаад байна. Одоо гагцхүү тус төвд ажиллагсдын амьдрах байрны асуудлыг шийдсэний дараа нүүлгэж болохоор болсон.
Үүнээс гадна нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийдэг ажлуудыг бүгд төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, гэрэлтүүлэг, хороолол доторх зам засварын ажил, байрны гаднах авто зогсоолын зураг төслийг гаргаж, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн. Мөн иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө гурван байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн-хүүхдийн тоглоомын талбайг тохижуулаад байна.
НИЙСЛЭЛ ХОТОД УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМИЙГ БҮРЭН ШИЙДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Дүүргийн төлөөлөгчөөс нийслэлд нэр дэвших болсон шалтгаан гэвэл?
- Би энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, СХД-ийн Өнөр бүсээс нэр дэвшин өрсөлдөж байна. Учир нь 2016-2020 онд СХД-ийнхээ ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, иргэдийнхээ амьдрал дунд орж ажиллалаа. Энэ хугацаанд дүүргийн түвшинд шийдвэрлэх боломжгүй олон асуудал байна. Нэг дүүргийн асуудал зөвхөн тухайн дүүрэгт байдаггүй. Дүүрэг бүрт түгээмэл, нийтлэг асуудал бий. Тиймээс асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэн, өөрийгөө дайчилж чадвал НИТХ-д төлөөлөгчөөр ажиллах бололцоо бий гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл, СХД-ээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй хамтран ажиллаж, нийслэлийн түвшинд асуудлыг гарган тавьж, шийдвэрлэхэд өөрийн хүч, нөөц бололцоог дайчилж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилд дүүргийн ИТХ-д тодорхой амжилттай ажилласан гэж дүгнэж, СХД-ийн удирдлагууд, МАН-аас итгэл хүлээлгэсэн тул НИТХ-д нэрээ дэвшүүлж байна.
Өнөр бүсэд ойрын дөрвөн жилд зайлшгүй хийж хэрэгжүүлэх ямар ажил байна гэж хардаг вэ?
- Өнөр бүсийн оршин суугчдын 70-80 хувь нь байшин хороололд амьдардаг, Улаанбаатар хотын хуучны сэхээтэн цөөнгүй бий. Хамгийн гол шийдвэрлэх шаардлагатай асуудал бол орон сууцнуудын ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс өвөлдөө хүйтэн, гадна дулаалгын асуудлыг нэмэлтээр шийдэх шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж манай нам дүүргийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ирэх дөрвөн жилд тодорхой үе шаттайгаар 1 дүгээр хорооллын орон сууцны гадна фасадны дулаалгыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Авто машины зогсоолын зураг төсөл гаргаж, шийдвэрлэх арга замуудыг хайж байна. Энэ асуудлыг шийдэж чадвал СХД-тээ жишиг хороолол болох боломжтой бүс юм.
Манай дүүргийн хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс тав дахин нэмэгдэж, 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Зам засвар ашиглалт, цэцэрлэг, сургуулийн асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Удахгүй Австрийн Засгийн газрын тусламжтайгаар СХД-т гэрэлтүүлгийн маш том төсөл хэрэгжиж, бүрэн гэрэлтүүлэгтэй дүүрэг болно. Мөн манай дүүрэг тохижилт сайтай, хүүхэд, залуучууд, ахмад настнуудад амралт-чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн том зай талбайтай хороолол, хотхонуудтай болж байна.
Таны өөрийн дотроо боддог, шийдэх хүсэлтэй асуудлууд гэвэл?
- Дотроо бодож байгаа тодорхой ажлууд байна. Жишээлбэл, жил болгон замын бродьюр сольж, нөхөөс хийдэг. Энэ ажлыг нэг жил түр өнжиж, Улаанбаатар хотын хэмжээнд ус зайлуулах системийн ажлыг бүрэн хийх хэрэгтэй. Үүний дараа замын засвар, нөхөөсний ажлыг шат дараатайгаар хийхгүй бол ямар ч ус зайлуулах системгүй байж бол зассан зам дээр бороо орлоо, ус тогтлоо, ахиад л ховхорно. Ингэж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах шаардлагагүй гэж боддог.
Хоёрдугаарт, олон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах хэрэгтэй санагддаг. Үүнээс болж ажил, гэр рүүгээ орохдоо хүмүүс маш холуур тойрдог нь түгжрэлийг нэмэх нэг шалтгаан болдог. Мөн гарц, орцыг хааснаар хүмүүсийн алхах, зорчих хөдөлгөөнийг хааж байна.
Англид бүх байгууллага нь залгаа. Хоорондоо хашаагүй, задгай. Нийтийн эзэмшлийн талбайгаа сайн тохижуулсан учраас авто замын нэвтрүүлэх чадвар сайн, явган хүн ч алхахад таатай байдаг. Ийм нөхцөл бололцоог бүрдүүлж чадвал Улаанбаатар хотод түгжрэл буурч, хүмүүсийн ая тухтай амьдрах орчин сайжирна гэж боддог. Иргэдийн мэдлэг боловсрол, хандлагыг дээшлүүлэх чиглэлд анхаарч, нийслэлийн удирдлагын гаргаж буй дүрэм журам, хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар олон нийтэд зөв мэдээлэх, таниулах нь чухал байна.
Та хүнсний чанар, аюулгүй байдал чиглэлээр мэргэшсэн хүн. Тэр утгаараа хүн амын тэр дундаа нийслэлийн иргэдийн хүнсний чанар, аюулгүй байдал, хангамжийн асуудлыг хэрхэн шийдэх нь зүйтэй гэж үзэж байна?
- Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, шимт чанар гэсэн гурван асуудлыг цогцоор нь шийдэж байж хүн амын хүнсний баталгаат байдал хангагдана гэж үздэг. Манай улсын хүн амын гол хэрэглээ болсон мах, сүүг авч үзье л дээ. Мал аж ахуй, газар тариаланд суурилсан түүхий эдийн нөөц хангалттай байдаг боловч үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсээр дотоодын зах зээлээ бүрэн хангаж чадахгүй байна. Малчид уламжлалт аргаар малаа гаргаж, хэрэглэгчид захаас жижиглэнгээр болон гулуузаар нь худалдан авдаг. Нэг бол задгай сүү, тараг аваад хэрэглэдэг. Энэ нь аюулгүй хүнс хэрэглэж байгаа гэсэн баталгаагүй байгааг илэрхийлж байна. Ингээд ирэхээр хүнсний үйлдвэрлэл хөгждөггүй.
Үнэ өсөх гол шалтгаан бол ченжийн дамжлага. Хятадууд үндэсний үйлдвэрүүдээс урьдаж, цагаан сарын өмнө малчдад бэлэн мөнгө тарааж, намар таргалсан мал, махыг нь авдаг. Ингээд сайн дарж байгаад махны нөөц хомсдох цагаар гаргаж ирж, өөрсдийн үнээ тогтоодог. Энэ бол ямар ч хяналтгүй, зах зээлийн зарчмаар гэж байгаа боловч цэвэр өрсөлдөөн биш. Тодорхой ашиг сонирхолтой хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаанаас болж, нийслэлээрээ хохирч байна. Энэ бүхнийг хязгаарлаж, таслан зогсоохын тулд салбар яам, НИТХ хамтран тодорхой дүрэм журам гаргах хэрэгтэй. Мах, махан бүтээгдэхүүнээ экспортод гаргах нь эдийн засгийн үр ашигтай боловч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад үлдсэн хэсгийг гадаад зах зээлд гаргах замаар үнийн бодлого явуулж болно шүү дээ.
Сүүний үйлдвэрлэл бол олон жил маш тууштай ажиллаж байж үр ашгаа өгдөг, хөрөнгө оруулалт нь урт хугацаанд нөхөгддөг бизнес. Өөрөөр хэлбэл, эмзэг бөгөөд эрсдэл ихтэй бүтээгдэхүүн. Малчид сүүгээ бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх хэрэгтэй байна.
Европын орнуудад хүнсний бүтээгдэхүүний маш нарийн, олон төрлийн стандартыг мөрддөг. Эко бүтээгдэхүүн нь ногоон шошготой, арай үнэтэй байдаг. Химийн бордоогоор бордсон бүтээгдэхүүнийг хараад шууд ялгах боломжтой, хүнд ойлгомжтой. Бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой. Хэрэглэгчдийн гарт аюултай хүнс хүрэхээс сэргийлж, үйлдвэрлэлийн явц дунд хянаж баталгаажуулдаг. Хэрэглэгч сонголт хийхдээ эргэлздэггүй. Сүүлийн жилүүдэд манай томоохон үйлдвэрлэгчид HACCP олон улсын хяналтын системийг нэвтрүүлж байна. Манай намын НИТХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хангах талаар тодорхой зорилт тусгагдсан.