С.Эрдэнэ: Бидний санал, санаачилгад эрх баригчид тоомжиргүй хандаж хайхрахгүй байна
2020.04.20

С.Эрдэнэ: Бидний санал, санаачилгад эрх баригчид тоомжиргүй хандаж хайхрахгүй байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай намын хувьд 100 сая төгрөгийн хандив авна гэдгээ ил тод зарласан. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Өдгөө АН-ыг харлуулах гутаах, гүтгэх хандлага нэлээд байна. Бид байр сууриндаа хатуу зогсоно. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилтээ шилэн болгох, гүйцэтгэл, зарцуулалтаа ил тод тайлагнах шаардлагыг олон жил иргэд, хэвлэл мэдээллийнхэн шаардаж ирсэн. Анх удаа АН 2020 оны сонгуульд оролцохдоо санхүүгийнхээ эх үүсвэрийг ил тод зарласан. Үүнийхээ төлөө янз бүрийн гүтгэлэгт орж байна. Энд ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

-Та бүхэн бусад намуудыг төсөв санхүүжилтээ ил тод зарла хэмээх уриалгыг гаргаад байгаа шүү дээ?

-Бусад улс төрийн намууд санхүүгийнхээ эх үүсвэрийг ил тод зарлах цаг болсон. Эрх баригч МАН санхүүжилтийнхээ эх үүсвэрийг зайлшгүй зарлах шаардлагатай. 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 3.1 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн хуваарийг хараарай. Эхний зургаан сард багтааж, хөрөнгө оруулалт, худалдан авалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байгаа. Энэ бол цэвэр сонгууль руу чиглэсэн төсөв байсныг харуулж байна.

-Танай ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ таныг дэнчингийн 100 саяасаа гадна 400 сая төгрөгийг нэхдэг,төлөлтийн гэрээг хүчээр байгуулдаг гэх мэдээллийг хийсэн.

-Ямар ч мөнгө нэхээгүй. Дунд шатны намын байгууллагуудтай хамтарч ажиллаж гэрээ байгуулаад явж байгаа. Тэр дотор дөрөв, тавдугаар сард ямар санхүүжилт гарах уу гэдгээ ҮБЗ-ийн гишүүд орон нутгийнхаа намын удирдлагуудтайгаа хамтраад хэлэлцээд явж байгаа. Д.Мөнх-Эрдэнийн хэлээд байгаа шиг 300,400 сая төгрөг нэхсэн нэг ч үг, үйлдэл байхгүй. Бусад намуудын эсвэл гадны нөлөөтэйгөөр зориуд харлуулдаг, шантааж хийдэг тал дээрээ Д.Мөнх-Эрдэнэ мэтийн залуучууд их гаршсан. Ийм явуургүй, өдөөн хатгасан явдалд АН автахгүй. Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар хяналт,шалгалт явуулж байгаа. Сонгууль руу чиглэсэн янз бүрийн гүтгэлэг гарч байна.

-Улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, цар тахалтай холбоотой асуудал дээр нийгэм эдийн засгийн үр дүнтэй, байгаа олсон төрийн бодлогыг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Энд асуудалд та бүхэн хэрхэн хандаж байгаа вэ?

-Сүүлийн үед цар тахлын хамрах хүрээ тэлэх хандлагатай байгаа ийм цаг үе ирээд байна. Тэр ч утгаараа төрөөс авах арга хэмжээнүүд, оновчтой бодлогуудыг явуулах шаардлага зайлшгүй үүсч байна. Зөвхөн цар тахалтай холбоотой асуудал төдийгүй, өнөөдөр нийгэм эдийн засагт үүсч байгаа хүндрэлүүдийг Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж, ажлын байраа яаж хадгалах вэ, иргэдийн амьжиргааны түвшнийг яаж тогтвортой түвшинд барих уу гэдэг асуудал маш чухал болж хувираад байгаа юм. Тиймээс Ардчилсан намын УИХ-д байгаа гишүүд хамтраад УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барихад бэлэн болсон. Өчигдөр тов тогтоолгох хүсэлтээ өгчихлөө. Үүний дагуу бид тогтоолын төслийг өргөн барина.

Ардчилсан намаас коронавирус буюу цар тахлын асуудалтай холбоотойгоор дөрөв дэх тогтоолын төсөл, саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Удаа дараагийн хүргүүлсэн санал, санаачилга, тогтоол хуулийн төслүүдийг эрх баригчид үл ойшоосон маягаар хандаж, хайхрахгүй байгаа. Өдгөө цар тахалтай тэмцэх асуудал, аль нэг намын асуудал биш, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал учраас бүх улс төрийн намууд, улстөрчид, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд гээд Монгол Улсад байгаа бүх хүнд хамаатай.

-Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар ярихгүй юу?

-Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт хандаж, тогтоолын төсөл өргөн барилаа. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрд байр хоолны наад захын хэрэглээг хангахад зориулж энэ сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж эх орондоо ирэх боломж нээгдэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг тогтоолын төсөлдөө тусгасан. Түүнчлэн Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж хэрэгжүүлэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус даалгасугай гэдэг тогтоолын төслийг санаачилж, өргөн барьж байгаа. Энэ тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж батална гэдэгт итгэж байгаа. Тогтоолын төслийг үндсэндээ үндэсний аюулгүй байдалд онц нөхцөл үүссэнтэй холбогдуулж, гамшгийн тухай болон онц байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж гаргаж байгаа юм.

Түүнчлэн бид УИХ, Засгийн газартай таван бүлэг 38 зорилт бүхий коронавирусийн цар тахлын хүндрэлтэй үеийг нийгэм, эдийн засгийн хүндрэлийг гаргахгүйгээр давах чиглэлээр өөрсдийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан. Харамсалтай нь одоо хүртэл хүлээн авч, хэлэлцүүлэгт оруулахгүй байгаа. АН-аас Монгол Улсад эдийн засгийн хүндрэл үүсч байгаатай холбоотой аж ахуйн нэгж байгууллагуудын өндөр хүүтэй зээлийн төлөлтийг хязгаарлая, зээлийн хүүг бууруулъя гэдэг тогтоолын төслийг өргөн барьсан. Мөн Ардчилсан намаас иргэн бүрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг буюу нэг сая 290 мянган төгрөгийг олгох асуудлыг зохион байгуулах шаардлагатай байна гэдэг саналыг манай намаас гаргасан. Хүлээж авахгүй байна.

-Гадаадад байгаа монгол иргэдэд ойролцоогоор хагас жилийн хугацаанд 417 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах юм байна. Энэ төсвийг хаанаас гаргах боломжтой гэж харж байна вэ?

-2020 оны улсын төсөвт коронавирусийн цар тахалтай холбоотой асуудлыг даван туулахад нийгэм эдийн засгийн шаардлагатай санхүүжилтийг гаргах боломж бүрэн дүүрэн байгаа. Жишээ нь, 3.1 их наядын хөрөнгө оруулалт байгаа. Эрх баригчид эхний зургаан сард багтааж хөрөнгө оруулалтын зардлыг яаралтай зарцуулах, сонгуульд чиглэсэн алхмуудыг хийж байгаа. Үүнийгээ зогсоогооч ээ. Бүтээн байгуулалт нэртэй үр ашиггүй барилга байшин барьдаг цаг биш ээ. Зарцуулах гэж байгаа хөрөнгөө цар тахлын аюул гамшгийг давахад зарцуулах зайлшгүй шаардлага үүсчихээд байна. Эх үүсвэр хангалттай байгаа.

-Төсвөөс гаргана гэсэн үг үү?

-Мэдээж төсвөөс гаргана. Бид нар гадаадаас авах өр авлагаа нэмэгдүүлэхгүй байх байр суурьтай байх ёстой.

-Гадаад улс оронд 200 орчим мянган иргэн бий гэж тогтоолын төсөл дээр байна. Энэ тоонд хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэд орж байгаа юу?

-Нийт 195 мянга орчим иргэд байгаа гэдэг судалгаа бий. Үүнээс 50 мянга орчим иргэнд зайлшгүй тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлага үүсчихсэн байна. 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөгийн тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм.