З.Нарантуяа: Төсвөө 355 тэрбумаар танаж, ЖДҮ-ийн зээлийн хүүг 17 хувиар бууруулах боломж бий
Дэлхий нийтийг цочроогооод буй коронавирусийн тархалтаас үүдэж, улс орнууд ажлын байруудаа тогтвортой хадгалж үлдэх томоохон сорилттой нүүр тулгарлаа. Гадны орнууд ажил олгогчдоо дэмжихийн тулд бодлогын хүүгээ бууруулж,татварын хөнгөлөлт үзүүлэн, ЖДҮ-ийг дэмжих сангуудаа зузаатгаж байна. Манай улсын хувьд ч тэр, ажлын байраа тогтвортой байдлаар хадгалах нь маш чухал. Энэ чиглэлд засаг, төрийн хүрээнд хэд хэдэн аргачлал яригдаж буй.
Тэдгээрийн нэг нь, АН-ын бодлогын зөвлөлөөс санаачилсан ЖДҮ-ийн арилжааны банкны зээлийн дарамтыг багасгах зорилго бүхий хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийн зорилт болон эмзэг үед авч хэрэгжүүлж болох зарим асуудлаар УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-ДӨРӨВ, ТАВДУГААР САРААС АЖЛЫН БАЙРУУД ХУМИГДАХ БОДИТ ЭРСДЭЛ ҮҮСНЭ-
–ЖДҮЭ-ийн арилжааны банкны зээлийн хүүг буулгах агуулга бүхий хуулийн төслийг АН-ын зөвлөлөөс боловсруулсан. Хуулийн төсөл боловсруулах болсон үндсэн шалтгаанаа товчхон тайлбарлавал?
-Коронавирүсийн тархалттай холбоотойгоор Засгийн газраас олон шуурхай арга хэмжээ авсан. Гэхдээ гаднаас орж ирэх хөл хориог хаах дээрээ арай сулхан, дотоодын хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд илүү анхаарсан. Хэсэг хугацааны дараа эргээд хартал, гаднаас вирус орж ирж, дотоодын бизнесүүд зогсонги байдалд орчихсон байв.Одоо энэ алдаагаа хурдан засах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирүсийн тархалтыг эдийн засгийн уналттай зэрэгцүүлж, хоёр вирүсээр зэрэг өвчлөхгүйн тулд Засгийн газар хурдан гарц хайх хэрэгтэй гэсэн санаа. Тодорхой арга хэмжээг одоо л авахгүй бол дөрөв, тавдугаар сараас ажлын байрууд хумигдах гэж байна. Энэ маш том эрсдэл. Ажлын байраа хамгаалах нь энэ хуулийн төслийн гол зорилго юм. Тиймээс манай нам тодорхой судалгаа хийсний үндсэн дээр хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт саналаа хүргүүллээ.
–Хуулийн төсөлд 2020 онд барих барилга байгууламжуудыг зогсоож, хэмнэгдэх 355 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д шилжүүлэх санал тусгагджээ. Энэ нь яг ямар байдлаар жижиг дундын салбарынханд өгөөжөө өгөх юм?
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 5 мянга гаруй ААН-үүд арилжааны банкны зээл авч, үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засаг саармагжиж буй ийм үед эдгээр ААН-үүд хамгийн өндөр эрсдэл хүлээж байна. Тиймээс бодит хүүгийн дарамтыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Зээлийн төлөлтийг нь түр хойшлуулах, тодорхой хугацаанд зээл хэлбэрээр чөлөөлөх зэрэг нь түр гал унтрааж байгаа л хэлбэр. Яг зээлийн хүүг нь буулгаж байж л тэдэнд бодит дэмжлэг болох юм. Ингэхдээ 2020-2021 он дамжих хэрэгжих 381 барилга байгууламжийн санхүүжилтийг түр царцааж, ЖДҮХС руугаа хэмнэсэн мөнгөө оруулчихъя. Тэгээд 5 мянга гаруй өндөр хүүтэй зээлдэгчид рүүгээ энэ эх үүсвэрээ зээл хэлбэрээр оруулж, арилжааны банкны зээлийг нь төлөх аргачлал юм. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй зээлийг нь бага хүүтэй зээлээр солино гэсэн үг.
–Хүүгийн зардал хэмнэх зорилгоор Төрийн банкаар дамжуулах санал боловсруулсан гэж ойлгож болох уу?
-Төсвөөс хэмнэж болох эх үүсвэрээ Төрийн банкан дээр байршуулж, бусад банкуудын зээлдэгч нарын жагсаалтын дагуу төлөлт хийнэ гэсэн үг. Арилжааны банкуудын зээлийн хүү 18-20 орчим хувь. Үүнийг нь Төрийн банкны 3 хувийн хүүтэйгээр солих санаа.
-Тэгэхээр 355 орчим тэрбум төгрөгийн 3 хүүтэй зээлэнд аль болох олон ААН-үүдийг хамруулах шаардлагатай. Зээлийн хэмжээнд нь хязгаар тавина гэсэн үг үү?
-Тийм. Зээлийн хязгаарыг 100 саяд төгрөгт барина. Зарим жижиг ААН-үүд 20-50 сая төгрөгийн л зээлтэй байгаа.
–2020 ОНЫ ТӨСӨВТ 1 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАСАХ САНАЛ ОРУУЛСАН Ч ДЭМЖИГДЭЭГҮЙ-
-Хүүгийн зөрүү нь?
-Арилжааны банкнаас 20 хувийн хүүтэй зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчийн зээлийг 17 хувиар хөнгөлөх бодит боломж үүснэ. Зээлдэгч цаашаа 3 хувийн хүү л төлөөд явна. ЖДҮХС болон Төрийн банкны үйл ажиллагаанд энэ хүүгийн бууралт нь ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Нэмэлт зардал ч гарахгүй.
-2020 онд баригдах барилга, байгууламжуудыг зарцаахын тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүснэ. Үүнийг эрх баригч нам хэрхэн хүлээж авах бол?
-2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байна. Энэ хэвээр цаашаа явбал эдийн засагт илүү өндөр эрсдэл үүснэ..
-Нөгөө талд ЖДҮЭ-ээр бүртгүүлээгүй хэдий ч ажил олгогч маш олон ААН-үүд бий. Тэдний татварын дарамтыг багасгах, эдийн засгийн эрсдлийг багасгах чиглэлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Яг энэ чиглэлд МҮХАТ нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. ҮАБЗ, Засгийн газраас саналуудыг нь хүлээн авч, НДШ төлөх хугацааг түр чөлөөлөх, түрээсийн төлбөрөөс хөнгөлөх зэрэг арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Банкуудын удирдлагуудтай уулзаж, зээлийн хүү буулгах чиглэлээр ярилцаж байна. Төв банкнаас бодлогын хүүг буулгалаа. Бидний зүгээс эдгээр арга хэмжээнүүүдийг үгүйсгээгүй. Гэхдээ тодорхой хугацаанд л боломж олгож байгаа зорилтот арга хэмжээнүүд юм. Тиймээс бид бодит үр өгөөж нь шууд ААН-үүдэд хүрэх санал санаачлага гаргаж байна. Дэлхийн бусад орнууд ч бас ийм аргаар эдийн засгийн эрсдэлтэй нөхцлийг давхаар ажиллаж байгаа.
-Та Төсвийн хяналтьн дэд хороог ахалдаг. 2020 онд 2.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв батлагдсан. Одоо 355 тэррбумыг хэмнэх асуудлыг сөлөө. Үүнээс илүү хэмнэх боломжийг хэрхэн харж байна?
-Төсвийн хяналтын дэд хороо төсвийн хэлэлцүүлгийн үеэр 2020 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1 их наядаар бууруулах боломж байна гэсэн тооцоог гаргаж, жагсаалтаар танилцуулж байсан. Харамсалтай нь Төсвийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй. Ардчилсан намын зөвлөлөөс өргөн барьж буй уг хуулийн төсөлд дурдсанчлан, 1.4 их наяд төгрөгийн өртөг бүхий 381 барилга байгууламжийн асуудал бий. Үүнээс 2020 онд санхүүжигдэх 355 тэрбумыг нь зарцаая гэсэн санал гаргаж байгаа. Ингэж байж л эдийн засгийн хямралаас сэргийлэх бодит арга хэмээ авч чадна гэж харж байна. ДЭМБ-аас цар тахлын оргил үеийг дөрөв, тавдугаар сар гэж үзсэн. Бусад орнууд ч бас энэ саруудад эдийн засаг илүү хүндэрнэ гэсэн тооцоолол хийж, зорилтот арга хэмжээ авч эхлээд байна. Урьдчилсан арга хэмжээгээ зөв авч чадвал хямралын ссүүдэд бага тусна гэж харж байгаа.
–Төв банкнаас бодлогын хүүгээ бууруулж, зээлийн эх үүсвэр дээр тодорхой чөлөөлөлт хийлээ ч яг бодит нөхцөл байдал дээр арилжааны банкууд, ББСБ-уудад зээлийн хүүгээ буулгах боломж байгаа юу?
-Арилжааны банкууд, ББСБ-уудад шууд өмнө нь олгосон зээлийнхээ хүүг буулга гэж хэлэхэд маш хэцүү. Яагаад гэхээр, тэд өмнө нь үнэтэй эх үүсвэр татчихсан байгаа. Эх үүсвэрийнхээ тооцоон дээр суурилж, зээлийн хүүгээ тогтоосон байдаг. Тэгэхээр эх үүсвэрийнхээ өртгийг буулгаж байж л зээлийн хүүгээ буулгах боломж бүрдэнэ. Энэ нь өөрөө хэт механик, захиргаадалтын шинжтэй арга хэмжээ болно. Санхүүгийн системээ доргиох арга хэмжээ. Тиймээс ч нийт массаар нь зээлийн хүүгээ буулга гэж тулгахад хүндрэлтэй. Яг оновчтой цэг рүүгээ анхаарлаа төвлөрүүлж, тодорхой зорилтот хэсгийнхээ зээлийн хүүг буулгах хэрэгтэй гэж харж байгаа.