Иргэд 1072 хувьцааны ногдол ашгээ бэлнээр авахыг хүсэж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаад удаагүй байна. Иргэдэд очих хувьцааны нэгж үнэ нь 90 төгрөг бөгөөд 1072 ширхэг хувьцаанд 96480 төгрөг оногдоно.
Хувьцааны ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс банкны идэвхтэй дансанд шилжүүлж, иргэдэд олгоно. Иргэд өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерын компанид хүсэлт гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлсэн байх ёстой.
Ингэснээр хувьцааны ногдол ашгийг хүртэх боломжтой болох. Тэгвэл энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд янз бүрийн байр сууринаас хандаж эхэлсэн. Тиймээс бид иргэдээс хувьцааны дансаа нээлгэсэн эсэх, ногдол ашиг тараахыг юу гэж бодож байгаа талаар нь асууж, байр суурийг нь сонслоо.
Л.Балдорж: Хувьцаагаа хуримтлуулах хэрэгтэй
Баянгол дүүргийн иргэн
-Би хувьцааны дансаа нээлгээд удаж байна. Хувьцааг иргэдийн дансанд шилжүүлэхээс илүү хуримтлал үүсгэх хэрэгтэй байх. Хүн болгонд дансаар бага мөнгө өгвөл ашиггүй. Өөр хүний халаасанд ороод л дуусна шүү дээ.
Д.Норжмаа: Хувьцааг ашигтай байгаа дээр нь авах хэрэгтэй
Чингэлтэй дүүргийн иргэн
-Хоёр жилийн өмнө 1072 хувьцааны данс нээлгэсэн. Тухайн үед ямар брокер дилерийн компанид данс нээлгэж байснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 300 мянган төгрөг авсан. Хувьцааг тарааж байгаа дээр нь авсан нь дээр гэж бодож байна. Сүүлд нь настай хүмүүст ашиг байдаггүй юм байна лээ. Дээр үед хүмүүст хувьцаа тарааж байсан. Тэрний ашиг нь 10 жилийн дараа 2000 төгрөг л байсан. Ямар ч ашиггүй эд байна билээ.
Д.Намжил: Хувьцааг бэлэн мөнгө болгох нь буруу
Чингэлтэй дүүргийн иргэн
-Өнгөрсөн жил ажил дээрээ хувьцааны данс нээлгэж байсан. Бүх ажилтанд нээж өгсөн. Ер нь хувьцааг бэлэн мөнгөөр иргэдэд тарааж болохгүй. Бидэнд оногдсон ч бай оногдоогүй ч бай хожим үр хүүхдүүддээ өвлүүлж өгөхийг бодно. Фэйсбүүкт хувьцаа зарна гэсэн зар их байсан. Хэзээ ч тийм юм байхгүй. Зарж болохгүй. Дээр үед л хүүхдийн сургуулийн төлбөрт авч байсан. Одоо хэн нэгэнд өгөх шилжүүлэх боломжгүй болсон байх. Бидэнд өмнө нь цэнхэр, улаан тасалбар өгч байсан. Тэр ямарч ашиггүй үрэгдээд л алга болсон.
Т.Баатар: Бэлнээр дансанд байвал амар
Баянзүрх дүүргийн иргэн
- Хувьцааны дансаа 2 жилийн өмнө нээлгэсэн. Хувьцааг дансанд байршуулахыг зарим хүмүүс буруу л гэх юм. Надад бол хүссэн үедээ авч хэрэглэхэд хэрэгтэй л гэж бодож байна.
Х.Батнасан: Төрийн шийдвэрийг л дагана
Чингэлтэй дүүргийн иргэн
-Дансаа өнгөрсөн жил нээлгэж байсан. Манай ажилд брокер дилерийн компани ирж, 7000 төгрөгөөр нээж өгч байсан. Нээлгэснээс хойш ахиж шалгаагүй л байна. Хувьцааг дансандаа байршуулах эсвэл хуримтлуулахын аль нь зөвийг сайн мэдэхгүй байна. Хуримтлуулаад бүтээн байгуулалтад зарцуулах эсвэл бэлэн мөнгөөр авах аль ч байсан баялгийн хэсгээс хүртэх учраас энэ асуудалд санаа зовохгүй байгаа. Хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй л байх. Хэрвээ улс оронд хэрэгтэй бол төр засаг авахад буруу зүйл байхгүй.
Г.Мөнгөнзул: Хувьцааны биш оффшорчдын мөнгөөр сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй
Баянзүрх дүүргийн иргэн
-Би хувьцааныхаа дансыг өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлгэсэн. Хувьцааг дансанд шилжүүлэх нь бэлэн мөнгө хэрэгтэй байгаа үед хамгийн зөв шийдвэр гэж бодож байна. Коронавирус гээд бүх газрыг хаачихсан байхад ард түмэнд бэлэн мөнгө хэрэгтэй шүү дээ. Хувьцааны мөнгөөр сургууль, цэцэрлэг барина гэж сонссон. Тэр оффшорчдын нуусан мөнгөөр барьж болддоггүй юм уу. Ард иргэд авах ёстойгоо хүртэх эрхтэй шүү дээ.
М.Мөнхбат: Төрийн хишгийг яаж зарцуулахаа иргэд өөрсдөө шийдэх ёстой
Хан-Уул дүүргийн иргэн
-Анх өгч эхлэхэд хувьцааны данс нээлгэсэн. Хувьцааны ногдол ашгаас 300 мянган төгрөг бэлэн мөнгөөр авч байсан. Өөр зүйлд ашиглаж байгаагүй. Мөнгө хэрэгтэй бол хувьцаагаа зарах нь зүгээр. Харин дараа дараагийн ашгийн мэддэг хүмүүс хуримтлуулдаг байх. Би мэдэхгүй болохоор 300 мянган төгрөгөө ашиглачихсан. Хүн болгон улсаас өгч байгаа мөнгийг авч, өөрсдөө ашиглахыг бодож байгаа. Миний мөнгөөр сургууль барь гэж өгөх хүн ховор. Баячууд хувьцааны бэлэн мөнгийг ашиглахгүй байх. Тэд л миний мөнгөөр байшин, сургууль барь гэж хэлэх болов уу даа. Төрийн хишгийг яаж ашиглахаа иргэд өөрсдөө шийдэх хэрэгтэй. Зарах нь зараад, авах нь авна биз.
М.Мөнхбаатар: Ногдол ашгаа авах нь зөв
Архангай аймгийн иргэн
-Анх хувьцаа тарааж эхлэхэд данс нээлгэсэн. Хүн болгон тэр үед данстай болж бэлэн мөнгө аваад баярлаж байсан. Би малчин хүн. Иргэн хүний хувьд байгалийн баялгаас багахан хэсгийг эзэмшиж байгаадаа баярладаг. Бэлэн мөнгө хэрэгтэй байгаа үед тараавал хүн бүхэн баярлана. Тавдугаар сард тараахаар болсон нь маш зөв. Учир нь малчдын хавар хамгийн хэцүү улирал. Өвс, тэжээлээс авахуулаад мөнгөний хэрэг маш их гардаг.