АН: Эрх баригчид олонхоороо түрүү барьж орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлсэн
2020.02.10

АН: Эрх баригчид олонхоороо түрүү барьж орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлсэн

УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы дүгнэлт гаргасан байна.

2019 оны намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталсан. УИХ дахь АН-ын зөвлөл нийт 11 удаа хуралдаж, чуулганаар хэлэлцэж буй асуудал бүрт өөрсдийн байр сууриа илэрхийлж ажилласан байна.  

АН-ын зөвлөлөөс 2016-2020 оны УИХ-ын отгон намрын чуулган гэдгээрээ онцлог байсан бөгөөд онцлох сэдэв нь 3 парламент дамнан хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан явдал байлаа. Мөн 2020 оны Улсын нэгдсэн төсөв, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн хууль зэрэг нийгэм эдийн засагт чухал хуулиудыг баталж, өөрсдийн санал дүгнэлт, зарчмын байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ. Үүнд.

Нэгдүгээрт. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх баримталсан зарчмын байр суурь.

Гурван ч парламент дамжин хэлэлцэгдсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэр бүхий 62 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж таван сарын турш хэлэлцэгдсэний дүнд /2019.11.14/ 63 гишүүний дэмжлэгтэйгээр батлагдаж, Үндсэн хуулийн 25,7 хувьд нь нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хэдийгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлэг дангаараа шахам баталсан ч хэлэлцүүлгийн эцсийн шат хүртэл Ардчилсан намын зөвлөлийн долоон гишүүн парламентын засаглалаа бэхжүүлэн төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг хараат бус тогтолцоотой болгох, Ерөнхий сайд нь өөрийн кабинетын гишүүдээ өөрөө томилж, хариуцлагаа ч үүрдэг хүчтэй гүйцэтгэх засаглалтай болгох, сонгуулийн тогтолцоог дэлхийн нийтийн чиг хандлагад ойртуулах холимог тогтолцоотой болгох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, орон нутгийг өөрийн бие даасан эдийн засгийн тогтолцоотой болгохын зэрэг зарчмын асуудлуудад байр сууриа илэрхийлж, ажлын хэсэгт албан бичгээ хүргүүлэн ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж чадсан юм.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт дараах зарчмын гурван саналыг хүргүүлсэн. Нэгдүгээрт. Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох, Хоёрдугаарт. Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ЗГ-ын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх, Гуравдугаарт. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэсэн албан бичгийг хүргүүлсэн юм. Мөн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дангаараа бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын зөвлөл байр сууриа дахин нотолж байгаагаа илэрхийлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах 25 заалт бүхий саналын томьёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлсэн.

Хоёрдугаарт. УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын талаарх баримталсан зарчмын байр суурь. УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар, ялангуяа хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн хамгийн том нийслэл дэх тойргийн мандатын тоог хасаж байгаатай холбогдуулан УИХ даргад албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотод хүн амын байршил, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн нийслэлийн мандатын тоог хөндөхгүйгээр 3 мандаттай 90 мянга хүрэхгүй сонгогчтой аймгуудын мандатаас тус бүр нэг мандатын тоо хасаж нэг мандат бүхий аймгуудад шилжүүлэн нэмэх нь зүйтэй гэсэн боловч эрх баригчид олонхоороо түрүү барьж, Нийслэлийн мандатын тоог бууруулан 24 болгож орон нутаг дахь мандатын тоог нэмэгдүүлсэн юм. “Судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15,000 сонгогчийг төлөөлдөг бол нийслэлд 40,000 иргэнийг нэг мандат төлөөлж, тэнцвэрт байдлыг алдагдуулж байна гэж Ардчилсан намын зөвлөл үзсэн юм.

Гуравдугаарт. Саарал жагсаалтын талаар. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж 3 асуудал хэлэлцсэн бөгөөд үүний 2 дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан. Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсныг зарласан юм. Иймд Олон улсын байгууллагаас муу үнэлгээ авч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц. Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нь ажил үүрэгтээ хайнга хандсан, энэ албан тушаалыг эрхлэх чадамжгүй улс төрийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэж, холбогдох хуульд заасны дагуу огцруулахыг шаардсаны дагуу зарим албан тушаалтнуудыг огцруулсан билээ.

 Дөрөвдүгээрт. Соёлын өвийг хамгаалах талаар. 2019 оны 10 дугаар сарын 16-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Улаанбаатар хотын төвд байрлах “баганат” нийт 14 объектыг Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад хамруулах санал хүргүүлсэн боловч хэрэгжээгүй.

Тавдугаарт. Хятадын 799 иргэдийн талаар. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Монгол Улсад зохион байгуулалттайгаар гэмт бүлэглэл, ялангуяа цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар БНХАУ-ын 799 иргэн ирж зочид буудлуудад байрлаж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүлсэн.

Зургаадугаарт. Улсын Их Хурал өөрөө тарах талаар. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн байр сууриа нотолж, өөрсдийн мэдэгдлээ хүргүүлсэн.

Долоодугаарт. Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ) өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж нь Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж үзэж байгаа. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа. Хамгийн гол нь, Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал өнөөдөр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлого хэрэгжүүлэх ажил санаачлаад дөрвөн жил боллоо. Ийм учраас бид Ерөнхийлөгчийн санаачилгыг бид бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Хүний эрх, эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай УИХ-д өргөн барих шаардлагатай гэж үзсэн

Наймдугаарт. Хууль, тогтоомжийн төсөл болон УИХ-ын бусад шийдвэрийн төсөл санаачлах ажлын хүрээнд.

  1. Зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох болох мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан өргөн барьж УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдэн одоо нэгдэх хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байна.
  2. “Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай”
  3. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчлэн боловсруулан УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэн энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн боловч УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал дэмжигдээгүй.
  4. Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцын түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүсэж байгаад анхаарлаа хандуулах цаг болсон гэж УИХ гишүүн Б.Пүрэвдорж дүгнэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан.
  5. Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, цогцлоон хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон бусад иргэнийг урамшуулан шагнах “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан.
  6. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажил үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа Монгол Банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар, ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг яаралтай хэлэлцүүлэх санал боловсруулан УИХ-д хүргүүлсэн гэжээ.