С.Бямбацогт: Тойргийн тоог нэмэхгүй, 26 тойрогтой байна
Аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон можаратори тогтолцоогоор явуулахаар болсон. Нийт 20 аймаг, зургаан дүүрэг нь 26 тойрог байхаар ярьж байгаа аж. Өмнөх сонгуулиудаар нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дундговь аймгууд хоёр мандаттай болох бөгөөд зургаан мандаттай дүүргүүдийн мандатаас хасах юм байна. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Мандатын хуваарилалтад ямар өөрчлөлт орж байгаа вэ. Нийслэлийн дүүргүүдээс олон мандаттайг хасна гэсэн мэдээлэл байна. Аль аль дүүргийн мандатын тоог бууруулах вэ?
-Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулна. Энэ системээр өмнө нь сонгууль явуулахад 26 тойргоор явуулж байсан. Сонгуулийн ерөнхий хороо тойргоо төлөвлөж Их хуралд өргөн мэдүүлнэ. Урьдчилсан байдлаар нэг мандаттай Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь гэсэн дөрвөн аймаг бий. Эдгээр аймгийн мандатын тоог нэмж хоёр болгоно. Ингээд Улаанбаатар хотын олон мандаттай дүүргээс шилжүүлье гэсэн санал яригдаж байна. Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна. Гэхдээ мэдээж аймаг, дүүргүүдийн иргэдийн төлөөлөх эрхийг жигд барих бодлого баригдах байх.
-Тойргийн тоог нэмэхгүй гэсэн үг үү. 30-35 тойрог болгоно гэж байсан?
-Одоогоор яг эцэслэн шийдэгдээгүй байна. Тодорхой яригдаж байгаа зүйлүүд бол бий. Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг нэр тойрог болгоё ч гэдэг юм уу асуудлууд яригдаж байна. Сонгуулийн ерөнхий хороо тооцоо судалгаа хийж Их хуралд танилцуулах ёстой. Түүн дээр тулгуурлаж Их хурал шийдвэрээ гаргана. Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 1-нд дуусна. Сонгуулийг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах санал Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн. Тиймээс хоёрдугаар сарын 1-нээс өмнө Их хурал тойрог, мандатын асуудлыг эцэслэн шийдсэн байх ёстой.
-Хүн гүтгэсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нэр дэвшигчийг илт худлаа мэдээллээр гүтгэх, гутаах, доромжлох тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн нэр дэвших бодолтой хүн өрсөлдөгчөө гутаавал нэр дэвших эрхийг нь олгохгүй. Худлаа мэдээллээр өрсөлдөгчөө гүтгэж, доромжилсон нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшүүлэхгүй. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага болгоомжтой хандахгүй бол худал мэдээлэл тараавал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Мөн захиалга өгсөн нөхөр нь өөрөө нэр дэвших эрхээ хасуулна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Хуульд орж байгаа гол өөрчлөлт юу вэ?
-Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд байгаа. Нэг удаа, зургаан жилээр сонгогдох болон үүнтэй холбоотой зохицуулалтууд орж ирнэ. Нэгдсэн нэг хуулиас салгаж байгаа учраас нээх айхтар өөрчлөлт орохгүй. Бид долоон удаа Ерөнхийлөгч, Их хурал, орон нутгийн сонгууль зохион байгууллаа. Энэ болгонд хуулиудыг тухай бүрд нь сайжруулаад явсаар байгаад одоо Сонгуулийн хууль харьцангуй зарчмын том өөрчлөлт орохооргүй болсон.