2020.01.02

АН-ын дарга С.Эрдэнэ тэтгэвэрийн зээлийг тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх нь ахмадуудад хүрсэн сайхан мэдээ хэдий ч ҮАБЗ тооцоо, судалгаагаа хэрхэн хийсэн нь тодорхой бус байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ. Мөн тэрбээр ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж хүргүүлдэг болохоос шууд шийдвэр гаргаж, хууль батлахгүй хэмээгээд, “Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шийдвэрээ танилцуулахдаа УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай зөвшилцсөн байх.

Гэхдээ 2020 оны улсын төсвийг батлах үед тэтгэврийн зээлийг тэглэх талаар огт яриагүй. Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд улсаас арилжааны банкуудад мөнгө өгнө гэсэн үг. Энэ мөнгийг өгөх Салхитын мөнгөний ордыг хэзээ ашиглаж эхлэх, тус ордын нөөц, үйл ажиллагааны зардал, ашиг зэргийг нарийн тооцох хэрэгтэй. Эхний ээлжинд ирээдүйд Тэтгэврийн даатгалын сангаа хэрхэн баяжуулах талаар ярих нь зөв” гэлээ.