Б.Саранчимэг гишүүн шатрын тэмцээнд эмэгтэй парламентчдаа тэргүүлжээ
2019.10.23

Б.Саранчимэг гишүүн шатрын тэмцээнд эмэгтэй парламентчдаа тэргүүлжээ

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн парламентын гишүүдийг хамруулан жил бүр шатрын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 10 дахь удаагаа болсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг нар амжилттай оролцоод иржээ.

Дэлхийн 100 орчим парламентын гишүүн оролцсон тэмцээнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрэгтэй ангилалдаа шагналт тавдугаар байр эзэлж, уран нүүдлээрээ улсынхаа нэрийг гаргасан байна. Мөн Б.Саранчимэг эмэгтэй парламентчдаа тэргүүлж, эрэгтэй шатарчидтай өрсөлдөн 11 дүгээр байр эзэлжээ. Уг тэмцээнд шатрын олон удаагийн дэлхийн аварга, их мастер, ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Карпов нарын өндөр цолтой мэргэжлийн олон шатарчин оролцсон аж.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд түрүүлж, "Оюунлаг түшээ"-гээр шалгарч байсан удаатай.