Айхтар сүржин мэдэгдлийн хариу
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Мэдэгдэлд хариу өгөх тухай
Монголын төмөр зам ХК болон Монголын төмөр замын дэд бүтэц компанийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас надад хандан айхтар сүржин мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн дагуу дараах хариуг хүргүүлж байна.Юуны өмнө Монголын төмөр зам ХК нь төрийн өмчит компани болохыг та бүхэнд сануулья.Нэгэнт Монголын төмөр зам ХК нь зуун хувь төрийн өмчит компани тул “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиар Төрийн өмчийн хорооноос энэ компанийг удирдлага, менежментээр хангахын зэрэгцээ хяналтаа тавьж ажилладаг болохыг давхар сануулъя. Надад эргэлзэж байвал холбогдох хуулиудын заалтыг нягтлан үзэж бас болно.Төрийн өмчийн хороо нь хуулиараа Ерөнхий сайдын шууд харьяанд ажилладаг, түүнд ажлаа тайлагнадаг, үүрэг даалгавар авч ажилладаг агентлаг.
Тийм учраас эрхэм Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ЗТБХБЯ-ны удирдлагууд төрийн өмчит компанийн бусадтай байгуулсан гэрээг хэвлэлээр шуугиулж хайх бус Төрийн өмчийн хорооноос, төрийн өмчит компанийн удирдлагаас асууж лавлахад л хангалттай мэдээлэл авах бүрэн боломжтой санагдах юм.Төрийн өмчит компаниудын байгуулсан гэрээг Засгийн газарт танилцуулах, хадгалах үүрэг нь хуулиараа Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад биш Төрийн өмчийн хорооны даргад байдаг учиртайг та бүгд хуулиа сөхөж харах замаар ойлгох, мэдэх, мөрдөх бүрэн бололцоотой болохыг анхааралдаа авна уу.Асуудал хуулиа, ажил үүргийн харъяаллаа мэдэхгүй, эсвэл мэдэхгүй царайлаад байгаатай холбоотой юм шиг санагдаж байна.
Иймд та бүхнийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг унших, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.Надтай холбоотойгоор “нууц гэрээ” хийсэн хэмээн сүржигнэж байгаа асуудалд та бүхний адил хариуцлагатайгаар мэдэгдэхэд ямар ч нууц гэрээ байхгүй! 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно.Харин “Монголын төмөр зам” ХК-ийн байгуулж, миний танилцсан энэ гэрээ нь нууцалж хийсэн гэрээ биш, нууцлал бүхий гэрээ байна.Энэ нь 2 тал байгуулсан гэрээгээ бусад гуравдагч этгээдээс нууцална гэсэн олон улсын аливаа гэрээнд байдаг стандарт нөхцөл байна. Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын төмөр зам ХК-ны байгуулж буй хэлцэл, гэрээ нь яамны бодлоготой уялдаж байх ёстой.
Үүний дагуу тус компанийн удирдлага байгуулсан гэрээгээ салбарын сайдад нь танилцуулдаг. Миний бие уг гэрээний төгсгөлд “танилцав” хэмээн гарын үсгээ зурсан болохыг шаардлагатай бол шүүхээр шалгуулж, хэл зүйн шинжээч томилж байгаад нягтлуулахыг зөвлөе.Аливаа гэрээг “батлах”, түүнтэй “танилцах” зэрэг нь хэл зүйн болоод хуулийн хувьд тусдаа ойлголтууд бөгөөд эрх зүйн үр дагавар нь ч өөр юм.
Та бүгдийг надаар танин мэдэхүйн шинжтэй ийм жижиг тайлбарууд хийлгэж, өөрсдийн болоод бусдын цагийг үрж, миний АТГ-т та бүгдийг шалгуулахаар өгсөн асуудлуудыг бүдгэрүүлэхийг хичээж суухаар УИХ, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж УИХ-ын 27, 40 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.Хууль, тогтоомжийг үг дуугүй биелүүлэхийн оронд ашиг завшаан эрэлхийлэх, олон нийтийн анхаарлыг хоосон хэрүүлд хандуулах замаар цаг нөхцөөдөг зэрэг явуургүй үйл ажиллагаагаар дагнахаа зогсоохыг анхааруулж байна. Хуулиа биелүүл, ажлаа хий.Хууль зөрчсөн үйлдэл надад байгаа бол хэвлэлээр шуугиулахын оронд үнэнийг тогтоох цор ганц байгууллага болох шудрага шүүхэд хандахыг эцэст нь зөвлөе.
УИХ ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга