С.Эрдэнэ: Сагсан бөмбөгийн ДАШТ Монголд болно гэж хэн ч зүүдлээгүй байх
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны сагсчид супер амжилт гаргаж өнгөрөгч амралтын өдөр БНСУ-д зохион байгуулагдсан Жежүгийн гранпирид 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг түрүүлж Ази тивээс анх удаа дэлхийн аварга боллоо.
Үүнээс гадна манай өсвөрийн эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-нд амжилттай өрсөлдөж дэлхийн эхний 10-т эрэмбэлэгдэж эхлээд байна. Энэ нь Монгол хүн багийн спортоор амжилт үзүүлж болдог гэдгийг харуулсан тод жишээ, бахархал юм. 3x3 сагсан бөмбөг болон бусад тэмцээнд гайхамшигтай амжилт гаргаж буй тамирчид болоод Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааны талаар холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-ТАМИРЧДЫНХАА ГАРГАСАН АМЖИЛТААР ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА. ТЭД МАШ ИХ СААД БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛЖ ЭНЭ АМЖИЛТАД ХҮРСЭН-
-3х3 тэмцээнд Монголын сагсчид амжилт гаргаж дэлхийн аварга боллоо. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Ер нь та өнгөрсөн хугацаанд Үндэсний сагсан бөмбөгийн холбоог тэргүүлэхдээ ямар менежмент хэрэгжүүлж ажиллав?
-Үнэхээр бахархалтай байна. Монгол хүн багийн спортоор амжилт гаргаж чадахгүй гэдэг ойлголт маш түгээмэл байсан. Энэ ойлголт арилж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулж, энэ спортыг хөгжүүлэхээр ажилласан шалтгаан нь аавтай минь холбоотой. Аав минь сагсан бөмбөгийн спортод бүхий л насаа зориулсан, анхны ууган мастеруудын нэг. Аавынхаа зүтгэж явсан спортыг хөгжүүлэхсэн, тодорхой төвшинд хөгжүүлж болдог юм шүү гэдгийг харуулах юмсан гэдэг зорилготойгоор энэ холбоог анх үүсгэн байгуулж байлаа.
Багийн спортыг хөгжүүлэхээр сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй хүн нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Тулгаа юм. Тулгаа минь маш идэвх, зүтгэлтэй ажиллаж байна. Бид хоёрын тавьсан гол зорилго бол Монголын сагсан бөмбөгийн спортыг олон улсын хэмжээнд хүргэх байсан. Тэгэхийн тулд энэ спортоор өндөр амжилт гаргасан орнуудын сагсчдыг Монголд урьж тоглуулан, туршлага судалсан. Ингээд тамирчдаа тэдний зиндаанд хүртэл нь сургах, бэлтгэх чиглэл рүү анхаарлаа хандуулж ажилласан. Ер нь ганц 3х3 биш 5х5 тэмцээнд ч манай тамирчид маш сайн амжилтыг үзүүлсэн. Жишээ нь 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон дэлхийн оюутан залуучуудын тэмцээнд манай 5х5 баг, тамирчид маань анх удаа шилдэг 16-т шалгарч үлдэж байсан. Дэлхийн 60 гаруй орны баг, тамирчид оролцсон тэр тэмцээнд ийм мундаг амжилттай оролцсон.
Тухайн үед маш их хүмүүс гайхаж, эргэлзэж байсан. Монголчууд шилдэг 16-т үлдчихлээ гэж үү, ийм өндөр амжилт үзүүлсэн гэж үү дээ гэж гадна, дотныхонгүй л гайхаж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл маш олон легонер тамирчдыг бид Монголд авчирсан. Тоолбол 140-150 тамирчинг гадны улсуудаас авчирж ажилласан байна. Үүний үр дүнд манай тамирчид маш их зүйл сурч, задгай тоглодог болсон. Өмнө нь гадаад тамирчид харахаараа биеэ бариад тоглолт нь гарч өгдөггүй байсан. Харин одоо манай тамирчид гадны тамирчидтай айж, эмээх, биеэ барих асуудалгүй өөрсдийн арга барилаараа тоглодог болсон. Тэр бүү хэл тэднээс илүү хурд, хүчийг гаргаж чадаж байна шүү дээ.
-БИ САГСАН БӨМБӨГИЙН СПОРТЫГ УЛС ТӨРД
ХЭЗЭЭ Ч АШИГЛАЖ БАЙГААГҮЙ-
-Сагсан бөмбөгийн холбоогоор ашиг олоод байдаггүй байх. Нэг үгээр хэлбэл, танд ашиггүй. Бас хоёр холбоотой, хэл ам ихтэй. Төрөөс сагсан бөмбөгийн спортод болон сагсчдад ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү. Эсвэл та 100 хувь санхүүжүүлээд явдаг уу?
-Миний хувьд бүх зүйлээр нь дэмжээд байж чаддаггүй. Гэхдээ анхнаас нь зүтгээд л явсан. Залуучуудад аль болох нэмэр тус болчих юмсан гэж явж ирсэн. Ний, нуугүй хэлэхэд шаардлагын төвшинд хүрсэн хэмжээний дэмжлэгийг үзүүлж чадахгүй байна. Ер нь маш их мөнгө, хөрөнгө санхүүгээр дэмжиж энэ спортыг хөгжүүлж байна гэж хүмүүс хардаг. Яг бодит амьдрал дээр манай залуучууд маш их бэрхшээлийг давж, туулж энэ амжилтад хүрч байна.
Багийн спортоор ганц л тэмцээн уралдаанд оролцоход маш олон сая төгрөгийн зардал гардаг. Гэтэл тэр бүгдийг залуучууд маань өөрсдөө хэмнэдэг. Зарим тохиолдолд тэмцээн болох орныхоо оюутны дотуур байранд байрлаад, бэлэн гоймон идээд л явдаг. Тэр бол манай залуучууд мөнгөө л хэмнэж буй нь юм. Тамирчид маань оролцох ёстой бүхий л тэмцээн уралдаанд оролцож оноогоо цуглуулж байна. Энэ бол тамирчдаас маш их тэсвэр тэвчээр гарч буйн жишээ. Манай сагсчид маш их саад бэрхшээлийг туулж энэ амжилтад хүрч байгаа гэдгийг дурдах ёстой.
Төрөөс үзүүлэх дэмжлэг үгүй. Тэр бүү хэл тамирчдын амжилтыг доош нь татсан цуу үг тараах, гүтгэн харлуулах үйл ажиллагааг хийдэг. Тэр бүрт бид тэвчээр заагаад спортоо хөгжүүлэхээр урагшаа харж ажиллаж байна. Намайг сагсан бөмбөгийн холбоог улс төрд ашиглаж байна гэж ярьдаг. Би энэ холбоог байгуулаад есөн жил болж байна. Байгуулснаасаа хойш улс төрийн зорилгоор нэг ч удаа ашиглаж үзээгүй. Сөрөг намаас янз бүрийн хэл ам, хэрүүл шуугиан тарьж байдаг. Би нэг ч удаа тухайн хэрүүлд хариулт өгч улс төрийн маргаан, хэрүүлийг хийж явсангүй. Харин сагсан бөмбөгийн спортыг улс төрөөс ангид байлгах юмсан, спорт гэдэг утгаар нь хөгжүүлэх юмсан гэсэн бодолтой байсан. Би өнөөдрийг хүртэл энэ байр, суурин дээрээ л ажиллаж байна. Тэр бүү хэл Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаач гэж хүсэлт, урилга удаа дараа ирсэн. Одоо ч энэ урилга хүчинтэй байгаа. Гэхдээ би өнөөдрийг хүртэл Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөрөө л ажиллаж байна.
Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр манай Ц.Цэвэрбал ажилладаг. Бид хоёрын хувьд ойлголцохгүй зүйл үгүй. Спорттой холбоотой бүх зүйл дээр бодлого, санал нэг. Сүүлийн хоёр, гурван жилд энэ хоёр холбоо яг л нэг холбоо шиг гар нийлж, баг болон ажиллаж байна. Үүний үр дүнд манай сагсчдын амжилт өөдрөг яваа. Харин зарим нэг үл бүтэх нөхдүүдийн явуулга, явуургүй үйл ажиллагаа манай сагсчдын амжилтыг хойш татах, гадаадын уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь хасуулах үйл ажиллагаа одоо ч явагдсаар байна. Гэхдээ бид энэ бүхнийг давж туулаад амжилт гаргаад явж байна гэдгийг онцолж хэлмээр байна.
-Хоёр холбоо нэгдэхэд яг ямар саад бэрхшээл тулгараад байгаа юм бэ. Угтаа бол нэгдээд ажиллахад болохгүй зүйл үгүй юм байна шүү дээ?
-Үйл ажиллагааны хувьд зорилго, зорилтын хувьд нэг холбоо шиг л ажиллаж байна. Яахав, улс төрийн жижиг, сажиг шалтгаан байгаа учраас нэгдэх тухай яарахгүй байна. Учир нь янз бүрийн гүтгэлэг дайралт яваад байгаа учраас одоохондоо яаран алхам хийх шаардлагагүй гэсэн бодолтой байна. Анх супер лигийн тэмцээн, сагсан бөмбөгийн бага олимпийг зохион байгуулах үеэс л бид нар руу дайрч, гүтгэж харлуулж байсан. Тэмээн жин явдгаараа явна, хотны ноход хуцдагаараа хуцаад үлддэг. Гол зорилгоо л барьж ажилласан.
-МАНАЙ ТАМИРЧДЫГ СПОРТЫН ТӨВ ОРДОНД
ТОГЛУУЛДАГГҮЙ-
-3х3 багийн тоглогч Д.Дэлгэрням дэлхийн үнэ цэнэтэй тоглогч болж чадлаа?
-Тэглээ. Хамгийн үнэ, цэнэтэй тоглогчоор шалгарч чадлаа. Жежүгийн гран прид гайхамшигтай амжилт гаргасан. Азиас хамгийн анх дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлсэн улс Монгол боллоо. Энэ амжилт агуу юм. Би сагсчдаараа үнэхээр бахархаж байна. Би энэ залуучуудын түүхээр кино, зохиол, ном бичигдээсэй гэж боддог юм. Үнэхээр эх орныхоо төлөө сэтгэлтэй, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах гэсэн залуучууд юм.
Манай залуучууд үнэхээр бахархмаар. Гэхдээ энэ бол амар, хялбар ирж буй амжилт биш. Манай тамирчид эх орондоо спортын төв ордонд тоглож чадахгүй байна. Спортын газрын дарга Д.Шаравжамц спортын ордонд орох бүх эрхийг нь хаасан.
Монголд болж буй сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож чадахгүй байна. Тэглээ гээд бид гомдоогүй. Үйлдвэрчний эвлэлийн заал бусад заал талбайг гуйгаад л явж байна. Гэхдээ бид зүгээр суусангүй. Дэлхийн хэмжээний тэмцээнийг бид Сүхбаатарын талбайдаа хийлээ. Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно гэж хэн ч зүүдлээгүй явж байсан. Гэтэл 16, 17 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд боллоо. Энэ бол маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг манай тамирчдын уйгагүй, шантардаггүй зориг хатуужил юм.
-Одоогийн амжилтыг ахиулах, залгамж халааг бий болгох, Монголд сагсан бөмбөгөө тоглоод амьдарч болдог нөхцөл байдлыг бий болгохын тулд та цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Үндэсний хэмжээний мэргэжлийн тамирчдыг бэлдэж бий болгох шаардлага бий. Манай тамирчид мэргэжлийн төвшнийх биш шүү дээ. Өөрсдөө бэлтгэл, сургуулилтаа зохицуулаад л явдаг. Бүх тамирчин ардаа амьдралтай, ажилтай. Мэргэжлийн тамирчны цалин, хангамж тэдэнд үгүй, бор зүрхээрээ явж байгаа. Манай Дэлгэрням, Дөлгөөн банканд ажилладаг. Яг сагсан бөмбөгөөрөө амьдралаа авч явдаг хүн байхгүй.
Ирээдүйд мэргэжлийн тамирчинг бэлтгэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлдэг болох ёстой гэж харж байгаа. Ингэж байж л илүү их амжилт гаргана. Гэтэл манай тамирчид цалин, хангамжгүй мөртлөө амжилт гаргаж байна.
Хэрвээ дэмжлэг үзүүлбэл одоогийнхоос илүү өндөр амжилтад хүрэх бүрэн боломжтой. Багийн спортыг төрөөс огт дэмжихгүй байгаа. Олимпийн хороо маш хайнга ханддаг. Багийн спортыг дэмжих цаг нь болсон шүү дээ. Ганц сагсанбөмбөг гэлтгүй манай хөл бөмбөгийн тамирчид, хоккейчид амжилт гаргаж л байна. Тэгэхээр Монголын төр багийн спортыг дэмжих цаг нь болсон.
-2020 оны олимпийг та хэрхэн төсөөлж байгаа вэ?
-2020 оны Токиогийн олимпд Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид оролцох эрхээ авч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хэмжээнд хүртэл хөдөлмөрлөсөн. Хэрвээ олимпд оролцвол олимпийн тэмцээнээс анх удаа багийн төрлөөр медаль авч магадгүй гэж харж байгаа. Тийм боломж бүрэн, дүүрэн бий.
-Таны Б.Тамир гээд гээд залуутай муудалцаж буй аудио бичлэг олон нийтэд тарсан. Тэр яг ямар үйл явдал болсон юм бэ?
-Би Б.Тамиртай ярих зүйлгүй. Тэр залуу ёс зүйн хувьд асар их алдаатай, хүнтэй ярьсан ярианаасаа буцаж байдаг хүн юм. Монголын сагсан бөмбөгийн спортоор маш их мөнгө олж, луйвар хийсэн. Сагсчдыг байнга дарамталж, зодож, эрх чөлөөнд нь халддаг. Яриад байвал их зүйл бий. Гэхдээ би ярьмааргүй байна. Намайг хэлсэн, хэлээгүй тэр хүнийг хэн бэ гэдгийг Монголын сагсчид мэднэ. Залуучууд тэр хүний бодит үнэнийг хэлэхээс их айдаг юм шиг байна лээ. Учир нь их бүдүүлэг, дээрэнгүй ханддаг.
Надтай нэг хоёр удаа утсаар ярьж байсан. Тамирчдыг маань айлгаж хуучин ганц худгийн хорих ангийн хашаанд аваачиж тоглуулж, дарамталсан. Түүнээс болж би Тамир руу утсаар ярьсан. Тэр үед би “Тамираа чи болохгүй шүү. Залуучуудыг айлгаж, ичээдэг хэн бэ. Чамаас айдаг хүн байхгүй шүү. Ийм зангаа боль. Залуучуудын эрүүл мэнд хохирсон байвал чамтай эцсээ хүртэл үзнэ шүү. Сагсчдыг дарамтлаад байж болно гэж бодож байвал эндүүрч байна шүү” гэж би хэлсэн. Өөрөөр ярьсан зүйлгүй.
Ярилцсанд баярлалаа.