С.Эрдэнэ: Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцэнэ
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг хууль зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй
АН-ын зүгээс МАН-д тавьсан зөвшилцөх санал хийгээд УИХ-ын ээлжит бус сонгууль хийх, Ард нийтийн санал асуулга явуулах, түүнд тавьсан Ерөнхийлөгчийн хоригт АН ямар байр суурьтай байгаа талаар тус намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.
-Ээлжит бус сонгууль явуулах талаар МАН бүлгийн түвшинд ярилцсан. Танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн боломж байхгүй. Ээлжит бус сонгуулийг явуулахын тулд УИХ-ыг тараах хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгтэй. Үндсэн хуульд Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөх, гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ыг тараах хоёр л үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Хэрвээ эрх баригчид УИХ-ыг тараана гэж ярьж байгаа бол үндэслэлээ зөв гаргаж тавих ёстой. ЖДҮХС-гаас гишүүд мөнгө завшсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэх мэт олон асуудлаас шалтгаалж УИХ үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон гэж эрх баригчид үзэж байгаа бол түүнийгээ ард түмэнд ил тод зарлаад хуулийн болон ёс зүйн хариуцлагаа хүлээгээд явах ёстой.
-Ард нийтийн санал асуул_га явуулахыг танай нам дэмжихгүй байгаа юу?
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахыг АН хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хууль зөрчсөн байдалтай явж ирсэн.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр танай нам МАН-тай байр сууриа нэгтгэсэн үү?
-Зөвшилцөл дөнгөж эхэлж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу гэдгийг эхэнд нь зөвшилцөнө. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар арга замаар хууль зөрчихгүйгээр баталж болох вэ гэдгийг хэлэлцэнэ. Хамгийн гол нь АН сөрөг хүчний байр сууринаас аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй талаас нь харах гэхээсээ илүү эрх баригчидтай үг хэлээ ололцож, төрийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө арга замуудыг хайж байгаа гэдгийг онцлон хэлье.