“Женко” Х.Баттулгын зөв
2012.03.27

“Женко” Х.Баттулгын зөв

-Эрх баригчид “женко” Х.Баттулгаас айж байна-

"Женко" Х.Баттулгаас хэн ингэтлээ их айна вэ. Улстөрч "улаан" Ц.Нямдорж хэнийг тэгтлээ их хамгаална вэ. Ардчилсан намын лидер, МоАХ фракцийн тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын "хөлсөлдөг" хаус биш, үндэсний эрх ашиг, Тавантолгой, бас улстөрчдийн булхай, луйврыг дэлгэсэн. Харин Ц.Нямдорж түүний эсрэг 20 хуудас нууц гэрээ гэгчээр "зэвсэглэж", ховч эрчүүдийн армийг хөдөлгөв. УИХ-ын гишүүн Х.Баттулга
"Ардчилсан нам сонгуульд ялбал олон хүн дээлээ нөмөрнө дөө. Одоо бараг 10-аад Засаг даргыг Авилгатай тэмцэх газарт шалгаж байна. Ардын намынхан сонгуульд ялахгүй бол хамаг булхай нь илэрчих гээд, олон хүн дээлээ нөмөрчих гээд байгаа юм" хэмээн мэдэгдсэний төлөө сайд Ц.Нямдорж галыг өөртөө татаж, эрх баригч хүчний нэр, нөлөөгөөр төрийн өндөр албанд шургалсан нөхөд сандарч байна гэж жигтэйхэн. Сайд ийн сүржигнэж, яамны хурган дарга нар экс сайдынхаа эсрэг хөдөлж байгааг харахад "идээ бээр" энд л бугласан байж. "Женко" Х.Баттулга байгаа зөв онилжээ. Улстөрч Х.Баттулга “Тавантолгойн ирээдүй тун бүрхэг шүү" хэмээн мэдэгдсэн. Хамтарсан Засгийн газрын үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсны хувьд ийм мэдэгдэл хийх эрх түүнд бий. "Тавантолгой төсөл гацаанд орсны учир юу вэ" хэмээх асуултад "Энэ бол ёстой бүтэхгүй асуудал. Тавантолгойн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалж, 2,7 сая хүнд ашгийг  нь хүртээнэ   гэдэг  худлаа хэмээн ард түмэнд худал биш, үнэнийг хэлэх үүрэг түүнийх. Тиймээс тэрбээр Тавантолгойн тухай таван үнэнийг дэлгэсэн юм. Түүнээс биш "Ц.Нямдорж гэдэг улстөрчийн ирээдүй тун бүрхэг байна. Эрхэм сайд улс төрийн тэтгэвэрт гарах цаг нь болжээ" гэж хэлсэнгүй. Сайд Ц.Нямдоржийн зүгээс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг хэлж байсан иймэрхүү утгатай үгийг давтсангүй.

 

Харин "Хэдхэн хүний эрх ашгийн төлөө 2.7 сая хүний эрх ашиг золиослогдож байна" хэмээн хэлснийх нь төлөө Ардын намын амбицтай сайд өөрийг нь ярьсан мэт уурлав. Зарим нөхөд "Энэ Х.Баттулга миний тухай ярьчихав уу даа" гэж цочирдов. Х.Баттулга Ардчилсан нам дахь МоАХ фракцийн тэргүүний хувьд, зарим улстөрчийн булхай, луйврын талаарх баримтыг Авилгатай тэмцэх газрынханд албан ёсоор гардуулсан. Гэвч дараа нь чухам юу болсон гээч. Түүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад харцаар нь хөдөлж байсан нөхдийг Ц.Нямдорж тэргүүтэн Төрийн ордонд албадан авчраад түмэн зүйлийн хов яриулж байх юм гэнэ. Цаадуул нь ч гэж таарсан амьтад."Х.Баттулга 20 хуудас нууц гэрээ байгуулсан нь үнэн үү" гэх сэтгүүлчийн асуултад зарим нь "Тийм гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй" хэмээн сандрав. Х.Баттулгын булхайг худал, үнэн хамаагүй дэлгэх даалгавар авсан тэд лав Ц.Нямдорж сайдад загнуулсан даа. Харин Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ч дутахгүй тагнуулч гэдгээ энэ үеэр харуулсан. Экс сайдынхаа но-г дэлгэхээр ирсэн нөхөд мөнөөх нууц гэрээний зургийг дарахаар очсон гэрэл зурагчдыг "Цаанаасаа аваач. Хол бай, яах гээд байгаа юм" хэмээн уурласан бол Х.Баттулгын "баруун гар" байсан Т.Пүрэвдорж "Энэ гэрээг харуулъя. Сайд асан Х.Баттулгын гарын үсэг энэ байна.

 

Дуран авайтай хүмүүс ээ, сайтар татаад харцгаа" гэж мужик загнав. Ц.Нямдорж сайдынхаа араас нэрээ бичүүлэхүйц шударга эр юм гээч. Учир нь Х.Баттулга сайдаар ажиллаж байх үедээ Ардын нам, Ардчилсан намын төлөөлөл болсон хоёр дэд сайдтай байсан. Тэдний нэг нь Т.Пүрэвдорж юм.

 

"Женко" Х.Баттулга "Зарим хүнийг Авилгатай тэмцэх газарт шалгуулна. Тэднийг сайтар шалгахыг шаардана. Хэрэв хэн нэгэн нь "Намайг гүтгэчихлээ" гэх юм бол би ялаа эдлэхэд бэлэн байна" гэмэгц Хууль зүй, дотоод хэргийн сайд түүнд улс төрийн ял тулгах болов. "Х.Баттулгын тухай ярих зүйл их бий. Даанч хамтарсан Засгийн газрын гишүүдийн эв нэгдлийг бодоод энэ тухай ам нээгээгүй. Ардчилсан намынхан С.Батболдын танхимыг орхисны дараа "Араас нь чулуу шидээд яах вэ" гэж бодоод л дуугүй байсан юм" хэмээн Ц.Нямдорж сайд мэдэгдсэн. Мөн их хүн чанар аа! Эрх баригч хүчний улаан коммунист лидер эсрэг талынхаа нөлөө бүхий кадрын эсрэг өдий болтол ам нээгээгүй байна гэдэг мөд "хайлахгүй" хүний мөс. Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа эрхэм сайд МоАХ фракцийн тэргүүний талаар үсээ цайтал ганц ч үг хэлээгүй нь тэсвэр, тэвчээрийн дээд хязгаар. Харин "Тавантолгойн гэрээг байгуулах ажил Х.Баттулгаас болж саатсан. Энэ хүн л гадаадынхантай нууц гэрээ хийж, Монгол Улсын хуулийг зөрчсөн. Геополитикийн хувьд, ноцтой аюул занал учрууллаа" хэмээн сүржигнэж байгаа зарим улстөрч тэр үед юу хийж байсан юм бэ. Хамтарсан Засгийн газрын сайд нарын ажлыг хянах ёстой байсан тэд "Энэ тухай би юу ч мэдэхгүй" хэмээн мэлзэж, Х.Баттулгад бурууг тохож байгааг юу гэж ойлгох вэ. Ямартай ч "Женко" Х.Баттулга хамтарсан Засгийн газрын хаалттай хаалганы цаана байсан нууцыг дэлгэж, Ардчилсан намын лидерийн хувьд Ардын намынхны эсрэг хөдлөх нь зөв. Энэ чинь УИХ-ын сонгуулиас урьтаж дэлгэсэн нэг л "хөзөр" нь шүү дээ. Харин түүний ширээн дээр өөр ямар том "хөзөр" байгаа бол. Энэ биш, тэр "хөзөр"-ийг дэлгэхээс эрх баригчид маш их айж байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм

С.Баттулга

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.