Монголын төр хатан ухаанаар ангаж байна
Улсынхаа газар доорхи баялгийг гадаадынханд найр тавин өгч, өөрсдөө түүнээсээ ашиг олох гэсэн бүлэглэл Монголын төрд үүсч. Энэ бүхэнд эрчүүд бодол ухаанаа гашилгаж суух болсон. Тэдний ийн найруулж тавьсан жүжигт эмэгтэйчүүд хутгалдаад ч байдаггүй. Эмэгтэйчүүд Оюу толгой, Таван толгойн орд газрын баялаг бус Монголын ирээдүй болсон үр хүүхэд, аяга цайны сүүгээ худалдаж авч хүчрэхгүй байгаа хөгшдийн төлөө санаа зовнин сууна. Өнөөгийн Монголын төр халамж нэрээр жилдээ 400 тэрбум төгрөг тарааж үүнийгээ хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, хөгшдийн сэтгэлийг амрааж байгаа мэтээр тайлбарладаг. Гэвч бодит амьдралд энэ бүхэн эсрэгээрээ байгааг Монгол Ардчилсан холбооны "Эмэгтэйчүүд" II чуулганаараа онцолж байлаа. Үнэхээр Монголын төрд хатан ухаан дутаж байна. Сүүлийн 22 жил хаан ухаан Монголыг удирдаж. Айл гэр хоёр багана дээр тогтдог бол Монгол төр энэ хугацаанд ганцхан багана дээр ганхаж явсан учраас өнөөдөр 2.7 сая орчим хүн амын бараг тал хувь нь ядуу амьдарч байна гэж эмэгтэйчүүд тодорхойлов. Үүнтэй маргах нэгэн гарахгүй л болов уу. Сүүлийн 3-4 жил УИХ-аар зөвхөн Таван толгой, Оюу толгойн асуудлаар цэц булаалцсан түшээд улс орныхоо нийгмийн асуудалд хэр анхаарсан бол.
Ажил хийгээд хэрэггүй дээ бэлэн мөнгө тараачихна, амлалтаа хэрэгжүүлээд бид эрдэнийн хувь өгч иргэдээ өмчтэй болгочихно гэсэн үгээр иргэдийн амыг нь таглана. Одоо хүмүүс ийм зүйлийг хүсэхээ нэгэнт больж. Сонгуулиас сонгуулийн хооронд түшээдийн мөнгөн амлалтад хууртаж суухыг тэд хүсэхгүй байна. Энэ бүхнийг эмэгтэйчүүд эсэргүүцэж дуу хоолойгоо төрд хүргэхийг зорилоо. Магадгүй бүсгүйчүүд өнөөдөр зааланд үгээ хэлж байгаа ч цаашдаа тэдний дуу хоолой шийдвэр гаргах төвшинд хүч түрэн орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. МоАХ-ны "Эмэгтэйчүүд" энэ л өдрүүдэд Төрийн ордонд чуулж байна. Тэдний хүсэл, зорилго нэг. Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж байхад өлгийтэй байсан хүүхэд өнөөдөр өөрийн дуу хоолойгоо төрд хүргэхийг хүсч энэ чуулга уулзалтад иржээ. Идэр залуу насандаа туг лоозон барьж жагсч явсан бүсгүйн санчиганд буурал суусан ч тэр үеийнх нь хүсэл эрмэлзэл нь хэвээрээ.
Хэдхэн сарын дараа болох УИХ, Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх. Өдгөө төр түшилцэж буй гурван эмэгтэй гишүүний тоог цаашид нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд зөвхөн сонгуулийн ухуулагч биш нэр дэвшигч байх зорилтыг тэд дэвшүүлж байлаа. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад нэр дэвшигчдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Энэ заалтаар төр түшилцэх эмэгтэйчүүдийн тоо 3-4 дахин нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн жил батлагдсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуульд төрийн доод болон дунд албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, харин удирдах албан тушаалд ажиллах тоог цөөн байхаар тусгасан. Хэдийгээр төр тэднийг ялгаварлаж байгаа хэдий ч тэд төрөө хэзээ ялгаварлахгүй. Монголын маргааш гэгээтэй байна гэдэгт эмэгтэйчүүд итгэлтэй байна.
И.Алтангэрэл: МоАХ-ны байгуулсан ардчиллыг олон салбар хүчин булааж авлаа
-Та аль аймгийн эмэгтэйчүүдийг төлөөлж өнөөдрийн чуулганд оролцож байна вэ?
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл болж чуулганд оролцлоо. Ардчиллыг дэмждэг эмэгтэйчүүдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Монголын ардчилал өнөөдөр ард түмэнд орон сууц, унаа, мал, чөлөөтэй сурч хөдөлмөрлөх, дэлхийн тавцанд үгээ хэлэх эрх чөлөө өгсөн болохоор бахархаж явдаг. Партизан гэдгээрээ ч бахархах эрхтэй.
-Сурган хүмүүжүүлэгч болохоор танд нэлээд бэрхшээл тулгарсан байх?
-Тэгэлгүй яахав. 50 мянган шавьтай хүн гэдэг тэр хэмжээгээр хүмүүст нөлөөлнө гэж бодно шүү дээ. Хүмүүс ойлгохгүй, дэмжихгүй, өмнөх засаглалын удирдлагуудтай санал зөрчилдөөд л. Ер нь, партизануудаас маш их хүсэл, зориг, авхаалж, ухаан шаардаж байж ардчилал хөл дээрээ зогссон шүү. Гэхдээ харамсч яваа нэг зүйл бий. МоАХ-ны байгуулсан ардчиллыг олон салбар, хүчин янз бүрийн нэр томъёог нь булааж авлаа. Үүнээс болоод хүмүүс ялангуяа мэдээллээс хол байдаг хөдөө, орон нутгийн иргэд төөрөлдөж байна.
С.Даариймаа: Эмэгтэйчүүд хүссэн үедээ хурал цуглаан хийж, үг хэлэх эрхгүй
/Хэнтий Өндөр сум/
-Танай орон эмэгтэйчүүдийн тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Ажилгүйдэл л байна даа. Эгч нь найман хүүхэдтэй. Эх хүн бүр үр хүүхдээ эрдэм боловсролтой, ажил төрөлтэй байгаасай гэж хүсч явдаг. Ийм ч үүднээс хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хүүхдийн сайн сайхны төлөө их зүйлийг хийх болов уу хэмээн МоАХ-г анхнаас нь дэмжиж ирсэн дээ.
-Хэзээнээс эхэлж МоАХ-тай амьдралаа холбосон бэ?
-Би МоАХ-ны анхдагч эмэгтэй. Анх нууц бүлгэм байгуулаад удаагүй байтал манай хүүхдийг ажлаас нь халчихсан. Одоо ч гэсэн ардчилалтай холбоотой хүн бүхнийг ажлаас нь халдаг, хавчдаг зүйл арилахгүй л байна. МоАХ анх ямар хүчтэй гарч ирсэн билээ. Даанч тэр байдал нэг хэсэг зогсонги болсон. Харин одоо цагаан морин жилийн хувьсгалыг санагдуулах хэмжээнд хүртэл үйл ажиллагааг нь сэргээж байгаад баярламаар байна.
-Хэнтий аймгийн МоАХ-ны эмэгтэйчүүдийн холбоо хэчнээн гишүүнтэй вэ. Тогтмол үйл ажиллагаа явуулж чаддаг уу?
-Манай холбоо өдрөөс өдөрт өргөжин тэлсээр 3000 гишүүнтэй болж байгаа. Харамсалтай нь, бид тогтмол үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо илэрхийлэх боломж тэр бүр олдохгүй. Засаг дарга МАН-ынх учир бүх зүйл хаалттай болчих юм. Эмэгтэйчүүд бид хүссэн үедээ хурал цуглаан хийж үг хэлэх эрхгүй гэх үү дээ.
Г.Оюунгэрэл: УИХ болон орон нутагт олон эмэгтэй нэр дэвшигч гарч ирээсэй
/Хөвсгөл аймаг/
-Ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхлүүлж өлсгөлөн зарлаж явсан партизан эмэгтэй гэдгээрээ бахархдаг хэмээн чуулганд оролцож буй олон эмэгтэй ам бардам хэлж байна. Таны хувьд ч ингэж хэлэх эрхтэй хүн шүү дээ?
-Баярлалаа. Би МоАХ-ны ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байх үедээ дөнгөж 29 настай, инженерээр ажиллаж байлаа. Улаанбаатарт болж буй жагсаал цуглааныг анхааралтай ажиглаж хөвсгөлчүүд их сайн хүлээж авсан. Гуравдугаар сарын 8-ны дараа Улс төрийн товчоо огцорсон ч өнгөц төдий л зүйл байсан. Яагаад гэвэл шударга бус зүйл газар авч эхэлсэн. Тийм учраас Хөвсгөлд олон өдөр үргэлжилсэн өлсгөлөнг Монгол орон даяар харж байсан. Тиймээс бид өөрсдийгөө түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
-МоАХ-ныанхдагчэмэгтэйчүүдийн төлөөлөл болсон хүний хувьд 22 жилийндараах нийгмийг ямар байхаар төсөөлж байв?
-1990 онд хүний эрх чөлөө, ардчилал шударга ёсны төлөө мянга, мянган эмэгтэй хувьсгал хийсэн. 22 жилийн дараа эргээд харахад хүний эрх чөлөө бүрэн хангагдаж байна уу гэвэл үгүй. Өнөөдрийн чуулганаар эмэгтэйчүүд нийгэмд шударга ёс алдагдлаа, хүний эрх зөрчигдөж байна, шүүх тэгш эрхтэйгээр үйлчлэхгүй байгааг эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байна. Нийгэмд шударга ёс тогтоохгүй байгаагаас бидний тэмцэж авсан ардчилал эрх чөлөө утга учраа алдлаа. МоАХ их хурлаараа сонгуулийн хувьсгал хийе гэж уриалсныг дэмжиж байгаа.
-УИХ-ын сонгуульд нэрдэвших эмэгтэйчүүдийнквотыг 20 хувиар тогтоосон. Үүнд ямар бодолтой байна?
-Ер нь, чамлалттай байгаа шүү. Намуудын дарга нарт илүү эрх мэдэл өгчихсён шүү дээ. Эмэгтэйчүүдийн квотыг хаанаас нь эхэлж, яаж эрэмбэлэх юм. Эсвэл хамгийн сүүлд нь 20 хувийн квотоо жагсаах юм уу гэдэг нь бүрхэг байгаа. Аль болох эмэгтэйчүүдийг түлхүү нэр дэвшүүлээсэй гэж хүсч байгаа. Тэгэхгүй бол нэр дэвших эрх ч байхгүй, дэмжих хүн ч олдохгүй. УИХ болон орон нутагт олон эмэгтэй нэр дэвшигч гарч ирээсэй гэж боддог.
Б.Айкумыс: Манай аймгаас 48 хүн оролцохоор уригдсаны ихэнх нь залуус шүү
-Чуулганд оролцогчдын ихэнх нь ардчилсан хувьсгалд өнөөг хүртэл бие сэтгэлээ зориулж яваа хүмүүс байна. Харин өөрийн чинь хувьд залуу үеийн төлөөлөл болох байх?
-МоАХ-ны үйл ажиллагааг дэмжээд нэг жил болж байна. Залуу хүмүүс нэг их улс төржөөд байдаггүй. Тэгээд ч би боловсролын салбарт ажилладаг хүн. Харин эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, үзэл бодлоо илэрхийлэх юмсан гэж хүсч явдаг байлаа. Манай аймгаас гэхэд 48 эмэгтэй чуулганд оролцохоор уригдсаны ихэнх нь залуус шүү.
-Баян-Өлгий аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хувьд тулгамдаж буй олон асуудал байгаа нь таны илтгэлээс шуудхан л мэдэгдэж байлаа?
-Тийм ээ. Залуу гэр бүлийн хувьд ажилгүйдэл, ядуурал, орон сууцны тал дээр хүндрэл их байна. Боловсролын тал дээр төрөөс тусгайлсан бодлого хэрэгтэй гэдгийг олон жил ярьж байгаа ч үр дүн алга. Бодитой судалгаа хийж дорвитой арга хэмжээ авмаар юм. Эх, нялхсын эндэгдэл улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл өндөр хэмжээнд байсаар байна. Манай аймгийн хувьд эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдал маш их зөрчигддөг, шийдвэр гаргах төвшинд оролцоо бага байдаг.
Монголын Ардчилсан холбооны “Эмэгтэйчүүд” хөдөлгөөн II чуулган
"Эмэгтэйчүүд шударга ёс, хариуцлагын төлөө" уриан дор нэгдэн нягтарч хуран чуулж байгаа Монголын Ардчилсан Холбооны (МоАХ) эмэгтэй гишүүд БИД,
1. Монголын Ардчилсан Холбоодын тэмцэж олсон ардчилал, эрх чөлөө, шударга ёс өнөөдөр ямар түвшинд хүрсэн талаар МоАХ-ны Ерөнхий чуулганаас гаргасан мэдэгдэл болон МоАХ-ны ээлжит IV дүгээр Их хурлаас гаргасан уриалгыг дэмжиж;
2. Хүн төвтэй, хүйсийн ялгаваргүй, шударга, хариуцлагатай нийгмийг цогцлоон байгуулахад эрэгтэй, эмэгтэйчүүд эрх тэгш хамтран оролцож хамтын хариуцлага хүлээх зарчмыг буй болгож, эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, туршлагыг улс орны цаашдын хөгжилд зориулах, эмэгтэйчүүдийн санаачилга оролцоог нэмэгдүүлж
3. Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж нийгэмд бодит өөрчлөлт хийх боломжтойг хүлээн зөвшөөрч
Дараах үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг энэхүү чуулганы шийдвэр болгож, цаашид хэрэгжүүлэн ажиллахаа т тунхаглан зарлаж байна.
Үүнд:
1. Бид бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх сонгуулийн луйваруудыг таслан зогсоох, 2012 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр олон нийттэй хамтран ажиллаж бодитой үр дүнд хүргэх үүрэг хүлээж байна.
2. Бид ард иргэдийн бүтээлч оролцоо, санаачилгыг шударга, ил тод, хариуцлагатай засаглалын төлөө хандуулж эрх зүйт төрөөр улс орныг удирдуулахад чиглэсэн үйл ажиллагааг Монгол Улсын өнцөг бүрт дэмжиж ажиллана.
3. Монгол Үндэстний халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолыг хамгаалж, монгол хүн бүр эх орныхоо эзэн нь байж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, нийгмийн шат бүхэнд шударга ёсыг тогтоож, бүрэн бүтэн эх оронтой, бат бэх гэр бүлтэй, эрүүл монгол иргэнтэй байх түүхэн үйлсэд Монголын Ардчилсан холбооны эмэгтэйчүүд хошуучлан ажиллана.
Монголын ардчилсан холбооны "Эмэгтэйчүүд" хөдөлгөөний II чуулганы төлөөлөгчид
Монгол Улс, Улаанбаатар хот. Төрийн Ордон. 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдөр