Нутагтаа “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох үндэсний багууд тодорлоо
2019.04.26

Нутагтаа “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох үндэсний багууд тодорлоо

Монголын инженер, технологийн салбарын ирээдүйн боловсон хүчин, дараа үеийн “давалгаа” болсон оюутан залуус өчигдөр өөрсдийн бүтээлч сэтгэлгээ, оновчтой шийдлээр бүтээсэн роботуудаараа тулалдлаа. Нийт 16 баг өрсөлдсөн “Робокон-2019” тэмцээнд гар удирдлагатай, дөрвөн хөлтэй автомат 32 робот давхардсан тоогоор 32 тулаан хийж, олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх хоёр багаа тодруулсан юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг Үндэсний роботын 18 дахь удаагийн тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд болсон. Инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хөдөлмөрч бүтээлч сэтгэхүйд уриалан дуудах, оюунлаг шинийг эрэлхийлэгч байх хүсэл эрмэлзлийг төрүүлэх зорилготой тус тэмцээнд автоматжуулалт, техник технологи, инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус мэдлэг чадвар, сэтгэлгээгээрээ өрсөлддөг билээ.

“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн үндэсний ялагч, олон улсын “ABU Робокон” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Мабучи моторс авард” тусгай шагнал хүртсэн  ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, Технологийн дээд сургууль болон Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн “TDS робот”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Монгол робот”, ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн “Noma tech”, “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн “Соёмбо-1”, “Соёмбо-2” баг, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High tech”, Монгол коосэн технологийн коллежийн “Моко”, “ХААИС”-ийн Инженер технологийн сургуулийн “MULS-1”, “MULS-2”, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Basaltwool”, “Menchtron” зэрэг 16 баг өрсөлдсөн.

МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэл “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монголын инженер технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, оюун ухааныг дээдэлдэг ард түмний хувьд 2019 он маш онцлогтой цаг хугацаа болж байна. МҮОНРТ өмнө нь 17 жилийн турш “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ялагчдаа олон улсын тэмцээнд оролцуулж ирсэн. Үүний үр дүнд “ABU Робокон” олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан гэж ойлгож байгаа. Өдгөө 18 дахь жилдээ үндэсний ялагчаа тодруулах гэж байна. Энэ жил зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу хоёр баг олон улсын тэмцээнд оролцоно. “ABU Робокон” олон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт, инженер технологийн мэргэжилтэн бэлддэг сургууль, коллеж, энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүд, оюутан залууст маш том хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар энэ арга хэмжээнд ач холбогдол өгч, бодлогын чиглэлээр дэмжиж ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Ирэх наймдугаар сард “ABU Робокон” олон улсын роботын аварга шалгаруулах тэмцээнд 20 орны баг тамирчин, 400 гаруй зочин оролцоно. Түүнчлэн маш олон тооны гадны үзэгч, жуулчин өөрийн орны багаа дэмжихээр ирэх болно. Тиймээс “ABU Робокон” олон улсын тэмцээнд маш тооны зочин ирнэ хэмээн төлөвлөж бэлтгэл ажлаа базааж байгаа” гэлээ.

Дараагаар нь УИХ-ын гишүүн А.Ундраа ““Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчид, багш дасгалжуулагчид, энэ тэмцээнийг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй МҮОНРТ-ийн хамт олонд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. “ABU Робокон” олон улсын тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан МҮОНРТ-ийн хамт олонд баяр хүргэж, талархал дэвшүүлье. Монгол Улсад төрийн бодлогоор дэмжиж буй цаашид ч дэмжих шаардлагатай шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн сургалтын чанарын үзүүлэлтийг энэ тэмцээний үр дүн илэрхийлж чадна гэдэгт итгэлтэй байна. БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг, Вьетнам зэрэг улс оронд зохион байгуулагдаж байсан олон улсын роботын тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж буй энэ хариуцлагатай цаг мөчид, үндэсний ялагч, дэд ялагч багаа тодруулан олон улсад Монголынхоо нэрийг гаргахыг хүсэн ерөөе. Авьяаслаг инженер болж, технологийн чиглэлээр өөрийн компаниа байгуулах, энтерпренерүүд энэ танхимд байгаа нь дамжиггүй” хэмээлээ.

 “Робокон-2019” тэмцээнийг үзэж буй Японы NHK телевизийн продюсер Ёшида Такүши “Монгол Улсын үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээний өрсөлдөөн бодсоноос маш өндөр түвшинд өрнөж байна. Монголын төлөөлөл олон улсын роботын тэмцээний дүрмийг зохиохдоо дөрвөн хөлтэй робот өрсөлдүүлэх маш их хүсэлтэй байсан. Энэ дүрэм “ABU Робокон” тэмцээнийг маш сонирхолтой өрсөлдөөнтэй болгож байгаа нь өнөөдрийн тоглолтоос харагдлаа. Оролцогч багууд дөрвөн хөлтэй бүрэн автомат роботоор даалгавар биелүүлж байгаа. Эдгээр роботууд робот гэхээсээ илүү амьтан шиг хөдөлж, харагдаж байна. Монголын оюутан залуусын бүтээсэн энэ роботууд үнэхээрийн гайхшруулж чадлаа” гэсэн юм.

“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, нэгдсэн дүн гарахад хагас шигшээд “Цахим алт”, “High tech”, “MULS-2”, “Эрчим”, “Basaltwool”, “Ган робот”, “New robo”, “TDS робот” баг шалгарлаа.

Үүнээс Аваргын болон хүрлийн төлөөх тоглолтууд өндөрлөсний ард “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг санаа” шагналыг ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот”, “Шилдэг инженерчлэл” шагналыг ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “Шилдэг дизайн” шагналыг Төмөр замын дээд сургуулийн “Railbot”, “Шилдэг хөгжөөн дэмжигчдийн шагналыг “Шинэ Монгол” технологийн коллежийн “New robo”баг хүртэв.

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ган робот” багийг шөвөгт ялсан ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Basaltwool” баг гуравдугаар байрт шалгарлаа. Түүнчлэн ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High tech”баг аман хүзүүдэж, “Цахим алт” баг үндэсний аваргаар шалгарав. Мөн дээрх хоёр баг ирэх наймдугаар сард Монголд Улсад зохиогдох “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнд оролцох эрхээ авлаа.