2019.02.22

Хотын даргыг сонгох НИТХ-ын ээлжит бус хурал энэ сарын 26-д болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүрэгт явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн мэдээллийг сонсов. 2016 оноос эхлэлтэй, өдгөө хуулийн байгууллагаас маргааныг нь эцэслэн шийдсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг ирэх сард зохион байгуулах нь. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын 09, 19 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болжээ. Тэргүүлэгчдийн зүгээс дахин сонгууль явуулахтай холбоотойгоор холбогдох газруудад хурлын тэмдэглэлээр үүрэг өгч ажиллахыг чиглэл болголоо.  

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд өмнөх хуралдаанаас өгсөн үүргийн дагуу хоёр асуудал танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслийн нэгжийн удирдах хорооны ирцийн талаарх мэдээллийг танилцуулгаар бэлтгэн ирсэн байв. Тэргүүлэгчдийн зүгээс төслүүдийн удирдах хорооны ирц, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, удирдах хорооны зарим гишүүдийг өөрчлөн томилох асуудлыг Тэргүүлэгчдийн дараагийн хуралдаанаар сонсож, хэлэлцэхээр хойшлуулав.