Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар салбарын сайд уулзалт хийлээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээллийг сонслоо. Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн.
Хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх юм.
2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.
Сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг салбарын сайд үүрэг болголоо. Мөн газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг санууллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Төсөл хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг шинээр барих асуудлууд тодорхой шалтгаануудын улмаас саатсан. Тухайлбал газрын асуудал шийдэгдээгүй, тендерийн хугацаа хойшилсон, маргаан үүссэн гэх зэрэг зохион байгуулалтын олон асуудлаас үүдэн ажил хоцорч, зарим сургууль цэцэрлэгийн төсөв татагдсан. Тиймээс 2019 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эртнээс тал талын оролцоотой зохион байгуулах үүднээс өнгөрсөн 7 хоногт Боловсролын сайдын тушаал гарсан. Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Боловсролын яам, нийслэл нэгдэн цаашид ажлыг хэрхэн хурдацтай зохион байгуулах, нийслэлд баригдах сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар өнөөдрийн уулзалтаар санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд зарим хариуцлагагүй үйлдлээс болж олон газрыг хувийн хэвшлүүд концесс нэрээр авсан. Гэвч барилга баригдаагүй гацсан тохиолдол байна. Ийм асуудалтай эвлэрч болохгүй. Ойрын хугацаанд энэ асуудалтай холбогдох шийдвэр гаргана” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.