С.Эрдэнэ:АН-ын дарга хэн байхыг намын удирдах байгууллага хэлэлцэнэ
-АН-ын дэргэдэх МоАХ улс төрийн нам болох гэж байгаа. Тус холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга ийм алхам хийх гэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэхээр ийм үйл явц АН-д өрнөжбайгаа юм уу?
-МоАХ Монголд ардчиллын анхны салхийг хагалж, түүчээ нь болж гарч ирсэн. Өнөөдрийн зах зээлийн харилцаа, хүний эрх, шударга ёс, ардчилсан нийгмийг байгуулах тулгын чулууг тулж, галыг асаасан байгууллага. Холбоо маань дотроо олон намын төлөөллийг ч, нам бусчуудыг ч агуулж байдаг үндэсний хэмжээний том хөдөлгөөн. Нам дотор хэн ямар зорилгоор фракц байгуулж, үзэл бодлоо илэрхийлнэ вэ, тэр чөлөөтэй. Манай намын нэг гол зарчим бол фракц байгуулснаа ил тод зарладаг. Тэгээд бодлогоо уралдуулдаг. Олонхын дэмжлэг авсан нь тэргүүлэх фракц болж явдаг. Тогтсон жишиг ч ийм. Ардын нам шиг бүлэг, фракцууд нь нуугдмал, хувь хүнээр нэрлэгддэг үзэгдэл манай намд байхгүй. У.Хүрэлсүхийн фракц, М.Энхболд тэргүүтэй хотынхон, С.Баярын фракц, С.Батболдын бүлэг гэж нэрлэгддэг бол манай намд албан ёсоор зарлаад үйл ажиллагаагаа нээлттэй явуулж, үзэл боддоо илэрхийлдэг. Зарчмын ялгаа нь энэ.
Хүмүүсийн яриад байдагчлан Ардын нам нэг их цул болчихсон, АН задарч, хагарахад хүрсэн юм биш. Хэдийгээр үзэл бодол нэг ч гэсэн, тэрхүү зорилгоо хангахын тулд, тухайлбал тактикийн хувьд хүн болгонд янз бүрийн үзэл бодол байгаа шүү дээ. Түүгээрээ нэгдсэн бүлэг, фракц аль ч намд байдаг хэвийн үзэгдэл. Өнөөдөр МоАХ -ноос явуулж буй үйл ажиллагааг ямар нэгэн нам байгуулах гээд юм уу, эсвэл хэн нэгэн хүн намын дарга болох гэж байна гэсэн байдлаар тодорхойлж болохгүй. АН-ын гишүүн хэн ч бай намаа өөдтэй, өнгөтэй явуулах гэж, нам маань Монгол оронд тэргүүлэх улс төрийн хүчин байгаасай гэсэн үзэл, бодлоор хандах нь ойлгомжтой. Ийм бодлого, зорилготойгоор хамтран ажиллаж байгаа гэж харж байна.
-Монголчууд "Гарман дээр морио сольдоггүй" гэдэг ч АН сонгуулийн өмнө даргаа солино гэж улс төрийн хүрээнийхэн ярьж, бичижбайгаа шүүдээ?
-Ер нь шаардлагатай бол намын удирдлагад өөрчлөлт, шинэчлэл хийх нь нээлттэй шүү дээ. Сонгууль болох гэж байна уу, үгүй юу гэдэг хамаагүй. Улс төрийн нам эргэх дөрвөн цагт байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Түүнээс биш сонгуулийн жил эхэлчихээр, эсвэл сонгууль өнгөрчихөөр үйл ажиллагаагаа зогсоочихдог гэсэн ойлголт байхгүй.
-АН таван хүний амийгтаван сайдын суудлаар наймаалцаж хамтарсан засагт орсон гэсэн муухай нэр зүүсэн. "Муу нэрийг хусавч арилахгүй" гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм байдал руу намаа авч орсон даргатайгаар сонгуульд орвол АН хасах оноо цуглуулах юм биш үү?
-Өнөөдөр үүнийг хэн ч тодорхойлж чадахгүй. Урьдчилж таамаглах боломжгүй. Сонгууль хараахан зарлагдаагүй байна. Сонгуулийн жил дөнгөж эхэлж байна. цаашид нам ямар даргатай, ямар бүтэц зохион байгуулалтай сонгуульд орох вэ гэдгийг АН-ын удирдах дээд байгууллага авч үзэх байх. Шийдвэр гарсны дараа асуудал тодорхой болох байх.
-АН-ын ҮЗХ-ны сүүлчийн хурлыг санаж байна. Танхимын уур амьсгал Н.Алтанхуягийн эсрэг байсан ч шийдвэр түүний талд гарсан. Тэгэхээр АН-ын гишүүдийн олонх нь таван хүний амийг таван сайдын суудлаар наймаалцсан нь зөв гэж үздэг юм биш үү?
-Ерөнхийдөө шүүмжлэл байсан. Шүүмжлэл хаана ч байдаг, байх ч ёстой. АН анхнаасаа МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан нь туйлын буруу. Хамтарсан гурван жил гаруйн хугацаанд Монголын ард түмэнд хэрэгтэй, нийгэмд үлдэцтэй ямар ажил хийв. Ингээд яривал Оюутолгой, Тавантолгойг ярих байх. Гэтэл өнөөдөр тэр гэрээнүүд Монголын ард түмэнд ашигтай болж чадсан уу, үгүй юу. Би бол чадаагүй гэж үздэг. Тавантолгойг өнөө хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байна. Анх хамтарсан засаг байгуулсан мөрийн хөтөлбөрийн биелэлт өнөөдөр ямар байгаа билээ. Өнгөрсөн хавар АН-ын бүлгээс гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр дөнгөж 40 орчим хувьтай байсан шүү дээ. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байгаа гэж мэдэгдсэн. Яагаад ч тэр хэмжээнд хүрээгүй. Хүлээгдэж байсан асуудлууд огт шийдэгдээгүй. АН үүнд дүгнэлт хийж байгаа. Алдаатай байжээ гэдэгт олон хүн санал нийлсэн. Тиймээс засагт хамтарсан асуудал, намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах гишүүд олон байсан.
-Гэхдээ ур дун нь эсрэгээрээ гарсан нь миний өмнө нь асуусан АН-ын гишүүд таван хүний амийг таван сайдын суудлаар наймаалцсан нь зөв гэж үздэг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгааг олон хүн хэлж байгаа?
-Хамтарсан Засгийн газрын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг ажилласан шүү дээ, З.Энхболдоор ахлуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Дүгнэлт гарахаар зөв уу, буруу юу гэдгийг аяндаа намын удирдах төвшинд авч үзэж, ярина. Тэр үед хариуцлагын тухай асуудал яригдах болов уу.
-Нэг асуулт байна. Өнөөгийн нийгэмд ардчилал, шударга ёс алдагдсан. Таны хэлснээр Монголд ардчиллын салхийг хагалж, түүчээ нь болж ирсэн МоАХ, тухайлбал энэ холбооны анхдагчдын нэгийн хувьд үүнд ямар дүгнэлт хийж байна?
-Ямар ч байсан бидний хэдэн нөхөд өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажиллалаа. Бид Ардчилсан хүчний холбоо нэртэй олон нийтийн байгууллага байгуулсан. Өнөөдөр үндэсний хэмжээний том байгууллага болж өргөжлөө. Энэ хол-боог мэдэхгүй хүн нийгэмд байхгүй. Ардчилсан хүчний холбооны бодлого, дэвшүүлж буй зорилтыг дэмжиж буй дэмжигчдийн тоо өдөр ирэх бур нэмэгдэж байна. Энэ бол ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хийж буй нэг алхам юм.
Өнөөдөр ардчиллын үнэт зүйлсийг хадгалах, бэхжүүлэх, хамгаалах нь нэн чухал. Ардчиллын үнэлэмж буурч байна.
Ардчиллыг хэн дуртай нь албан тушаалын халхавч болгодог болсон. Ардчиллыг нулимж, хатуу ширүүн ханддаг байсан нам хүртэл өнөөдөр ардчиллаар овоглоод явж байна. Тухайн үед МАХН нэртэй байсан там нэрээ сольж МАН болоод өөрийн харьяаны бүх байгууллагаа ардчиллаар овоглолоо шүү дээ. Нийгмийг ардчилах эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийг ардчилах Монголын залуучуудын холбоо ч гэх шиг. Энэ нь нэг талаас өөрөө ардчиллыг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр мэт боловч нөгөө талаас ардчиллын үнэт зүйлс, ардчиллын ололтыг бүдгэрүүлэх гэсэн оролдлого. Тэр дотроо МоАХ, АН-ын ардчиллын түүхэнд Гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх улс төрийн томоохон зорилго үүний цаана нуугдаж байна.