Хотын удирдлага агаарын бохирдлыг бууруулах шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа
2018.12.28

Хотын удирдлага агаарын бохирдлыг бууруулах шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас  62 дугаар тоот тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах, мөн түлшинд хэрэглэхийг хориглосон. Олон жил Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж  ирсэн гол хүчин зүйлийн нэг болох түүхий нүүрсний утаа учраас тус шийдвэрийг буруутгах аргагүй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сард Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг түргэтгэх, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн холбогдох агентлагийн дарга удирдлагын хамтаар  түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлш үйлдвэрлэдэг "Таван толгой түлш" ХХК-ийн түлш үйлдвэрлэлийн процесстэй танилцлаа.

Улаанбаатар хотын хориглосон бүсэд амьдарч, түүхий нүүрс түлж байгаа 200 мянган иргэд жилдээ 800 орчим мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хорт утаа бага гаргадаг  сайжируулсан түлшийг жилдээ 600-800 мянган тонныг үйлдвэрлэхийг зорьж байгаа тухай Ж.Батбаясгалан дарга яриандаа онцоллоо. "Таван толгой түлш" ХХК-ийн хувьд жилдээ 300 орчим мянган тонн нүүрс үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид тоног төхөөрөмжөө сайжируулж,  хүчин чадлаа өргөжүүлснээр энэ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тус компанийн албаны хүмүүс онцолж байлаа. Мөн тэдний зүгээс их хэмжээний сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа ч Нийслэлийн удирдлагуудад хандан үйлдвэрлэсэн түлшийг  хураах агуулах байр болон  иргэдэд хүргэн тараах цэгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Дашрамд сонирхуулахад түүхий нүүрсийг шахмал түлш болгож үйлдвэрлэхэд ашигладаг гол түүхий эд болох барьцалдуулагч бодисын хувьд Япоын улсын технологид суурилан БНХАУ-д үйлдвэрлэсэн, Монгол улс төдийгүй дэлхийн бусад хэд хэдэн улсад экспортлодог, хүнсний цардуулаас гарган авсан хүний биед болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг  "Таван толгой түлш" ХХК-ийн ажилтнууд онцлон хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Таван толгой түлш" ХХК-ийн сайжируулсан түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад хэлсэн үгэндээ "Ирэх оны 10 сараас эхлээд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухайд НИТХ-ын Тэргүүлэгчдээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. ажлын хэсгийн зорилго нь Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах явдал юм. Энэ хүрээнд өнөөдөр бид агаарын бохирдлыг үүсгэж байгаа түүхий нүүрсийг орлох  шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцах, бүтээгдэхүүний чанар стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай газар дээр ирж танилцаж байна. Ямартай ч чанар стандартад нийцэхүйц сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа гэж хэлж болохоор байна. Цаашид бид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгдсэн шахмал түлшийг нөөцлөх агуулах барих, түлшийг иргэдэд түгээх, тараах, худалдаалах цэгүүдийг тодорхой болгохыг зорьж ажиллана" гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлага албаны хүмүүс "Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэртэй танилцсаны дараа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь 7 дугаар хорооны 220 орчим өрхийг бие даасан дулаан, цэвэр бохирын байгууламжаар хангахад бэлэн болсон төдийгүй одоогийн байдлаар 70 өрхийг дулааны шугамд холбосон, 140 айлыг дулаанд холбох бэлтгэл ажил хангагдсан байна. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг "Дэд бүтцийн төвийн системд холбохоор төлөвлөсөн 220 айлын хашаа бүрд  газар доорх шугам, инженерийн байгууламжийг хүргэсэн. Гагцхүү айл өрх бүр гэр байшингаа дулаан алдахаас сэргийлж дулаалга хийх, байшин доторх паар, ариун цэвэрийн өрөөгөө өөрсдөө бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа шийдсэн өрх бүрийг бид дулаанд холбож байгаа" гэв.

Дэд бүтцийн төвийн хүрээнд дээрх айл өрхийн бохирын асуудлыг Герман улсын инженер технологийн шийдвээр барьсан бага оврын цэвэрлэх байгууламжаар шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд, туршилт тохируулга хийгээд ажил эхлүүлэхэд бэлэн болгосон гэдгийг  холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн удирдлагад  дуулгав.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Дэд төвийн үйл ажиллагаатай танилцаад хэлсэн үгэндээ "200 гаруй айл өрх амьдарч байгаа гэр хорооллын хашаа, байшиндаа төвийн эрчим хүчний дулаанаас ялгаагүй дэд бүтцэд холбогдсон, цэвэр бохир ус, дулаанд холбогдсон, авто зам гадна нь хүрсэн,  Улаанбаатар хотын төвийн орон сууцанд амьдарч байгаа айл өрхөөс ялгаагүй тохь тухтай амьдрах орчин бүрдэж байна. Үүний давуу тал нь иргэд өөрсдийнхөө газрыг үнэ цэнэтэй болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, амьдралынхаа баталгаа болгох боломж бүрдэж байгаа юм. Олон жилийн өмнөөс бидний ярьж эхлүүлсэн ажил хий хоосон зүйл биш бодит ажил хэрэг болж байгаа гэдгийг эдгээр айлаас, энд бий болсон дэд бүтцийн төвөөс харж болохоор байна. Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэд өөрийн амьдарч байгаа орчинд эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа анхны жишиг гэж харж байгаа. Цаашдаа бид 50 байршилд дэд бүтцийн ийм төвийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Байршил бүхэнд 200 хашаа, мөн хэмжээний айл өрх хамрагдаад явна гэдэг бол тэр хэмжээгээр утаа багасах, гэр хорооллын хашаа байшингийн үнэлгээ өсөх боломж бүрдэнэ. Ийм боломж нөхцөл амьдралд нь бий болж, гэрт нь ороод ирэхлээр иргэд заавал орон сууцанд орно гэхгүйгээр, амьдарч байгаа хашаандаа, төрж өссөн орчиндоо амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ ажил эрчимтэй хэрэгжүүлнэ. Төсөв санхүү талаас нь олон улсын байгууллага, банк санхүүгийн байгуулагуудтай хамтран ажиллах ёстой" гэв.