БСШУС-ын сайдын зөвлөл хуралдаж хоёр стандарт батлуулахыг дэмжлээ
2018.12.18

БСШУС-ын сайдын зөвлөл хуралдаж хоёр стандарт батлуулахыг дэмжлээ

Өнөөдөр БСШУС-ын сайдын зөвлөл хуралдаж ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт мөн ЕБС-д суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээний стандартыг батлуулах асуудлаар хуралдаж шинээр батлагдан гарах гэж буй дээрх хоёр стандарт журмыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвд өргөн барьж батлуулахыг дэмжлээ.

    ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт урд өмнө нь манайд байсангүй. Бусад хууль, журмын хүрээнд зохицуулагдаж ирсэн бөгөөд ЕБС, түүний ойр, орчимд хүүхэд эсрдэлд өртөх тохиолдол нилээдгүй гарч байгаатай холбогдуулан төрийн өмчийн 654 сургуульд эрсдлийн үнэлгээ хийхэд нийт сургуулийн 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71.0-75.0 хувь нь дунд эрсдэлтэй, 12.0-18.0 хувь нь бага эрсдэлтэй байна гэсэн дүн гараад байгаа юм.  Сургуулийн орчны эрсдлийн үнэлгээг хийхэд баримтлах шалгуур шаардлага олон төрлийн баримт бичгүүдэд саланги тусгагдсан, бүрэн бус байдаг нь аюулгүй орчныг бүрдүүлэх, байнгын хяналт үнэлгээ хийж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд ашиглахад хүндрэлтэй талаар сургуулийн удирдлага, багш нар санал гаргасны үндсэн дээр БСШУС-ын сайд ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандарт тогтоож журамлахыг үүрэгдсэн.

    Энэ хүрээнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар 6 сарын хугацаанд сургуулиудад гурван удаагийн эрсдлийн үнэлгээг хийж МХЕГ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн Боловсролын газар, ерөнхий боловсролын 23, 31, 52, 58 дугаар сургууль, НҮБ-ын Хүүхдийн сан, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-ын төлөөллийг оролцуулсан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсний үр дүнд ЭМЯ, Барилгын хөгжлийн төв, Стандартчилал хэмжил зүйн газар, Боловсролын хүрээлэн зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан ЕБС-ийн орчны аюулгүй байдлын стандартын төслийг боловсруулаад байна.

   Сайдын зөвлөл стандартын төслийг боловсруулсан ажлын хэсэгт боловсролын салбарт суурь өөрчлөлт авчрах нэн хэрэгцээтэй байсан стандарт тогтоохыг санаачилж, боловсруулсанд талархал илэрхийлээд хэд хэдэн чухал санал хэлж Стандартчилал хэмжил зүйн газарт өргөн барихыг дэмжлээ.

   Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.7.1 дэх заалтад “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын шаардлага боловсруулж, мөрдүүлэх” гэж заасан бөгөөд энэхүү стандарт батлагдсанаар ерөнхий боловсролын сургууль гадаад, дотоод орчны зураглал гаргаж, аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг дотоод хяналтын зөвлөл, сурагчдын өөрийн удирдлагын байгууллага болон эцэг эхийн зөвлөлөөр сар,улирал тутамд хийх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллах боломж бүрдэх юм.