Беларусь улсад элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна
2018.12.05

Беларусь улсад элчин сайдын яам нээхэд 900 сая төгрөг зарцуулна

Өнөөдөр /2018.12.05/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын хувьд Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орныг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. 2 талд хөдөө аж ахуй, барилга хот байгууллалт, тээвэр логистикийн салбарын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж өндөр байна. Түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төёөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Беларусь улсад элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн төслийг хэрэгжүүлэх, манай улсад ирж буй ачаа тээврийн үнэ тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Минск дахь элчин сайдын яамыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, зардлыг тооцсон бөгөөд холбогдох санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууиа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин бэлтгэх том боломж

Беларусь Улс бол манай улс Европт гарах үүд болдог. Монголын Европтой хийж байгаа бүх худалдаа Беларусийн хил, гааль, боомтоор дамжиж явж байгаа. Нөгөө талаас Монгол Улс өөрөө Европын Хятадтай хийж байгаа хуурай замын гол боомт. Тиймээс бид үүнд ач холбогдол өгөх ёстой.

Цэрэг техникийн хамтын ажиллагаа бүхий 5 улсын нэг. Энэ хамтын ажиллагааг улс төрийн олон нарийн бодлогыг авч үзэж байж байгуулдаг.

Монголын хамгийн том үндэсний үйлдвэрүүдэд зах зээл нийлүүлэх том шаардлага бол Евроазийн эдийн засгийн холбоо руу зах зээлээ тэлэх ёстой. Бид эдийн засгийн хамтын ажиллагаагаа дангаараа шийдэхээ больсон. ОХУ-тай асуудал ярихад Евроазийн эдийн засгийн холбоогоороо ярилцана гэдэг. Энэ холбооны хамгийн том тоглогч бол Беларусь. Бид цаашид Касакстан, Беларусь , Киргиз, Армен, ОХУ-тай харьцах бодлого дээрээ нэгдмэл байх ёстой.

Беларусь давс, нүүрс зэрэг ямар ч ашигт малтмалын орд байхгүй. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нь 7 тэрбум доллар давдаг.

Одоо 10 тэрбум доллар болгох ажил хийж эхэлж байна. Хөдөө аж ахуйдаа дээд зэргийн эрчимжүүлэлт хийж чадсан. Боловсон хүчнээ бэлтгэх, тоног төхөөрөмж авах, технологи нэвтрүүлэх загвар орон бол Беларусь.

Монгол Улс эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарыг босгоно гэж зорилт тавьж байгаагаа бодвол бид Беларусьтай дипломат харилцаагаа өргөжүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Беларусь Улс өөрсдийнхөө бизнесийг дэмжсэн бодлого барьж байна

2017 оны төсөв хэлэлцэж байхад тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бразиль, Индонезид яагаад элчин сайдын яам хаах болсон талаар төсөв мөнгөтэй уялдуулан тодорхой шийдвэр гаргаж байсан цаг жилийн өмнө.

Д.Цогтбаатар сайд өөрөө худалдааны хэлэлцээрийн талаар өргөн мэдлэгтэй, мэрэгжлийн түвшний шалгарсан дипломатуудын нэг. Худалдааны тэнцэл, импорт, экспортын тэнцлийн үр өгөөжийн талаар та хэнээр ч хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа.

Гэхдээ Беларусаас хөнгөлөлттэй зээл авах тухай ярьж байхад заавал элчин сайдын яамтай байж байж авах шаардлагагүй, түүнийг заавал 2019 онд шийдэх шаардлагагүй санагдаж байна.

Ихэнхи орнууд бараа бүтээгдэхүүнээ худалдахын тулд экспорт, импорт банкныхаа кредит шугамыг нээх маягаар өөрсдийн компанийг дэмжих бодлого болгож хэрэглэдэг. Тэр ч утгаараа монголын эдийн засгийн өсөлтөнд уул уурхай, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хэрэгтэй байж магадгүй боловч нөгөө талдаа Беларусь талаасаа тэдний өөрсдийнхөө бизнесийг дэмжсэн бодлого байгаа гэдэг нь ойлгомжтой. Яг энэ цаг үед элчин сайдын яам нээх заавал шаардлагагүй юм шиг санагдаж байна.