ХУД-ийн ИТХ-ын Удирдлагуудтай төслийн баг санал солилцлоо
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлагуудтай “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээ хийх багийн гишүүд уулзаж төслийн хэрэгжилт, явц, цаашид анхаарах асуудлыг талаар санал солилцлоо.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн дунд хугацааны үнэлгээ хийх багийн ахлагч, Чериан Жосеф, зөвлөх Партик Дуон, менежер Лилиан Тарнацер өнөөдрийн уулзалтад ирсэн бөгөөд ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг, Г.Оюунтөмөр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Төлөөлөгч намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү нар төслийн багийнханыг хүлээн авсан юм.
Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь Төслийн хэрэгжилт, үр дүн ямар байсан талаар болон 2020 он хүртэл төслийг хэрэгжүүлэх явцад авах арга хэмжээ, анхаарах зүйлийн талаар Төлөөллийн байгууллагаас мэдээлэл авах байлаа.
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2013 оноос манай улс хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдийг чадвахжуулах, мэдээ мэдээлэл, ном товхимолоор хангах, сургалт сурталчилгааг шат дараатай зохион байгуулж байгаа юм.