Ж.Ганбаатар: Жижиг, дунд бизнесийн татвар нэг хувь байх ёстой
2018.10.12

Ж.Ганбаатар: Жижиг, дунд бизнесийн татвар нэг хувь байх ёстой

УИХ-ын гишүүн  Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Санаачлагчийн хувьд уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө үү?

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг ярихаас өмнө хуулийн зохицуулалт яагаад байх ёстой вэ гэдэг талаар ярих нь зөв байх. Дунд болон томоохон компаниудын тухайд дэмжлэг шаардлагагүй. Өрсөлдөөний зарчмаар явчихдаг. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийг төр яагаад дэмжиж, зээл олгох ёстой вэ.

Бусдаас тусад нь авч үзэж, ялгах ёстой вэ гэдэг нь гол асуудал юм. Ихэнх хүн төрийн байгууллагад ажиллах, бөх, дуучин болох нийтлэг сонирхолтой байдаг. Би үүнийг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ төр иргэдийнхээ аж ахуй эрхлэх, өөрийгөө авч явах, төрөөс үл хамааралтай байх нөхцөлийг бүрдүүлэх нь нэгдүгээр зарчим. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчид ажлын байр бий болгоно. Тухайлбал, 10 хүнийг ажлын байраар хангалаа гэхэд төрд ирж байгаа дарамтыг тэр хэмжээгээр бууруулна.

10 хүн ажилгүй байвал халамж, тэтгэмжээс эхлээд төрд ямар дарамт үүсэх нь ойлгомжтой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрийг заавал дэмжих хэрэгтэй. Гуравдугаарт, бизнес хийгээд амтыг нь нэг мэдэрсэн хүн эргэж буцдаггүй юм. Жишээ нь, төмс тарьдаг хүн талбайгаа томруулахыг л хүснэ. Ээж аав, гэр бүлээрээ ажиллуулдаг байсан бол нэмж хүн авахыг цаашлаад техник, төхөөрөмж хэрэглэж бизнесээ томруулахыг хүснэ. Энэ мэтээр явдаг учир зөв тойрог гэж хэлж болно. Ер нь дэлхийн бусад орнуудын хөгжиж байгаа суурь үндэс юм.

Үүнд Монголын шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс, залуучууд, иргэд ороосой гэж би хувьдаа хүсч байна. Гэхдээ яг ямар бизнес эрхлээд ямар нь амжилттай байхыг хэн ч зааж чадахгүй. Хүн бүрт тухайн орон нутгийнх нь онцлогт тохирсон боломж эсвэл өөрийн гэсэн өгөгдөл байдаг. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найр.уулгаар энэ боломж, өгөгдлийг дэмжинэ. Ер нь бол бизнес хийх оролдлого хийгээч ээ л гэж байгаа юм. Монголын зах зээл жижигхэн биш. Экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө импортоо орлодог болъё.

Хүмүүс жижиг, дунд үйлдвэр гэхээр хуванцар сав, бэлэг дурсгал, сүү сүүн бүтээгдэхүүн, савхин эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг богинохон хүрээнд харж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хэн авах юм. Хятадууд авахгүй, Оросууд авахгүй. Тэгвэл эхлээд импортоо орлоё. Бид чинь маш том импортлогч улс шүү дээ. Тиймээс эхлээд дотоодынхоо импортыг хангая. Хөрөнгө санхүүгийн боломжтой, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсныхоо дараа гадагшаа гаргая гэж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэг ангилалд ямар хүмүүсийг хамруулж ойлгох юм бол?

-Хуульд 2.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой 200 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гэнэ гэсэн томьёолол бий. Дараагийн хэлэх зүйл нь 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг хурдан олдог бол гэж байгаа болохоос энэ ангилалдаа хамрагдаад бай гэсэн үг биш. 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол манай хууль дэмжинэ.

Үүнээс дээш орлоготой бол Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Хөгжлийн банк зэрэг хөгжлийг дэмжих том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг төрийн дэмжлэг байгаа.

Түүнээс нэг аж ахуйн нэгжтэй зууралдаад байх нь манай хуулийн зорилго биш. Та сангаас мөнгө авсан бол дараа жил нь таны бизнес том болж, таван тэрбум төгрөгийн орлоготой болчих юм бол хуулийг гол зорилго биелнэ. Жил бүр дэмжлэг авчхаад бизнес нь өөрчлөгдөхгүй бол заль гэсэн үг л дээ.

-Бусад орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлээ төрийн бодлогоор хэрхэн дэмждэг юм бол?

-АНУ, БНСУ, Япон Улс жижиг дунд үйлдвэрлэлээ яаж дэмждэг вэ гэвэл маш том төрийн бодлого явуулдаг. Жишээ нь, нэг оймс оёлоо гэхэд заавал гурван шат, дамжлага дамжуулдаг. Нэг газарт оймсны урд талыг нь өөр нэг газар ар талыг нь оёж, дараагийн газар нь савладаг байх жишээтэй.

Ногоо тарьж байгаа хун ч ялгаагүй заавал биржээр дамжуулж экспортолдог. Энэ нь өөрөө муу бүтээгдэхүүн гадагшаа гаргаж, улс орныхоо нэр хүндийг унагахгүй байх үүрэг хүлээсэн хүмүүс байдаг. Шууд талбай дээр нь очоод будаа авъя, ногоо худалдаж авъя гэвэл хэн ч худалдахгүй. Экспортлогч компани нь ч талбайтай байдаггүй.

Хүн амын тоогоороо манай улстай ойролцоо, хөгжиж байгаа орнуудын тухайд ярихад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо байгаа.

Дэд хорооны зарим гишүүд Бүгд Найрамдах Казахстан Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар ажилласан. Тус улсад “ДАМУ" гэдэг байгууллага байдаг. Анх энэ байгууллага төрөөс маш их санхүүжилт авч, хариуцсан хүн нь хамаатан садан, танилдаа өгчихдөг байсан байгаа юм. 2007 оныг хүртэл үр дүн нь тийм ч их эерэг байгаагүй. Ингээд Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев үүнийг зарчмын хувьд өөрчил гэсэн байна.

Харин “ДАМУ” одоо яаж ажиллаж байгаа вэ гэхээр жижиг бизнес эрхэлж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг, томоохон өрсөлдөх чадвартай газруудад банкаар дамжуулж зээл олгодог. Ер нь банкинд ямар нэг улстөрч, эрх мэдэл бүхий хүн нөлөөлж чадахгүй. Тиймээс энэ хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэж ангилж оруулсан.

-Шинээр бичил, жижиг, дунд гэж ангилж тусгасан гэсэн үг үү?

-Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж нэг тогоонд хамруулдаг байсан. Жижиг болон дунд үйлдвэр эрхлэгч гэж л ярихаас бус хуулийн ангилал байгаагүй. Үүнийг анх удаа ангилсан. Хуульд бичил гэдэг нь 250 мянган төгрөг хүртэлх жилийн орлого, 10 хүртэлх ажилтантай хүнийг хэлж байгаа юм. Бичил зээл эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл өгье, бодлогоор дэмжье. Сургалт үйлчилгээг нь хийж тодорхой анхаарал тавья.

Жижиг дундад банкаар дамжуулж зэл олгоё гэж хуульд тусгасан байгаа. Яагаад ингэж ялгаж байгаа вэ гэхээр бичил бизнес эрхлэгчид банкнаас зээл авах гэхээр банк тайлан, баланс, барьцаа хөрөнгө, төсөл хөтөлбөр нэхдэг. Бичил бизнес эхлүүлэх гэж байгаа хүнд санаа л байгаа болохоос мөнгө, тайлан баланс, барьцаа хөрөнгө байхгүй. Барьцаанд тавих хөрөнгөтэй бол бичил бизнес эрхлэгч биш шүү дээ. 

Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг банкаар дамжуулж олгосноор зээлийн хүү арай өндөр байна. Өмнө нь гурван хувь байсан бол банкны шимтгэл нэмэгдэж, 5-7 хувь болдог. Харин бичил бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй зээл олгохоор тусгасан.

-Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан агентлаг байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байсан. Ямар чиг үүрэгтэй байх юм бол?

-Хуульд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан бие даасан байгууллага байгуулна гэж оруулж байгаа. Энэ нь агентлагийг хэлж байгаа юм. Ер нь агентлагийн хэмжээнд ажилласнаар бодлогоо бүрэн хэрэгжүүлнэ гэж хууль санаачлагчийн хувьд ойлгосон.

-Татварын дарамт их байна гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид тавьдаг. Татварын орчныг таатай болгох, хөнгөлөх тал дээр төсөлд хэрхэн тусгасан юм бэ?

-Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын 10 хувийг нэг хувь болгоно гээд маш тодорхой заасан. 2016-2020 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд мөн ингэж тусгасан. Энэ амлалтаа эрх барьж байгаа нам биелүүлэх ёстой. Хууль санаачлагчийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татварыг нэг хувь байх ёстой гэж хуулийн төсөлд оруулсан. Дагаж байгаа татварын хуульд энэ өөрчлөлтийг оруулахаар тусгасан ч Сангийн яам эрс эсэргүүцэж байгаа.

-Сангийн яамнаас татварын багц хуулийн төсөл боловсруулсан. Уг хуульд нэг хувийн татвар ногдуулахаар тусгасан юм биш үү?

-Сангийн яамнаас боловсруулсан төсөлд арван хувийн татвар ногдуулж, үүнийхээ 90 хувийг буцааж олгоно гэж байгаа. Нэг хувийн татвар авах, 10 хувийг авсныхаа дараа буцааж олгоно гэдэг ойлголтын асар том зөрүү юм. Тэр дунд ямар их асуудал үүсэх вэ. Ер нь татварын байцаагчийн үзэмжээр шийдэгдэхээр харагдаж байна.

Татварын байцаагч ойлголцсон хүнд буцааж олгоно эсвэл хахууль өгнө гээд янз бүрийн асуудал үүснэ. Миний хувьд “Ийм байж болохгүй. Амласан амлалтад 10 хувийг авна гэсэн үг байхгүй. Тиймээс нэг хувийн татвар ногдуулах ёстой” гэдэг байр суурьтай байгаа.

-Татвараа жилд нэг удаа тайлагнахаар тусгасан байсан. Ингэснээр жижиг, дунд аж ахуйн нэгжид ирэх дарамтыг яаж бууруулна гэж харж байгаа вэ?

-Аж ахуйн нэгжүүд улиралд нэг, жилд дөрвөн тайлан гаргадаг. Энэ нь маш их ажил болдог. Татварын тайлан гаргахын тулд нярав хэрэгтэй. Нөгөө талдаа манай улсаас АНУ, Солонгос Улсад бизнес эрхэлдэг хүмүүс олон байдаг.

Энэ хүмүүстэй уулзаж ярилцахад татварын тайлан гаргадаггүй юм байна. Орлого зарлагын баримтаа цуглуулдаг Хувь хүн, аж ахуйн нэгж ялгаагүй орлого, зарлагын баримтаа цуглуулж, “Аккаунт” компанид 200-300 ам.доллар төлөөд тайлангаа гаргуулчихдаг. Би үүнийг л хүсэж байна. Энэ зохицуулалтыг зөвхөн 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хийж өгөөч ээ гэж байгаа юм.

Тийм жижигхэн аж ахуйн нэгжид нярав, нягтлан авч, санхүүгийн алба бий болгоод явах чадал байхгүй. Үр дүнгүй зардал болно. Урдах ажлаа хийх ёстой хүн татвар, нийгмийн даатгалын байцаагчтай харилцах хэрэгтэй болно. Үүнийг болих хэрэгтэй. Харин том үйлдвэрлэгч болсных нь дараа хариуцлага хүлээлгэ. Бусад дэмжлэгээ үзүүл гэж байгаа. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэгч нар бүгд хөрөнгө, санхүүжилт хүсдэггүй. Зарим нь эрх зүйн орчныг сайжруулж өгөхийг хүсдэг. Түүнээс зээл авахыг хүсч ханддаг гэж ойлгож байгаа бол буруу шүү.

-Хууль ирэх жилийн нэгдүгээр “сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгасан. Одоо ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж хэдэн төгрөг тусгасан юм бол?

-Биелүүлэх ёстой гол субъект нь Засгийн газар учир хууль батлагдсаны дараа хуулийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр энэ хугацаандаа хэрэгжээд явах байх. Харин 2019 оны төсөвт жижиг, дундын салбарт огт санхүүжилт суулгаагүй байна. 2007 оноос хойш жижиг дундын салбарт төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардлын 10 хувийг дэмжлэг болгож өгдөг уламжлал байсан.

Төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардал гэдэг нь төсвийн зардлаас урсгал зардлыг хасаж хөрөнгө оруулалт болох сургууль, цэцэрлэг, гүүр эмнэлэг барих хөрөнгө. Жишээлбэл, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад тавьсан. 60 гаруй тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлд өгсөн байгаа. Харин ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал 1.3 их наяд төгрөг байгаа. Жижиг, дундын үйлдвэрт тэг төгрөг буюу дэмжлэг байхгүй гэсэн үг.

-Яагаад?

-Сангийн яамнаас эргэн төлөлтийн тодорхой мөнгө байна. Өмнө нь олгосон зээлийн 300 гаруй тэрбум төгрөг байгаа гэж тайлбарлаж байсан. Энэ нь иргэдийн хоёр, гурав, дөрөв, таван жилийн хугацаатай авсан мөнгө. 2020, 2021, 2022, 2023 онд төлөгдөнө. Энэ мөнгөө ярьж байгаа юм. Ер нь нэг жилийн дотор үр өгөөжөө өгдөг бизнес ховор. Хүн нэг бүтээгдэхүүн хийж, түүнийг нь мэддэг болсны дараа ашиг гарахаас бус өнөөдөр шууд ашигтай ажилладаг байгууллага байхгүй.

Төсөв, дарга нарын дэмжлэгтэй байж болох ч бизнест ийм боломж байдаггүй. Миний үүсгэн байгуулсан “Оргил” худалдааны төв 1999 онд байгуулагдсан. Иргэд 2010 оноос манай дэлгүүрийг сайн мэддэг болсон. Тэгэхээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байж хүн мэддэг болохоос дөнгөж үйл ажиллагаа явуулж эхлээд үйлчлүүлэгчдэд танигдана гэж байхгүй.

-Төсөв ярьж байгаатай холбогдуулж асуухад энэ жилийн төсвийг хэр чамбай төсөв болсон гэж бодож байгаа вэ?

-Сангийн яам төсвийг багцалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-д оруулж ирдэг. Би хууль тогтоох байгууллагын хүн учир энэ өнцгөөсөө л харна. Миний хувьд Сангийн яаманд муу үнэлгээ өгөхгүй. Г эхдээ хөрөнгө оруулалтын зардлыг харахад сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, эмнэлэг зэрэг барилга байгууламж барихаар байгаа. Энэ нь муу биш. Сургууль, цэцэрлэг дутмаг байгаа юу гэвэл дутагдалтай байгаа. Тиймээс зөв. Гэхдээ сургууль, цэцэрлэгт хүн ажиллана. Энд ажиллах багш ажилчдад төсвөөс цалин өгч, дулаан цахилгаанд хөрөнгө хуваарилна.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг барих нь ард иргэдэд сайн ч төсвийн ачаалал энэ хэрээр нэмэгдэнэ. Төрийн албан хаагч нарын тоо, төсвийн урсгал зардал нэмэгдэнэ. Тиймээс мөнгө олдог зүйлд хөрөнгө оруулсан байх ёстой. Өрхөөр яривал нөхөр нь ажил хийж, эхнэр нь гэртээ аж ахуй эрхэлдэг байлаа гэхэд хүүхдийнхээ сургалтын төлбөр, машиндаа бүх мөнгөө өгчихвөл яаж эргэлтийн хөрөнгө бий болгох вэ.

Төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд ч би орлогоо анхаарахгүй байна гэдгийг хэлсэн. Орлогоо нэмэхийн тулд татвар төлөгчдийн бааз суурийг нэмэх ёстой. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмнэ гэдэг олон хүнийг бизнес эрхлүүлэх асуудал. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэртэй дахиад л уягдах юм. Жижиг, дунд үйлдвэрт өнөөдөр дэмжлэг үзүүллээ. Арван жилийн дараа чамд татвар төлөгч гарч ирнэ.