Хууль сахиулахын их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
2018.09.04

Хууль сахиулахын их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр” өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд  Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нарын зочид төлөөлөгчид, сонсогчдын эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд зориулан  Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Боловсролын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын тэргүүний жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү өндөр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд Хууль сахиулахын их сургуулийн багш, сонсогч, оюутан, ажилтан бүр шинэ нөхцөл байдал, шинэ зорилтын өмнө оршин буйгаа ухамсарлан сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийж, эрдмийн нэгдмэл хамт олон болон төлөвшиж, ихээхэн хүчин чармайлт гарган хөдөлмөрлөх ёстой болж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, оюутнуудад Ази-Номхон далайн болон Монгол Улсын гамшгийн нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах менежмент, Гамшгаас хамгаалах эрхзүйн орчны шинэтгэл, Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт,  боловсон хүчний бодлогын чиглэлээр илтгэл тавьсан юм.

Түүнчлэн тэрээр “Онцгой байдлын алба бол Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн алба. Монгол хүн өнөөдөр Онцгой байдлын албагүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөхгүй болсон. Энэ бол Онцгой байдлын албаны нэр хүнд ард түмний дунд өсч, бидний ажлыг үнэлсэн ард түмний үнэлгээ юм”  гээд энэ эрхэм нэр хүндтэй албаараа бахархаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсээд нийт багш, сонсогчдод сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг ерөөлөө.

Энэ хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын сургалтад 400 гаруй сонсогч, оюутан, Хууль сахиулахын удирдлагын академид 60 гаруй, магистрын болон докторын сургалтанд 100 гаруй алба хаагч элсэн суралцахаар болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.