О.Баасанхүү: "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ийг барьцаалж, мөнгө зээлсэн АСУУДЛЫГ НАРИЙН шалгуулна
2018.08.13

О.Баасанхүү: "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ийг барьцаалж, мөнгө зээлсэн АСУУДЛЫГ НАРИЙН шалгуулна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт үйлдвэр" болон Өмнөд Африкийн Стандарт банк хоорондын маргааны талаар өнөөдөр мэдээлэл хийв.


Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр", Стандарт банк хооронд 270 сая ам.долларын асуудал яригдаж байгаа юм билээ. Английн дээд шүүхээс Монгол Улс Стандарт банкинд эхний ээлжинд нэн даруй 98 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан. Үүн дээр хүү, торгууль, өмгөөлөгчийн зардал нэмэгдэнэ. Түүнчлэн шүүхээс хэрэв уг мөнгийг төлөхгүй бол Стандарт банк "Эрдэнэт үйлдвэр"-ийн оффисын барилга, Уурхайчин соёлын ордон зэрэг үл хөдлөх хөрөнгө болон Англид байдаг эрсдэлийн санд хуримтлуулсан хөрөнгөөс өрөө суутган авч болно гэсэн шийдвэр гаргасан байна. "Жаст" группын өрийг Эрдэнэтчүүд төлөх ёсгүй. Хэн нэгэн хуурамч гарын үсэг зурж гадаадаас мөнгө зээлснийг улсын хөрөнгөөр төлөөд байж болохгүй. Тиймээс энэ хэргийг нарийн шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хандсан. Мөн ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнээ хөнөөсөн хэрэг гарлаа. Өчигдөр ЗТХЯ-ны удирдлагуудыг чөлөөлсөн. Энэ хэргийг зөвхөн Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлснөөр өнгөрөөж болохгүй. Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх ёстой" гэлээ.