Зөв бодлогын нэгэн ундарга
УИХ-ын гишүүн А.Ундраа
2018.08.08

Зөв бодлогын нэгэн ундарга

Тэрбээр Итали, АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалж АНУ-ын Стэнфордын Их Сургуульд олон улсын бодлого судлалын багшаар ажиллаж байсан түүнийг Баянголчууд УИХ-ийн гишүүнээр сонгосон.  Парламентад сонгогдохоос өмнө ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ГХЯ-нд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөх, МАН-ын дэргэдэх бодлогын судалгааны  байгууллага болох Стратегийн академийн захирлаар ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүн А.Ундраагийн мэргэшил бол цөмийн физик, гадаад бодлого, аюулгүй байдал. Харин парламентын гишүүн болсноос хойш уул уурхай, жендэр, боловсролын асуудалд голчлон анхаарч, тэдгээртэй холбоотой хууль, тогтоолын ажлын хэсэгт багтан ажиллаж байна.

Эрдэм номын мөр хөөсөн замналаараа тэр яах аргагүй эрдэмтэн. Хүн төрөлхтний толгойг гашилгасан олон том асуудлыг голчлон судалдаг физикийн салбарт мэргэшсэн нь аливаа шийдвэр гаргахаас өмнө асуудлыг гүнд нь ортол судалдаг судлаачийн няхуур арга барилыг түүнд төлөвшүүлжээ.

А.Ундраа гишүүн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тууштай дэмжиж ажилладаг.

Улс төрд шинжлэх ухаанчаар хандана гэдэг бол шийдвэр гаргах процессын тухай яриа гэж тэр үздэг.

Тэрбээр уул уурхайгаас илүү оюуны өмчийг илүүд тавьж тууштай явдаг нь нийгэм цаг үе орчин үеийн улс төрчдөөс шаардаж буй нэгэн чухал чанар юм.

А.Ундраа УИХ-ын долоон гишүүний хамт “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулсан. Монголд төдийгүй дэлхий дахинд байгальд ээлтэй олборлолт хийх, баялгийг зөв хуваарилах явдал нь тулгамдсан асуудал болоод байгаа. Үндэсний ашиг сонирхолд нийцсэн эрэл хайгуул, олборлолтын төлөвлөгөө гаргахаас эхлээд хэнээр ашигт малтмал олборлуулах, яаж татвар ногдуулах, уул уурхайн орлогыг юунд зарцуулах, олон улсын зах зээлд хэрхэн гаргах зэрэг нь том шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байна.

Монгол улс уул уурхайн эрх зүйн орчны үндсийг тавьж, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлагад нэгдсэн нь уул уурхайн салбарт нээлттэй, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлсэн.

Харин парламентын түвшинд хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулагдсанаар энэ чиглэлд том хөшүүрэг болох юм. Лобби бүлэг нь судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон ажил төлөвлөөд байгаа.

Түүний анхаарч буй өөр нэг асуудал бол дээд боловсрол. Төгсөгчид яагаад чанаргүй байна вэ, яагаад тэдэнд ажлын байр олдохгүй байна вэ, монгол хүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт тэр толгойгоо гашилгаж явдаг.

Шинжлэх ухаан, технологийн тухай болон Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн гишүүн, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.

УИХ-ын гишүүн А.Ундараа Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байнгын хороонд харъяалагддаг.

 

УИХ-ын гишүүн болсноос хойш Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэгт орж их дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан.

Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд шинжлэх ухаан, технологи, инноваци, үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах чиглэлийн хуулийн төслүүд санаачлан боловсруулна гэдгээ мэдэгдсэн. Мөн дотоодын мэдээллийн технологийн компаниудыг гадаад зах зээлд гаргахад анхаарч ажиллана. Тэр бол Монголын экспортын нэг томоохон чиглэл бол мэдээллийн технологийн бүтээгдэхүүн байх боломжтой, технологи дамжуулах төвүүдийг дэмжихийг чухал гэж үздэг гишүүдийн нэг.  

А.Ундраа гишүүн боловсрол, инновацитай холбоотой хуулиудын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгүүдэд  идэвхитэй ажиллаж Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах гурван хэсгийн нэгийг ахалсан. Түүнийг  программ зохион бүтээгч залуучуудын түшиг тулгуур болсон парламентын гишүүн гэж тодорхойлох нь ч бий.

Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг зарим эмэгтэй гишүүний хамт санаачлан өргөн бариад байна. Үдийн цай хөтөлбөр нь сурагчдад шаардлагатай шим тэжээлийг хангалттай өгч чаддаггүй, зарим сургууль үдийн цайны мөнгийг өөр зүйлд зарцуулдаг, сургуулийн гал тогоог өөр зүйлд зарцуулдаг, сургуулийн гал тогоог түрээсэлдэг зэрэг явдал цөөнгүй байдаг. Иймээс эрх зүйг улам боловсронгуй болгох үүднээс уг хуулийг санаачилжээ.

А.Ундраа гишүүний санаачилсан өөр нэгэн бодит ажлын талаар ярихгүй байж болохгүй.

Тэр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн HeForShe хөдөлгөөнийг Монголд санаачлан эхлүүлсэн.

Уг хөдөлгөөн нь хүйсийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг илүүтэй татан оролцуулж, тэдний идэвхийг өрнүүлэх зорилготой. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал нийгэмд хурцаар тавигдаж буй өнөөгийн нөхцөлд хүчирхийллийг үйлдэгч нэгэн том субъект болсон эрчүүдэд асуудлын мөн чанарыг ойлгуулах нь хүчирхийлэлтэй тэмцэх нэгэн өвөрмөц арга барил юм.

Цаашдаа А.Ундрааг бодлогын том эксперт болж, шинжлэх ухааны үндэстэй бодлогын өөрчлөлт хийх хүн гэж бид үнэлдэг.