Хатуу хучилттай авто зам ашиглалтад орно
2018.07.11

Хатуу хучилттай авто зам ашиглалтад орно

Төв аймгийн Зуунмод сумын төвийн хоёр хэсэгт баригдсан 0,79 км хатуу хучилттай авто замын нээлт боллоо. Хөгжил хотхоны урд уулзвараас Манзушир хорооллын хойд талын авто зам хүртэлх 0.39 км, Төв Чандмань ДЭХГ-ын урд уулзвараас иргэдэд үйлчлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв" хүртэлх 0.4 км авто замын барилгын ажлыг “Замын Битум” ХХК өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, “Замын битум” ХХК-ний ерөнхий инженер Б.Баясгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хөдөлгөөний хоёр зурвастай 13 м өргөн далан, 7м өргөн зорчих хэсэг, 20 см зузаан цементээр бэхжүүлсэн суурь, 5 см зузаан нэг үе асфальтобетон хучлага, хоёр талдаа 1.5 м өргөн явган хүний зам, нэг метрийн өргөн ногоон байгууламж бүхий авто замыг 2018-2019 онуудад хэрэгжүүлэх байсан хэдий ч “Замын битум” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулжээ.

Замын нээлтийн үеэр аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-нийн автогрейдерийн оператор Д.Баярсайхан, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр “Замын битум ХХК”-ний жолооч Б.Мандахбаяр, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-нийн даамал Г.Нэргүй, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний авто замын инженер Э.Хэрлэнбаяр нарыг тус тус шагнасан юм.