Он гарсаар 63 хүн голд осолдож амиа алджээ
2018.08.07

Он гарсаар 63 хүн голд осолдож амиа алджээ

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар16 аймгийн 37 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 63 хүн усанд осолдон амиа алдсаны 15 нь хүүхэд, 48 нь насанд хүрэгсэд гэсэн харамсалтай мэдээ байна.

Холбогдох байгууллагаас үер усны аюулаас сэрэмжлэхийг удаа дараа анхааруулсаар байтал иргэдийн хайхрамжгүй зангаас болж ослын тоо буурахгүй байгаа аж. Цаашлаад наймдугаар сард ихэнх нутгаар аадар бороо үргэлжлэн орох тул ОБЕГ-аас доорх сэрэмжлүүлгийг гаргажээ. Үүнд, наймдугаар сарын 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд зарим газраар аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаараа аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалтад орж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Гол усны ойролцоо амарч зугаалахгүй, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, тавих хараа, хяналтаа сайжруулахаас гадна голын тогтоол усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг санууллаа.