Ж.Ганбаатар: Дандаа ирээдүйгээ харсан чиглэлтэй явсаар өнөөдрийн аж ахуйн нэгжүүд сөхөрлөө. Ард түмэн хүлээх чадавргүй байна
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ирээдүйг хэт их харж байгаад өнөөдрийн амьдралыг мартах вий гэсэн болгоомжлолтой байгаагаа илэрхийллээ.
Ж.Ганбаатар: Өнгөрсөн хугацаанд Монголбанк сайн ажилласан гэдэгтэй санал нэг байна. Харин тайлангаас харахад санхүүгийн бат бэх чадавхи, гадаад валютын нөөцийн хүрэлцээт хуримтлал бий болгох, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн сахих, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуурлан бууруулах замаар дунд урт хугацаанд тогтвортой байдлыг хангах гэх зэрэг дандаа ХЭМНЭЛТИЙН БОДЛОГО ярьж байна.
Таны ярьж байгаагаас үзэхэд амаргүй хэцүү цагт л бэлдэж байх шиг байна. Гэтэл өнөөдөр амьдарч байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүд яах вэ?
Ирээдүйд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэмнэлтийн бодлогын үр дүнд ирээдүй баталгаатай байгаа юм байна. Гэтэл өнөөдөр барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө зээл гаргадаг болчихсон. Байшингууд нь зарагдахгүй байна.
Ард иргэдийн амьжиргаанд яг хэзээ нөлөөлөх вэ гэсэн асуултанд 2018 оны 2 дугаар хагас жил гэсэн байна. Маргаашнаас мэдэгдэж эхлэх юм байна гэж ойлголоо. Тодруулж хариулаарай.
Яагаад бизнес эрхлэгч нарын борлуулалт өсөхгүй байна? Эдийн засагт мөнгө хэрэгтэй байна. Өмнө нь төсөв сахилга батгүй байсан учраас сахилга баттай болгоё гэдгийг алга ташаад дэмжиж байна. Гэхдээ эдийн засгийн арай нэг чөлөөтэй бодлого барьдаг хүн байх хэрэгтэй байна. Дандаа ирээдүйгээ харсан чиглэлтэй яваад байвал өнөөдрийн аж ахуйн нэгжүүд сөхөрлөө. Өнөөдөр ард түмэн хүлээх чадавргүй байна. Маргаашнаас эхлээд яаж мэдэгдэх юм бэ?
М.Баяртсайхан: Бид маш хүнд нөхцөлд дефольтоос яах гарах вэ гэдэг сорилтын өмнө зогсож, дөнгөж давж туулаад байна.
Одоо бид цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангах, хүртээмжийг нь ажлын газар бүрт, аж ахуйн нэгж бүрт, айл өрх бүрт хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна.
Бодлогын тодорхой арга хэмжээнүүд авч эхэлсэн. Монголбанкны хамгийн том бодлогын үзүүлэлт бол мөнгөний бодлогын хүү байдаг. Би энэ ажлыг авснаас хойш шат дараатайгаар 5 удаа буулгалаа. Банкуудыг дэмжих үйл ажиллагааг явуулж байна. Заавал байлган нөөцийн хэмжээг 10.5 болгож 1.5 функтээр буулгасан. Мөнгө бол байгаа. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар бол банкны маш чухал үзүүлэлт. Энэ чадвар манай арилцжааны банкуудад 40-50 хувь байна. Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 40-50 хувь нь бэлэн хадгалагдаж байна. Сүүлийн үед эдийн засагт ажиглагдсан сайн зүйл бол зээлийн өсөлт нэмэгдэж байна. Харин бүтцээр нь харахад хэрэглээний зээлийн өсөлт хурдтай, аж ахуйн нэгжид олгож байгаа бизнесийн зээлийн хурд нь арай бага байна. Эдийн засагт жид мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 36 хувьтай гарч байна.
Эдийн засагт замбараагүй мөнгө нийлүүлж байсан зарим жилүүдийг харахад 50-60 хувь хүрч байсан үзүүлэлт байсан. Үүний үр дагавар эдийн засагт ямар нөлөө үзүүлж, ханш унагасан нь гашуун сургамж болж үзсэн. Тэр сургамжийг дзавтахгүйн төлөө байна. 30-40 хувийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гэдэг бол монгол орны эдийн засгийн хөгжлийн одоогийн түвшинд зохистой үзүүлэлт гэж үзэж байна.
Таны хэлсэнчлэн бид дандаа урагшаа харж, зүтгээд байгаа зүйл байхгүй. Мэдээж хэцүү цаг үе ирэхэд тодорхой бэлтгэлтэй байх ёстой. Аливаа орны Төв банкы ирээдүйг харсан үйл ажиллагаа явуулдаг. Учир нь өнөөдөр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ нь 6 улиралын дараа Монголын эдийн засагт илэрч эхэлж байна. Гэхдээ өнөөдрийн ажил амьдралыг орхигдуулаагүй. Инфляцыг барихын төлөө Монголбанк тогтмол ажиллаж байна.