Ж.Ганбаатар:  Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2018.05.30

Ж.Ганбаатар: Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байна. Та хууль санаачлагчын хувьд ямар нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль нь 2007 онд УИХ-аар батлагдсан. Гэсэн ч өнөөгийн нөхцөлд уг хуульд тусгагдаагүй асуудлууд жижиг, дунд үйлдвэрийн салбарт ихээхэн гарч байна. Тиймдээ ч энэхүү хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Нэн тэргүүнд төрийн дэмжлэгийг тодорхой болгох ёстой болсон. Хууль шинэчлэгдэн гарснаар бизнес хийх сонирхлыг төрөөс дэмжиж өгнө гэсэн үг. Иргэд өрхийн аж ахуй, бичил бизнес, дунд бизнес эхлүүлэх гэж байгаа бол уг хууль хөшүүрэг, дэмжлэг болох учиртай юм. Тодруулбал, та жижиг, дунд бизнес эрхлээд явах юм бол төрөөс таньд ногдуулж байгаа орлогын албан татвар нэг хувь, жилийн тайлан чинь мөн адил нэг хувь байна. Татвараа төл, тайлан балансаа гарга, нягтлан заавал ажиллуул, компьютер тавиач гэх зэргээр шахалт үзүүлэхээс илүү эхлээд урдах ажлыг нь хийлгэх нөхцөл бололцоог гаргаж өгч байгаа хэрэг. Хуулийн гол зорилго бол ердөө л энэ. Төрийн байгууллагад ажиллая, гадагшаа явж хар ажил хийе, дарга цэрэг болъё гэдэг бодлуудыг нь бизнес хийх хүслээр өөрчлөхийг эрмэлзсэн. Угтаа бол хүн хөдөлмөрлөж байж л амьдарна шүү дээ. Гэтэл бид манай салбарыг анхаарсангүй, цалин бага байна, бид өлсөнө, босно гэх юм. Яахав буруу бол биш. Гэхдээ нийгмийн халамж, ачааллыг дааж гарахын тулд хүмүүс хөдөлмөрлөж, татвар төлж, баялаг бүтээх ёстой юм. Тиймдээ ч энэ хуулийн хоёр дахь гол зорилго нь иргэдийг ажлын байраар хангахад оршиж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид ямар орлоготой аж, ахуй нэгжийг багтах вэ?

-Хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ гэдгийг маш тодорхой болгосон. 2.5 тэрбум төгрөгийн орлоготой, 200 хүртэлх ажилчинтай бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж үзэж байгаа. Түүнээс дээш орлоготой бол уг хуульд хамаарахгүй. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээ дотор нь бичил, жижиг, дунд гэж гурав ангилсан. Эдгээр ЖДҮ эрхлэгчид маань хурдан шат ахиж 1000, 10 мянган хүнийг ажлын байраар хангаасай гэсэн чинхүү хүсэл надад болон төрийн бодлогод байна.

-Гарааны бизнесээ эхлүүлж байгаа иргэдэд ямар боломж, нөхцөл нээгдэж байгаа бол?

-Өмнө нь хүн бүрээс, аж ахуй нэгж болгоноос тайлан баланс, барьцаа хөрөнгө нэхэж зээл олгодог байсан. Ер нь бодоход дөнгөж бизнес эрхлэх гэж байгаа хүнд ямар барьцаа хөрөнгө, тайлан баланс байв гэж дээ. Харин энэ хуулинд бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж тусгаж өгснөөр уг асуудал шийдэгдэж байгаа. Тодруулбал, бичил бизнес эрхлэгчдэд зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс зөвлөлөөсөө буюу сангаасаа 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг шууд авах боломжийг энэ хуульд тусгасан. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн буриад гутал, машин засварын газар эсвэл бэлэг дурсгалын зүйл хийе гэдэг ч юмуу санал, санаачилга гаргаад ирвэл бид зээл олгоно гэсэн үг. Харин 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж авахаар тусгасан. Банк бол барьцаа хөрөнгө, тайлан балансуудаа нэхнэ. Эргэн төлөгдөх нөхцөлийг нь харна. Бүгдийг банкаар дамжуулах гэхээр маш их шаардлага тавьдаг учир эзнээ олоход хэцүү. Мөн бүгдийг сангаар дамжуулахаар улстөрчдийн нөлөөлөл, танил тал ордог талтай. Иймд уг хууль батлагдан гарснаар хоёроос гурван жилийн дараа гэхэд илүү үр дүнтэй байна гэж итгэж байгаа. Одоогоор хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн байна. Хууль санаачлагч миний үүрэг энэ хүрээд дууссан. Одоо Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гараад Я.Содбаатар гишүүн ахлаад явж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг хүртэл уг хуульд их өөрчлөлт битгий орчихоосой л гэж миний хувьд хүсэж байна. Хэрэв миний концепциос бүр өөрчлөгдчих юм бол би дуугарахаас өөр арга байхгүй. Хууль санаачилсан гишүүд бидний хувьд жил гаран ажиллаж, маш чамбай хууль өргөн барьсан.

Ер нь сайд дарга нар ЖДҮ-ийг дагавар хүүхэд шигээ үздэг. Хааяа нэг хэдэн төгрөг өгчихдөг. Эсвэл чи хөгжихгүй байна, хөгжиж байна гэж хэдэн үг хэлдэг. Цонхны цаанаас чихэр долоолгодог гэх хэлбэрээр явж ирсэн л дээ. УИХ-д том компаниудын, банк санхүү, төмөр зам, уул уурхайн талаар лобби бүлэг их байдаг. Лобби бүлгүүд нь том хуулийн төслүүдэд нөлөөлдөг, багагүй шахалттай ажилладаг. Муу талаараа биш шүү. Харин ЖДҮ-д ийм зүйл алга. Үеийн үеийн ийм л байж. Зовлонг нь мэдэх хүний хувьд би төрийн бодлогод суулгах талаас нь ажиллана.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгохоор хуульд тусгажээ. Иргэдийн дунд өмнө нь төлж байсан татвараа буцааж авах боломж бүрдэх болов уу гэх эргэлзээ байна?

-Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. 2019 оноос эхлэн ЖДҮ эрхлэгчид нэг хувийн орлогын албан татвар төлж эхэлнэ. Харин өмнө нь төлж байсан татварыг төр буцааж төлнө гэсэн ойлголт байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг хаанаас бий болгоно гэж тооцоолсон бэ?

-“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д 50-60 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 10 хувийг ЖДҮ-рүүгээ оруулъя гэсэн заалтыг бид хуульд оруулсан. Үүнээс ойролцоогоор 100 гаруй тэрбум гаруй төгрөг бүрдэнэ. Гэхдээ бид үргэлж төрийн дэмжлэгийг аваад яваад байхгүй. Цаашдаа өөр, өөрийгөө даагаад явах компани, корпорацийн хэлбэрээр явах бүрэн боломж байгаа. 24, 28 оноос ийм боломж бүрдүүлэх ёстой. Энэ бол Япон, Казакстаны явж буй зарчим.

-Хуулийн нэршлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болгожээ. Үйлчилгээний салбарыг нэмж оруулах болсон талаараа тодруулаач?

-Засгийн газрын саналаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль гэж орсон. Хоол хүнс, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний салбарын бүхэл бүтэн арми бий.

Тиймдээ ч энэ хүмүүсийг хуульд зайлшгүй хамруулах хэрэгтэй. Энэ нь үйлчилгээний салбарынханд давуу тал болно гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Мөн дээрх хуулиас иргэнийг хассан. Өмнө нь нэг иргэний нэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” зэрэгээс бүгдээс нь зээл авчихдаг. Гэсэн ч хэн нэгнийг ажлын байраар хангадаггүй сул тал ажиглагддаг байсан. Уг хууль батлагдвал та аж ахуй нэгж байгуулж, ядаж хоёроос гурван хүнийг ажлын байртай болговол төрийн бодлого тань руу харна гэдгийг онцлох нь зүйтэй байх.

-Малчдад ямар боломж бүрдэх бол?

-Малчид хоршоо, нөхөрлөл байгуулаад хуульд хамрагдаад явах бүрэн боломжтой. Урьд нь ЖДҮ-д бүртгэхдээ мөн л тайлан баланс, бусад бичиг баримт нэхэж чирэгдүүлдэг байсан. Үүнийг бид багагүй онцолж харсан байгаа. Одоо бол Х тайлан, аж ахуй нэгжийн гэрчилгээтэйгээ авчирахад л ЖДҮ-ийн хамааралд орж болно.

-Уг хууль ямар салбаруудад хамаарахгүй байхаар болж байгаа вэ?

-Орлого нь 2.5 тэрбумдаа хүрэхгүй байгаа хэдий ч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээдүүд гэж байгаа. Төрийн байгууллага, гадны хөрөнгө оруулалттай компани, банк санхүүгийн байгууллагууд, барьцаалан зээлдүүлэх, жуулчлалын үйлчилгээ, сүлжээ дэлгүүрүүд, алт, уул уурхай эрхлэгчид тус хуульд хамаарахгүй. Үйлчлэх хүрээний хувьд зөвхөн дотоодын аж ахуй нэгжүүд л байна.

-Та өнгөрсөн долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр МИАТ, Кореан айр компаниудын монополь байдал хэрээс хэтэрч байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, холбогдох арга хэмжээ автал нь шахаж, шаардаж ажиллана гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Би жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн борлуулалтад нь ихээхэн санаа зовдог. Манай улсад амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн тоо их, худалдан авах чадвар буучихсан, эдийн засаг өсөлтгүй энэ үед аядал жуулчлал ЖДҮ-ийн салбарыг тэтгэдэг. Дунджаар нэг хүн 1000-1500 ам.доллар Монголд үлдээдэг. Тиймдээ ч жуулчдын тоо их байх ёстой. Гэтэл “МИАТ”, “Кореан эйр” хоёрын нислэг хааашаа ч явсан үнэтэй. “Кореан эйр”-аар Улаанбаатараас Сөүл нисэхэд 400-500 ам.доллар, Сөүлээс Лос Анжелес руу нисвэл 300-400 ам.доллар байдаг гэхэд болно. Үүнээс харахад Улаанбаатар жуулчин ирэхэд хамгийн үнэтэй газар болж хувирч байгаа юм. “МИАТ”, “Кореан эйр”-ийн үнэтэй байдал олон жил үргэлжиллээ. Одоо энэ монополийг халах цаг болсон. Нислэгийн гадны олон компаниуд Монголд орж ирье гэдэг юм байна. Харин “Кореан эйр” 2020 он хүртэл “МИАТ”-тай давуу эрхийн гэрээ байгуулсан байдаг гэнэ. Би бол бүр тодорхой мэдэхгүй. Гэхдээ би энэ гэрээг цуцлуулахыг хүсэж байгаа. Тэр гэрээ цуцлагдсанаараа олон авиа компаниуд Монголд орж ирэн, нислэгийн үнэ буурна гэж бодож байна. Дэлхий нийтэд ч тийм зарчим бий.

Өнөөдөр хэн нэгэн Солонгос руу явах билет авъя гэхэд бэлэн байхгүй л гэж хэлнэ. Ачааллаа дийлэхгүй, үнэтэй байхад яагаад бусад компаниудыг оруулахгүй байна вэ. Энэ бол Монгол Улсыг дэлхийгээс тусгаарлаж байгаа хэрэг. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд чинь “Энэ ундааг л та 10 мянган төгрөгөөр ав” гэж байгаатай ямар ч ялгаагүй. Ийм л дарангуйлалд бид байна. Бидэнд үр хүүхдээ гадагшаа сургах, эмчилгээ үйлчилгээ авах шаардлага бий. Мөн том, жижиг бизнесүүд бүгд гадаадтай холбогдож байж явж байна. Монголд үйлдвэрлэдэг ус, ундаанууд л гэхэд импортоос 60, 70 хувь нь хамааралтай. Талх, нарийн боов хийж байгаа үйлдвэрүүд ч мөн ялгаагүй. Тэгэхээр бизнест хөшүүрэг болох энэ зүйлийг хөгжүүлж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Би энэ сэдвийг анх чуулганд орсон цагаасаа л ярьсан. Хэлээд, сануулаад шийдэгдчих болов уу гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь шийдэгдэхгүй байна. Миний хувьд лобби бүлэг үүсгэж, энэ асуудалд шахалттай ажиллана гэж бодож байгаа.

-Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо, судалгаа хийжээ. Таван толгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар ч яригдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмэнд ногдол ашиг тараах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин та ямар бодолтой байгаа вэ?

-Монголын ард түмний хувьцаанд итгэх итгэл их буурчихсан байгаа. Цэнхэр, ягаан тасалбараас эхлээд хувьцаанд итгэх итгэл нь алдарсан. Энэ хоёр тасалбарынхаа үр шимийг нь хүртээд явж байгаа энгийн иргэн бараг л байхгүй. Миний хувьд Таван толгойг хуваасан хувилбар өнөөдөртөө бол дэмий л гэж харж байгаа. Эхлээд энэ аж ахуй нэгж өөрийгөө авч явдаг, төсөвт мөнгө хуримтлуулдаг байх ёстой. Ирээдүй, хойч үедээ үлдээсэн “Баялгийн сан” бий болгох нь л зүйтэй. Норвеги, Араб шиг “Баялгийн сан”-аасаа гадны томоохон хувьцаа худалдаж аваад мөнгөө өсгөх ч боломж бий. Энэ хэлбэрийг яагаад сонгож болохгүй гэж. Энэ компани ашигтай ажиллаад эхэллээ, мөнгийг нь хуваагаад идье гэсэн зарчим байж болохгүй л дээ. Ногдол ашиг тараах нь мундаг шийдвэр гэж үзэхгүй байна.

Миний хувьд хүмүүст хөдөлмөрлөөч ээ гэж л уриалмаар байгаа юм. Хөдөлмөрлөх процесст нь төр дэмжлэг үзүүлж, дарамтлахгүй байх хэрэгтэй. Цалин олгохдоо хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц цалин олгодог болооч ээ л гэж хүсмээр байна. Түүнээс нэг удаа 100, 200 мянган төгрөг өгөх нь миний Монголын ирээдүй биш. Би ийм популизмыг ойлгодоггүй, тийм учраас дэмждэггүй.

Сэтгүүлч Отгоншаравын Ариунцэцэг