А.Сүхбат: Туул гол эзэнтэй болно
2018.05.16

А.Сүхбат: Туул гол эзэнтэй болно

Туул гол улсын тусгай хамгаалалтын бүсэд байдаг ч аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад байшин, барилга барьсаар байгаа дүр зургийг бид мэдээлсэн. 

Туул голын ойролцоо огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа ч гарчээ. 

Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн А.Сүхбат анхаарал хандуулж, “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг Засгийн газар дэмжсэн. 

Тогтоолын төслийн ажлын явцын талаар А.Сүхбат гишүүнээс тодруулахад "Тусгай хамгаалалтад авах хууль батлахад тавигдах шаардлагыг хангах тухай УИХ, Засгийн газраас даалгасан. Бидэнд ирүүлсэн удирдамжийн дагуу ажлын хэсгийнхэн хуралдана. 

Ер нь бол хууль батлах гэдэг нь тийм хурдан хийчих ажил биш. Бид Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл дээр 2 жил орчим ажиллаж байна. 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Туул гол улсын тусгай хамгаалалтай ой газар нутагтай адил хамгаалагдана. Эзэнтэй болно гэж ойлгох хэрэгтэй. Гол бохирдох асуудал үүсэхгүй болох сайн талтай. Одоогоор ажлын хэсэг хуралдаагүй байгаа учир УИХ-д хуулийн төслийг хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна" гэв. 

Түүнчлэн Туул голын шинэ хуулийн асуудлаар "Усны тухай хууль, Тусгай хамгаалалтын бүсийн тухай хууль зэргийг сайн хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс бид Туул голын тухай тусгай хууль юм уу, УИХ-ын тогтоол гаргая гэж ярьж байгаа.

Бүх улсад Туул гол шиг ийм голынхоо асуудлыг зохицуулсан тусдаа хуультай байдаг. Харин манай улсад байдаггүй. Тиймээс бид ийм хуультай болохоор ажиллаж байгаа" хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагад байр сууриа илэрхийлжээ. 

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна.

Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсөж, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр голдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.

Ямартай ч Усны тухай болон Тусгай хамгаалалтын бүсийн тухай хуулиас гадна Туул голтой холбоотой дахин нэг хуулийг удахгүй хэлэлцэх нь. Харин хууль батлагдвал хэрэгжилтэд анхаарал хандуулах нь чухал байна.