Д.Энхжаргал:

Энэ зуун бол “Эмэгтэйчүүдийн зуун”


9 минут уншина
Д.Энхжаргал: Энэ зуун бол “Эмэгтэйчүүдийн зуун”
Д.Энхжаргал Соц-Интернийн ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч

Vip76.mn сайт “Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?” хэлэлцүүлгийнхээ ээлжит зочинтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

Данзанбалжирын Энхжаргал нь Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүнийг банк, санхүүгийн салбарынхан “банкны Энхжаргал” гэдгээр нь андахгүй. Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн тэрээр сүүлийн үед  эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэр дундаа эмэгтэйчүүдийн  санхүүгийн эрхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс  хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Түүнтэй “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, олон улсын чиг хандлага” сэдвээр ярилцлаа.

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентад МАН-аас 12, АН-аас 1 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Эмэгтэйчүүд хууль батлах байгууллагад олон болох нь ямар үр нөлөөтэй байдаг вэ?

Олон улсын туршлагаас хуваалцмаар байна. Сүүлийн үед олон улсын байгууллагууд хандлага, чиглэлээ өөрчилж байна. Учир нь эмэгтэйчүүд гэдэг энэ их хүчийг эдийн засгийн хөгжилдөө түлхүү оролцүүлж эдийн засгаа хөгжүүлэх ёстой юм байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бол ажиллах маш том хүч. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд хэрхэн оролцуулах, дэмжих вэ? Хэн хэрхэн дэмжих вэ? гэдэг асуулт дээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд маш эрчимтэй хөндөн ярилцаж байна.

Дэвшилтэт засгийн газрууд нийт бүрэлдэхүүнийхээ 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн

Дэвшилтэт засгийн газрууд, тухайлбал Канадын засгийн газар нийт бүрэлдэхүүнийхээ 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Скандинавын орнууд парламентынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Ингэснээрээ тухайн улсын нийгмийн асуудлууд маш нааштайгаар шийдэгдсэн. Боловсрол, Эрүүл мэнд, халамж гэх мэт. Өөрөөр хэлбэл нийгмийн асуудлууд нь сайн шийдэгдэхээр иргэд, ажилчид идвэхтэй ажиллаж, илүү үр дүн гаргах сонирхолтой болсон.

Учир нь хүүхдүүд нь цэцэрлэг яслид бүрэн хамрагддаг. Сургууль нь үнэ төлбөргүй гэх жишээтэй. Ийм байхад иргэд амьдрал ахуйдаа санаа зовохгүй ажил хөдөлмөрөө эрхэлж, үнэт зүйлсийг бүтээж чадаж байгаа юм. Нийгмийн асуудлыг хэн яриад, шийдвэр гаргах түвшинд аваачиж, нааштайгаар шийдүүлээд байна гэхээр эмэгтэйчүүд хийж байна. Нийгмийн асуудал сайнаар шийдэгдэхээр тухайн улс орнуудад хүмүүсийн амьдрах дундаж наслалт өссөн байна.

Жишээлбэл Баруун европ, Скандинавын орнуудын хүн амын дундаж наслалт 80 нас хүрээд байна. Харин манай улсын дундаж наслалт 70 ч хүрэхгүй байна гэдэг нь дунджаар 10 насаар урт наслах боломжоо алдаад байгаа юм.

Иймээс улс төрд байгаа эмэгтэйчүүд дэлхийн чиг хандлага ямар байгаа, ямар үйл ажиллагаа эрхэлж байгааг сурч, танилцаж, холбоо тогтоох ажлууд эрчимтэй хийгдэж байна.

Та Соц-Интерн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын бүсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо манайд болон дэлхийд хэр нэмэгдэж байна вэ?

СоцИнтернийн эмэгтэйчүүдийн байгууллага 100 гаруй жилийн түүхтэй, эгнээндээ дэлхийн 150 гаруй орны зүүний болон социал демократ үзэлтэй, нийгмийн сайн сайхны төлөө ардчилсан үзэлтэй эмэгтэйчүүдийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Дэлхийн бүх тивд өөрийн дэд ерөнхийлөгчтэй. Би Ази номхон далайн бүс хариусан дэд ерөнхийлөгч.

Энэ байгууллагад нэгдсэн 150 гаруй орны зүүний болон социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намуудыг харахаар дунджаар 3/1 хувь нь тухайн улс орондоо парламентийн олонхийн суудлыг авч, ялалт байгуулсан явж байна.

Эмэгтэйчүүд оролцоогоо бодитоор нэмж, үр дүнд хүрэх хэрэгтэй

НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын 62 дугаар чуулган өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотод болсон. Тэр үеэр Соц-Интернийн  Олон Улсын Эмэгтэйчүүдийн Байгууллагын “Е-хөгжил, Хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь” сэдэвт хуралдаан болсон.

Би Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүс  хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувиар хуралд оролцсон. Энэ үеэр оролцогчдын хэлж байгаа гол зүйл бол бид олон жил эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ярилаа. Одоо хийх хэрэгтэй байна. Оролцоогоо бодитоор нэмж, үр дүнд хүрэх хэрэгтэй байна гэдгийг ярилцлаа.

Дэлхийн ихэнх дэвшилтэт нам, засгийн газрууд эмэгтэйчүүдийнхээ улс төр дэх оролцоог 50 хувьд хүргээд байна. НҮБ үүнийг манлайлж удирдлагынхаа 50 хувийг эмэгтэйчүүд болгосон. Дэлхийн улс орнуудын Сангийн яамдуудыг нэгтгэж, удирдаж байдаг Олон улсын валютын сан гэх энэ байгууллагыг өнөөдөр Франц эмэгтэй удирдаж байна.

Би хувьдаа энэ зуун бол эмэгтэйчүүдийн зуун гэж хэлж болохоор байна

Германы канцлер Ангела Меркел гэхэд сүүлийн 3 удаагийн сонгуульд тасралтгүй ялалт байгууллаа.  Английн ерөнхий сайдаар Тереса Мэй гэж эмэгтэй ажиллаж байна гэх мэт эмэгтэй улс төрч, удирдагчид энэ зууныг удирдаж байна. Би хувьдаа энэ зуун бол эмэгтэйчүүдийн зуун гэж хэлж болохоор байна.

Харин Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоо улс төр, төрийн албанд хэр нэмэгдэж байна вэ?

УИХ-д түүхэндээ анх удаа 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна

Дэлхийд төдийгүй манай улсад ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдэж, тэдэнд хандах олон нийтийн хандлага ч сайжирч байна. Жишээлбэл:

  • 2016 оны сонгуулийн дараа УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдлоо. Энэ бол түүхэндээ анх удаа ийм олон эмэгтэй гишүүнтэй болж байна.
  • Засгийн газрын бүтцэд 2 эмэгтэй сайд  ажилладаг.
  • Өнөөдөр 5 аймгийн засаг даргаар эмэгтэй хүн ажиллаж байна.
  • 1 эмэгтэй ИТХ-ын дарга байна гэх мэт Төрийн өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүдийн тоо өссөөр байна.

Цаашид ч эмэгтэйчүүдийн чадавхижуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хувиасаа болон үүрэг хүлээн ажиллаж байгаа улс төр, олон улсын байгууллагынхаа хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд явж байна.

Нийгэм эмэгтэйчүүдийг удирдах албанд ажиллах, шийдвэр гаргах түвшинд оролцож байгааг сайшааж үзэх, итгэл үзүүлэн сонгох хандлагатай болж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн дараагийн алхам юу байна вэ?

Одоо дэлхийн өнцөг бүлан бүрт байгаа эмэгтэйчүүд маань эдийн засгийн эрх чөлөөг олж авах хэрэгтэй байна. 100 орчим жилийн өмнө олон улсад эмэгтэйчүүдийг сонгох сонгогдох, оролцох эрх чөлөө хэрэгтэй байж, түүнийхээ төлөө нэгдэж зүтгэж байж өнөөгийн энэхүү оролцоо бий болсон юм.

Дэлхий дээр эмэгтэй хүнийг сонгох, сонгогдохыг хориглосон нэг ч улс байхгүй болсон

Дэлхий дээр эмэгтэй хүнийг сонгох, сонгогдохыг хориглосон нэг ч улс байхгүй болсон. Энэ бол 100 жилийн хугацаанд бидний олж авсан том амжилт. Харин өнөөдөр бид ямар асуудал ярьж эхэлж байна гэхээр эдийн засгийн эрхээ бий болгоё.

Зарим оронд эмэгтэй хүн газар эзэмших эрхгүй, эдийн засгийн харилцаанд орох эрхгүй

Жишээлбэл: Монгол Улсад байгалийн баялгийг ашиглах 3300 лиценз олгогдсон байна. Үүнээс эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэмшдэг вэ? Маш бага. Зарим оронд эмэгтэй хүн газар эзэмших эрхгүй, эдийн засгийн харилцаанд орох эрхгүй байх жишээтэй.

Тиймээс дэлхий даяараа эмэгтэйчүүдийн эдийн засгийн тэгш эрхийг бий болгоё. Үүнийг тулд эмэгтэйчүүдийн ажлын байртай болох, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг нь дэмжихийн тулд санхүүгийн дэд бүтцийг улс болгонд нь бодлогоор дэмжин гаргаж өгөх хэрэгтэй гэж уриалж байгаа.

Саяхан Ази номхон далайн бүсийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болсон. Чуулганаас ази номхон далайн бүсийн улс орнууд эмэгтэйчүүдийг дэмжсэн санхүүгийн бодлого дэд бүтцийг улс улсдаа хийх тогтоол гарсан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Жендэр ба эмэгтэйчүүд” чуулганыг зохион байгуулж, хуралдаанаас Төрийн банк болон Хөгжлийн банк эмэгтэйчүүдийг дэмжсэн зээлийн санхүүгийн бодлогыг бий болгох хэрэгтэй гэж зөвлөмж гарсан. Энэ чиглэлээр Төрийн банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээлийн судалгаа хийгээд эхэлсэн байна. Судалгааны үр дүнгээс хамаарч зээлийг банк өөрөө санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд гаднаас хөрөнгө оруулалт босгох боломжийг бид судлан ажиллах болно.

30 гаруй жил банк санхүүгийн байгууллагад ажилласан туршлагаа ашиглана

Би 30 гаруй жил банк санхүүгийн байгууллагад ажилласан учраас өөрийн энэ зах зээл дээр хуримтлуулсан туршлага, боломжоо ашиглан эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг олохын тулд шаардлагатай байгаа тогтолцоо, бодлогыг бий болгохын тулд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Зөвхөн Монголдоо гэлтгүй Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд энэ асуудлыг ажил хэрэг болгохоор явж байна.

Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжсэн олон улсын хөгжлийн банк байгуулах ёстой гэдэг саналыг НҮБ-ын индэр дээрээс хэлсэн.

Шат шатны төрийн болон улс төрийн албанд байгаа эмэгтэйчүүдийн чадвар, ёс зүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?

Саяхан МАН-ын Их хурал боллоо. Энэ үеэр МАН-ын үүрийн залуу дарга нар дундаас эмэгтэйчүүд их шударга, тууштай, хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Тиймээс МАН-ын удирдлагын түвшинд хуулиар 20 хувь гэж заасан ч 30 хувь, цаашлаад 50 хувь хүргэх саналыг гаргаж байсан. Үүний үр дүнд МАН-ын Их хурлаар дүрмэндээ өөрчлөлт оруулж удирдлагын 30 хувийг эмэгтэйчүүдийн оролцоог хангахаар тусгаж баталсан.

Харин дэлхий дахинд бол эмэгтэйчүүдийн удирдлагын түвшний оролцоог 2030 оны гэхэд 50 хувь хүргэх зорилго тавьж байгаа. Үүний тулд бид эмэгтэйчүүдээ улам чадавхижуулах шаардлагатай байгаа. Өнөөдөр орон нутаг дахь салбар нэгжүүдэд ажиллаж байгаа эмэгтэйчүүд дараа дараагийн сонгуулиудаар шат ахисан байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэдэнд тусалж, итгэх тал дээр Соц-Интернийн олон улсын байгууллага бүх талаар дэмжлэг үзүүлэх болно.

Эмэгтэй хүний өөрийн мөн чанар бол уян зөөлөн байдаг. Энэ нь хашиж байгаа албан тушаал, үүрэгт ажилд нь сөргөөр нөлөөлдөг учраас эрчүүдээс сул талтай гэсэн нийтлэг ойлголт бий.

Эмэгтэйчүүдэд хүйсийн онцлог мөн чанар байх хэдий ч нийгэм, үр хүүхдийнхээ төлөө зайлшгүй ажиллах ёстой гэсэн чин сэтгэл, зориг тэвчээр бий. Улс төрийн энэ бохир тогоонд суралцаагүй, сэтгэлээсээ бүгдийг хийж явдаг.

Улс төрч ч бай, төрийн албан хаагч ч бай эрэгтэй эмэгтэй гэлтгүй аливаа хүн зөв л байх ёстой. Зөв сэтгэлтэй, ноён нуруутай, шударга зарчимч, хариуцлагатай, хариуцлага хүлээж, даах чадвартай байх ёстой. Мэдээж мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага байж байж дээрх зан чанарууд гарах байх.

Монгол Улс эмэгтэйчүүдээ эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ашиглах хэрэгтэй

Өнөөдөр монгол эмэгтэйчүүд боловсрол, мэдлэгийн түвшингээрээ сайжирч, өндөр хэмжээнд хүрсэн нь харагдаж байна. Харин тэднийг тусалж дэмжээд өгвөл илүү амжилт гаргаж, манлайлж чадна. Тэднийг Монгол Улс эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ашиглаж, ажиллуулах нь чухалаар тавигдаж байна.

Зөвхөн улс төр ч биш төрийн өмч, улсын үйлдвэрийн газруудын төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын ажилд эмэгтэйчүүдийг оролцуулах хэрэгтэй байна. Ийм санаачлагыг гаргаад ажил хэрэг болгохоор ярилцаж байна. Доод тал нь эдгээр байгууллагын удирдлагын 30 хувь нь эмэгтэй байх, хараат бус гишүүд нь эмэгтэйчүүд болвол төрийн өмчийн болон улсын үйлдвэрийг цаашид зөв авч явахад удирдлагаар хангаж чадна гэж үзэж байна.

Манайд улстөрийн эрх тодорхой хэмжээгээр хангагдаж байгаа гэхэд  эдийн засгийн эрх хангалттай бус. Таны санал санаачлага энэ эрхээ эдлэх санамж,  дохиог өгч байгаа нь сайшаалтай санагдаж байна.

Социалист нийгэмд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх бодлого 1990 он хүртэл хэрэгжиж байсан ч ардчилал, зах зээлийн нийгэмд орж эхлээд энэ бодлого алдагдсан. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны  дараагийн залгамж ажил бол эмэгтэйчүүдийг эдийн засаг, санхүүгийн нөөцөөс хүртэх тэгш эрхийн боломжийг бий болгох юм. 

Эдийн засгийн тэгш эрхээ эдэлж байж дараагийн тэгш эрхүүд яригдах ёстой. Тийм учраас бид санхүүгийн боломжуудыг бий болгохын төлөө ажиллаж байна.  Ер нь эмэгтэйчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийг хүчирхэг болгох, чадавхижуулах нь улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг.

Эдийн засгийн тэгш эрхээ эдэлж байж дараагийн тэгш эрхүүд яригдана

Эдийн засаг нь өндөр өсч буй хөгжилтэй орнууд энэ алхмуудыг хийгээд эхэлсэн. Японы Засгийн газраас хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг түлхүү оруулснаар зогсонги байгаа эдийн засгаа хөдөлгөж чадна гэсэн мэдэгдлийг хийсэн.  Азийн орнуудад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд харьцангуй бага оролцдог.

АХБ-наас ийм  судалгааг хийж, хэрвээ эмэгтэйчүүдээ хөдөлмөрийн зах зээлд түлхүү оруулж чадвал Азид хөгжлийн том үсрэлт болно гэж дүгнэлт хийсэн. Тийм ч учраас НҮБ болон хөгжлийн бусад том байгууллагууд эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогоо эрчимжүүлж эхэлж байна. 

Би банк санхүүгийн боловсролтой, хөгжлийн эдийн засагч хүн. 30 гаруй жил улсад ажиллахдаа Монгол Улсад банкны хоёр шатлалтай тогтолцоог бий болгох, эрсдлийн удирдлагын тогтолцоо, мөнгөний бодлогын олон улсын шинэ хандлага, чиглэл, санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, зээлийн мэдээллийн сан зэрэг олон ажлыг санаачилж, оролцож хийж байсан.

Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэхийн төлөө, хөгжилд бодитой оролцогчид болгохын төлөө банк санхүүгийн мэргэжил, туршлагаа ашиглавал илүү ач тустай юм болов уу гэж харсан. Үүнийхээ зэрэгцээ   залуу эмэгтэйчүүдийг ажил үйлсдээ амжилт гаргахад халамжлан хүмүүжүүлэгч буюу менторинг байдлаар ажиллаж,  туслах зорилго тээж явна.

“Санхүү банкны эмэгтэйчүүд” хэмээх төрийн бус байгууллага үүсгэн байгуулаад байна. Удахгүй энэ байгууллагаараа дамжуулан эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг бий болгохын тулд томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярлалаа.