
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ
Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Дамба-очир хийлээ.
Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байна. Тус хороо нь 7 гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, УИХ-аас 6 жилийн хугацаатай томилсон орон тооны бус 4 гишүүнээс бүрдэнэ гэж заасныг үндэслэн Мөнгөний бодлогын орон тооны бус гишүүдэд нэр дэвшүүлэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 5 сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Тус байнгын хорооноос Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарыг Монголбанкны мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.