Б.Цэрэнпүрэв:
Авто замын тухай хуулинд бидний саналыг оруулаагүй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Шинэчлэн батлагдсан Авто замын тухай хуулинд Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос оруулсан санал болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар тус холбооны дарга Б.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.
Долдугаарын сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн Авто замын тухай хуулинд Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбоо замчдын эрх ашгийг хамгаалсан ямар заалтууд оруулсан бэ?
19 жилийн дараа шинэчлэгдэн батлагдсан энэ хууль бол үзэл санаа болон салдбартаа зайлшгүй хэрэгтэй байсан хууль. Цаг үеэ дагаад авто замын салбарт технологи, техник, менежмент, норм, стандарт өөрчлөгдөн хөгжсөн. Энэ бүхэнд хуулийн зохицуулалт нэн шаардлагатай байсан. Энэ бүхнээс хамгийн чухал нь тухайн салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчийн нийгмийн халамж, аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлага, төрөөс баримтлах бодлого зэргийн уялдаа холбоо болон хамгаалал нэн тэргүүнд тавигдаж байгаа юм.
ҮЭ-ийн холбооноос өгсөн саналууд хуулинд огт тусгагдаагүй
Манай байгууллага бол ажилтны нийгмийн хамгааллыг хариуцаж байгаа ҮЭ-ийн холбоо учраас замчдын нийгмийн хамгаалал, аж ахуй нэгжүүдийн төсөв, норм, санхүүжилт, мэргэжилтэй ажилтны боловсрол, олон нийтийн хяналт гэх мэт чиглэлээр энэ хуулийг төслийн хэмжээнд явж байхад маш олон санал хүргүүлсэн. Мөн авто замын байгууллагын бүтэц зохион байгуулалт зэрэгт ч хэд хэдэн саналаа хүргүүлж байсан. Гэтэл ҮЭ-ийн холбооноос өгсөн дараах саналууд хуулинд огт тусгагдаагүй үлдсэн.
Эдгээрээс дурдвал:
Нэгдүгээрт: Авто замын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалал гэсэн нэр томъёог оруулах санал хүргүүлсэн. Учир нь Нийслэл, хөдөө орон нутагт ямар нэг байгалийн гамшиг, ус үер буулаа гэхэд замын салбарын ажилчид, төр хувийн гэхгүй техник хэрэгсэлтэйгээ дайчлагдан ажилладаг. Ажиллаж байхдаа бэртэж гэмтэх, амь эрсдэх ч тохиолдол гардаг. Ийм тохиолдолд нийгмийн халамжаас тодорхой хэмжээний тэтгэмж авдаггүй. Гэтэл Онцгой байдал, Батлан хамгаалах салбар бол ажилтныхаа хувцас хэрэглэл, багаж техникийг хангах, нийгмийн хамгааллыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс дээрх тохиолдолд замчдад нийгмийн хамгааллыг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байсан.
Хоёрдугаарт: Авто зам дээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлын асуудлын талаар заалт оруулах хүсэлт хүргүүлсэн. Яагаад гэвэл замын ажил явагдаад хаалт, тэмдэг тавьсан байхад хаалтыг нь авч хаяад, эсвэл дайрч орж ирээд нэг замчинг дайраад гэмтээсэн, алчихсан жишээ байдаг. Мөн зам хаачихсан байхад дайрч орж ирээд хэрүүл маргаан үүсч зодоон цохион болдог. Ийм тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгээд хуулиар шийдээд явахаар зам тавьж байсан аж ахуй нэгж, эсвэл тухайн замчин буруутай болж шийдэгддэг. Тиймээс тухайн асуудлын буруутай эзнийг хэрхэн тогтоох тухай заалт зайлшгүй энэ хуулинд орох ёстой байсан.
Гуравдугаарт: Төрийн өмчит аж ахуйн төсөвт байгууллагуудын ажилтны нийгмийн хамгааллын талаар заалт оруулах санал хүргүүлсэн. Эдгээр байгууллагууд хувийн ч юм шиг төрийн ч юм шиг тооцоотой ажиллаад олон жил болж байна. Гэтэл энэ байгууллагад ажиллаж байгаа замчид эрүүл мэнд, боловсролын салбарынхантай яг адил төрийн өмчийг арчлан засварлаж ажилладаг. Тэгсэн хэрнээ төрөөс тэтгэмж авах боломжгүй байдаг. Энэ талаарх заалт хуулинд мөн л ороогүй.
Дөрөвдүгээрт: Авто замын салбарын тогтолцооны талаар санал хүргүүлсэн. Гэтэл зөвхөн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын чиг үүргийг л тодорхойлж өгсөнөөс биш яамнаас тусдаа салбарын бодлогоо хэрэгжүүлдэг тохируулагч агентлаг байдаггүй. Парламентийн сонгуулийн 4 жилийн хугацаанд зам, тээврийн аль чиглэлдээ засгийн газар нь илүү бодлого баримтална. Тэр чиглэл нь хөгжөөд нөгөө нь орхигдоод байдаг. Заримдаа зам нь урдаа тээвэр нь хойноо, тээвэр нь урдаа бол зам нь хаягдаад байх жишээтэй. Тиймээс яамнаас гадна салбарын агентлагтай болж байж тогтвортойгоор салбараа хөгжүүлэх боломж нээгдэнэ. Гэтэл энэ талаар заалт нэг ч ороогүй.
Тавдугаарт: Улсын хэмжээнд байгаа зам засвар арчлалтын 28 төрийн өмчит, аж ахуйн төсөвт компанийг төр ч биш хувийн ч биш болгож орхихгүй төрийн өмч давамгайлсан байх тухай санал хүргүүлсэн. Гэтэл хуулинд төр ба хувийн өмч байна гэж оруулсан. Яагаад гэхээр энэ зам бол төрийн нийтийн өмч. Тиймээс эрсдэл, аюулгүй байдал зэргээ тооцох юм бол төр өөрийн өмчөө хамгаалах ёстой юм. Зам засвар арчлалт гэдэг бол маш нарийн ажил учраас төр хувийн хэвшилийн хооронд багахан санхүүжилтийн хөшүүргээр орхигдох эрсдэл харагдаад байгаа юм.
Зургадугаарт: Мэргэжлийн ёс зүйн дүрэм, ёс зүйн хороотой байх тухай санал өгсөн. Учир нь зам чанаргүй байна гэж яриад байгаа ч зам барьж байгаа компанийн ёс зүйн асуудал үүнд нөлөөлж байдаг. Тиймээс хандлагыг өөрчлөх, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, соёлыг бий болгохын тулд хариуцлага чангатгах ёстой. Чангатгалаа гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс өмнө ёс зүйн дүрэм мөрдөх, түүнд хяналт тавих ёс зүйн хороог бий болгох, түүнийгээ мөрдөхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авдаг байх шаардлагатай гэж үзсэн.
Авто замын салбарт өнөөдөр хэдэн аж ахуй нэгж, замчин ажиллаж байна вэ?
Энэ салбарт тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байгаа 540 гаруй компани байна. Тэдний дунд 100 км-ээс дээш зам барих чадалтай техник хэрэгсэл, хүний нөөцтэй нь ч байна, зөвхөн компанийн бүртгэлтэй, тендер авахаараа тоног төхөөрөмжөө түрээслээд, гэрээт ажилчин авдаг компани ч олон байна. Эдгээрт зайлшгүй мэргэжлийн ёс зүйн дүрэм, түүнд хяналт тавих ёс зүйн хороо байх хэрэгтэй. Энэ хуулинд ороогүй хаягдчихсан. Мөн Авто зам засвар, арчлалтын 28 төрийн өмчит аж ахуйн төсөвт компани байдаг.
2012 онд гаргасан тоогоор 8000 гаруй хүн замын салбарт ажиллаж байгаа бол 2017 оны байдлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 5600 замчин албан ёсоор бүртгэлтэй байна. Энэ олон хүний нийгмийн хамгааллын асуудал Авто замын шинэчилсэн хуулинд тусгагдаагүй. Зөвхөн эдгээр компаниуд болон замчдаас замаа барих үйл ажиллагаа, гарах эрсдэл болон үүссэн эвдрэл, осол гэмтэлд хэрхэн хариуцлага тооцож, торгох, шийтгэх заалтууд л ихээр орсон байгаад ҮЭ-ийн байгууллагын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна.
Өмчийн тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа авто зам бол бол Төрийн нийтийн өмч гээд заачихсан. Замын захиалагч болон санхүүжүүлэгч нь Монголын төр. Гэтэл төрөөс замын салбарт санхүүжилт бага өгдөг хэрнээ энэ хуулиар чанар, баталгаа, хариуцлага нэхэж байна гэж та хэлэх гээд байна уу?
Авто замын салбарт санхүүжилт, төсөвих чухал. Жил бүр улсаас, орон нутгаас төсөв өгөөд л байна. Шинээр зам барих ажлууд төлөвлөөд, хийлгээд байдаг. Гэтэл санхүүжилт, төсөв нь тогтсон цаг хугацаандаа ордоггүй. Тэгсэн хэрнээ компаниудаас хариуцлага нэхээд байдаг. Жишээ нь Булган аймагт замын хажуугийн тэмдгийг хэн нэгэн нь дайрч унагаад аваад хаячихсан. Тэр зам дээр нь хурдаа хэтрүүлж явж байгаад зам тээврийн осол гаргачаад зам барьсан компани буруу гээд хариуцлага хүлээлгэсэн байдаг.
Одоо зарим замаа бариад дуусчихсан компаниудад улсаас мөнгийг нь өгөөгүй хэрнээ зам дээр гарсан ослийн хохирлыг зам барьсан компанийг төл гэж шаардах жишээтэй.
Эндээс төр ямар үүрэг хариуцлагатай байх, компани ямар үүрэг хариуцлага хүлээх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуультай энэ хууль яаж уялдсан юм. Энэ мэт учир дутагдалтай зүйл хуулинд харагдаж байна.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш замчид болон зам, барилгын компаниудаас ямар нэг гомдол санал ирсэн үү?
Уг нь Авто замын тухайн хуулийг дагаад 15 журам батлагдаж байж хууль бүрэн төгс хэрэгжих боломжтой болно. Гэтэл Зам, тээврийн яамнаас журмуудаа батлах гэж байна гээд гурав хоногийн өмнө мэдэгдсэн. Бид саналаа өгье гэхээр нэр нэршил, томъёолол нь буруу, зарим төрийн болон хувийн байгууллагын ашиг сонирхолд нийцүүлсэн журмын төслүүд ирсэн.
Журмын төслийн хүрээнд мэргэжлийн байгууллага болон төрийн бус байгууллагуудаа хамруулсан хэлэлцүүлэг явуулах ёстой. Ийм нэг ч хэлэлцүүлэг хийхгүй байна. Наад захын асуудлуудаа гурван тал хэлэлцэн зөвшилцөж байж батлах шаардлагатай. Гэтэл санал авах, хэлэлцүүлэг хийх, зөвшилцөх уулзалт огт зохион байгуулагдахгүй байна. Ингэхээр яаж журмууд батлагдах билээ.
Журам батлагдаагүйгээс болж замын ажил эхэлсэн ч замын компаниуд норм, нормативын үнэлгээгээ шинэчлээгүй явж байна. Үүний цаана замчид хохирч байна. ҮЭ-ийн эвлэлийн байгууллага ажилчны эрхийг хамгаалж, төр, аж ахуй нэгжид шахалт үзүүлэх ёстой биз дээ?
Цалин хөлсийг 2,5 хувиар нэмэгдүүлчихсэн
Энэ хуулиар норм, нормативын санг нэмэгдүүлнэ. Тогтооно гэсэн заалт байгаа. ҮЭ-ийн холбооны зүгээс ажилчдын цалин хөлс, норм, норматив нэмэгдчихсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлаа тусгуулсан. Цалин хөлсийг 2,5 хувиар нэмэгдүүлчихсэн. Гэтэл өнөөдөр үүний дагуу яам нь тендерээ зарлаж, үнэлэхгүй. 2009 онд батлагдсан хуучин үнэлгээгээ мөрдөөд байгаа юм. Цаана нь аж ахуй нэгжүүд барьж байгаа замынхаа үнэлгээг багаар тооцуулж, ажилтанд олгох цалин хөлсний үнэлгээ ч нэмэгдэхгүй хохирч байгаа юм. Энэ өнөө л 15 журам батлагдахгүй байгаатай шууд холбоотой. Гэтэл энэ журамд санал оруулах гэхээр ажлын хэсгүүд нь хуралдахгүй, гурван талын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байна.
Тодруулбал замчин гэхэд нэгээс зургаан зэрэгтэй. Нэгдүгээр зэрэгтэй замчин бол нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 1950 төгрөгөөр үнэлдэг байсан. Үүнийг сая 2,5 дахин нэмэгдүүлсэн байхад салбарын сайдын тушаал гараагүй.
2009 онд тухайн үеийн сайдын баталсан үнэлгээгээр тооцоод явж байна. Замчид хохирч байна шүү дээ.
Энэ үнэлгээг нэмэхийн тулд төрөөс захиалж бариулж байгаа замын үнэлгээг мөн өсгөх шаардлагатай болно биз дээ?
Тэгнэ. Төрөөс зарлаж байгаа тендерийн үнэлгээ нэмэгдэнэ. Тодорхой хэлбэл 1 км замаа үнэлж компаниудаар бариулдаг байсан мөнгөө төр нэмж байж компаниуд ажилтанд өгөх цалин хөлсний үнэлгээг нэмэх юм. Үүнийг журмаа баталж байж шинэчлэх ёстой юм.
Замчид болон замын компаниудын хооронд хөдөлмөрийн маргаан маш их гардаг. Энэ нь улирлын ажилтай нь ч холбоотой байх. ҮЭ-ийн байгууллагад энэ салбарын гомдол маргаан хэр их ирдэг вэ?
Тусгай зөвшөөрлийг олгохдоо аж ахуй нэгжүүдэд өндөр шаардлага тавих хэрэгтэй
Зам барих тусгай зөвшөөрөлтэй 540 орчим компани байдаг гэж би өмнө нь хэлсэн. Эдгээр ихэнх нь компанийн гэрчилгээ, тамга тэмдэгээ аваад явж байдаг захирлуудын цүнхэнд багтчихдаг гэж хэлж болно. Тендер зарлагдлаа материал бүрдүүлж өгнө. Ингэхдээ гэрээгээр хэдэн хүн авч ажиллуулаад, хэдэн техник энд тэндээс түрээслээд ажилчихдаг. Ажилчин аваад сар орчим ажлуулаад хална. Ийм байдлаар ажиллаж олон хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Үүний цаана цалингаа авч чадахгүй, Нийгмийн даатгалаа төлөөгүй, эрүүл мэндийн хувьд хохирсон олон ажилчин байна. 2017 онд ҮЭ-ийн байгууллагад хандсан таван маргаан байна. Нийгмийн даатгалыг компани нь төлөөгүй, цалинг нь өгөөгүй гэсэн шалтгаантай. Мөн энэ салбарт хөдөлмөрийн чадвар алдалт маш өндөр байдаг.
Замын салбарт ажиллах тусгай зөвшөөрлийг олгохдоо аж ахуй нэгжүүдэд өндөр шаардлага тавих хэрэгтэй байна. Шинэчилсэн хуулиар тусгай зөвшөөрлийг Зам, тээврийн хөгжлийн яам олгохоор заасан. Гэхдээ саяхан болсон удирдах ажилтны зөвлөгөөний үеэр салбарын сайд тусгай зөвшөөрөл олгох ажлыг Авто замчдын холбоонд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнийг давхар хяналттай хийхгүй бол чанаргүй зам барьдаг, баталгаагүй компани байсаар байна. Түүнд ажиллаж байгаа замчид ч хохирсоор байх юм.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Монголын Авто замчдын ҮЭ-үүдийн холбоо Монголын нийт замчдын эрх ашгийг хамгаалж байдаг учраас замчид эрх нь зөрчигдсөн болон маргаан үүссэн тохиолдолоо бидэнд хандан мэдэгдэж байхыг хүсч байна.