Б.Эрхэмбаяр:
Монгол хүнээ үнэлж, итгэл өгөх цаг нь болсон
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдаж байсан. Харин энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 11-нд УИХ-аар баталсан . 10 бүлэг 36 зүйлтэйгээ батлагдсан шинэчлэгдсэн хууль 2017 оны 7 сарын 1 ээс хэрэгжиж эхэлсэн юм.
Ингээд Монголын гүүр барилгачдын холбооны тэргүүн Б.Эрхэмбаяртай ярилцлаа.
Хууль хэрэгжээд бараг жил болох гэж байна. Энэ хуулийн ач холбогдолыг Та хэрхэн харж байна?
Хууль гарсан нь хүлээгдэж байсан асуудлын нэг. Энэ бол нэг талдаа сайн. Яагаад гэхээр олон зуун км зам тавьж, өчнөөн гүүр барьдаг. Үүнийг ашиглагч байгууллага дангаараа хариуцахад хэцүү. Хөдөө орон нутагт нэг аймгийн газар нутгийг хөндлөн гарахад 300-400 км байдаг. Энэ замыг аймгийн төв дээр байгаа хүмүүс өдөр бүр үзэж, харж чадахгүй. Тэгэхээр замаа хэсэгчилж аваад сум, сум хариуцаад ажиллах хүч, ажлын байраар хангаад явахад болно. Хуулинд энэ талаар тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын туслан гүйцэтгэгч гэсэн үг.
Энэ хуулинд замын зурвас газрын хэмжээг тодорхой зааж өгсөн нь нилээн ач холбогдолтой болсон гэж зарим мэргэжилтнүүд ярьж байсан. Таны хувьд санал нэгдэж байгаа юу?
Энэ асуудлыг тодорхой болгож өгсөн нь сайн. Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна гэж тодорхой заасан.
Үүнийг мөрдөх хэрэгтэй байна. Жишээлбэл, Нийслэл хотод зам барья, барьсан замаа өргөтгөе гэхээр газар байхгүй том асуудал үүсэж байгаа. Хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Яг замын зурвас гээд хуульчилсан юм бол энэ дотор юу байх уу? Юу байхгүй байх уу? гэдгээ тодорхойлох хэрэгтэй.
Өнөөдрийн нөхцөлд бараг зам дээр нь байшин бариад байна шүү лээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаараад, дагалдаж гарах журмаа гаргах хэрэгтэй..
Зам дээр яригддаг нэг асуудал бол чанар. Шинэ хуулиар зам барьсан компани тухайн замаа 3 жил хариуцахаар заасан байсан. Энэ нь чанартай зам барихад нөлөөлж чадах уу?
Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байхаар тусгасан. Энэ нь чанартай зам барихад тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Гэхдээ чанар, хариуцлага дээр ярих юм их бий. Агуу сэтгэгч Кант: “Чанар бол идэвхи, чармайлт юм” гэж хэлсэн. Ямар ч ажлыг хийхэд идэвхи, чармайлттай, ёс журмын дагуу яв л гэсэн үг ш дээ.
Товчхондоо чанар бол хариуцлага юм.
Хариуцлагаа дагаж боловсон хүчин яригдана. Хуучин системээр зургийн ерөнхий инженер гэж байсан. Аливаа нэг объект хаана зөв босож ирэх вэ? гэхээр цаасан дээр л зөв босож ирдэг. Үүнийг хариуцаж авч явж байгаа хүн чинь хуучин ерөнхий инженер буюу одоогийнхоор төслийн удирдагч юм. Тэгэхээр чанартай зам барихад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсдээ хариуцуулах хэрэгтэй. Энэ талаар би яаманд хэлдэг.
Замын ажлыг мэргэжлийн бус хүмүүс гүйцэтгэснээс чанаргүй зам тавигдаж байна гэсэн үг үү?
Сайны хажуугаар саар зүйл байна. Сайхан чанартай баригдсан зам их бий. Гэхдээ ихэвчлэн замын зурагт алдаа гардаг. Үүнийг хүн санаатай хийж байгаа юм биш. Мэдэхгүй учраас алдаа гаргаад нөгөө чанарын асуудал яригддаг. Харин туршлагатай хүмүүст ажил даалгаснаар залуучууд дагалдаад, туршлагажаад дараагийн боловсон хүчин бэлтгэгддэг. Энэ манайд дутагдалтай байгаа.
Өнөөдрийн Тендерийн хуулиар туршлагатай нэг хүн, туршлагагүй хоёр хүн өрсөлдөөд бага үнэ хэлсэн нь тендер авч байна. Үр дүн нь ямар гарах нь тодорхой шүү дээ.
Хариуцлагын тогтолцоо сайжирч байж, чанар сайжирна. Энэ талаар хуулинд тодорхой заалт орсон уу?
Хуулинд хяналтын тогтолцоог нарийн заасан зүйл байхгүй. Зураг төсөлд алдаа гаргавал зургийн дарга хариуцна, хянасан хүн ерөнхий төлөвлөлтөд дээр алдаа гарвал хариуцна гэсэн ерөнхий заалт орсон.Олон улсад олон систем байна шүү дээ. Жишээ нь: Австрали улсад зургаа гаргасан хүн бүх зүйлээ хариуцаад, өөрөө хянаад, эцсийн бүтээгдэхүүн болгож өгдөг. Энэ хяналтын тогтолцоог манайх ашиглаж болно.
Барилгын хуулинд зохиогчийн хариуцлагын талаар тодорхой заасан байдаг. Үүнийг замын хуульд тусгамаар санагддаг. Яагаад үүнийг хэлж байна вэ? гэхээр зам, гүүр өөрөө барилга байгууламж. Бүх төрлийн инженерийн хийцтэй объектийг барилга байгууламжд тооцно гэсэн тодоройлолт байгаа. Нэг талдаа барилгын хуулиндаа уялдаж ажиллах хэрэгтэй. Замын хууль гарчихлаа гээд хаяж болохгүй. Барилгачид, замчид ялгаагүй бетон хэрэглэж байна. Стандарт норм байгаа.
Чанартай зам барихад зураг стандартын дагуу байх хэрэгтэй гэж та хэллээ. Харин сүүлийн үед тендерт ялахын тулд зургандаа тохируулж төсөв гаргах биш, төсвөндөө тохируулж зураг гаргаад оролцож байна. Энэ асуудал чанаргүй зам барихад нөлөөлөөд байна уу?
Хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн тендер гэнэ гээд хуульчилж болохгүй.
Тендерийг хуулийг өөрчлөхгүйгээр урагшаа гишгэхгүй дээ.
Саяхан баахан тендер зараллаа. Зургийн байгууллага, гүйцэтгэгч хоёр хамтарч тендерт оролцож байна.Та хоёр хуйвалдаад ороод ир гэсэнтэй яг адилхан. Тэр төсөвт нь таарсан зурагтай орж ир л гэсэн үг. Ингээд л болохоо байж байна.
Гүүр барих өртөгийн талд нь ч хангалтгүй төсөв тавьчихсан байна. Дахиад энэ үнийг багасгаад “би гүүр баринаа” гээд нэг байгууллагууд орж ирдэг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоог салбарын хэмжээнд авдаг арга хэмжээ маш тодорхой байх хэрэгтэй. Одоо ЖУРАМ гарч ирэх ёстой.
Салбарын яам зам, гүүр барих төсвийг хүрэлцээтэй байхаар төсөвт суулгахад нөлөөлөх хэрэгтэй. Харин өнөөдөр энэ асуудал шийдэгдэхгүй байна. Үүнийг шийдэх ямар шийдэл байна вэ?
Чанартай юм хийе гэвэл эзэнтэй байх хэрэгтэй. Яам эзний сэтгэлээр хандаж чадахгүй байна. Яаманд үнэ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн зайлшгүй байх хэрэгтэй, өнөөдөр ийм хүн алга. Энэ мэргэжилтэн замын асуудалтай холбоотой судалгаа, шинжилгээ гаргаж, үнийн асуудалд анхаарал хандуулдаг. Төсөвт хэдэн төгрөг суулгавал хэдийн хэмжээний зам, гүүр баригдаж, засварлах талаар тооцоо, судалгаа гаргаж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал амьдралд ойр төсөв гарна шүү дээ. Бас техник, технологио хариуцдаг мэргэжилтэн дутагдалтай байна.
Улсын төсвийг зөв зүйлд зарцуулах ёстой. Яам тендер зарлалаа, нэг хүнд өглөө. Хүлээж авлаа.Дараа нь удирдлагууд солигдоод л явчихдаг. Ингэж болохгүй ээ. Тохирсон төсвөөр,сайн гүйцэтгэгч нар, чанартай ажил хийж чадна.
Салбарт чадвартай мэргэжилтэнүүдээ үнэлж чадаж байна уу?
Манайхан ямар ч нарийн ажлыг хийнэ дээ.
Монгол хүнээ зөв үнэлээд, итгэл өгөх хэрэгтэй. Инженерүүд бүгд өөр өөрийн гэсэн давуу талтай .
Итгэл өгөөд хөрөнгө мөнгийн шийдээд ажил өгвөл хүн хөгжинө. Тэр хүн чинь судална, эрэл хайгуул хийнэ. Бүтээж л таараа. Нэг талдаа шахаж байгаа боловч нөгөө талдаа хүнээ хөгжүүлнэ. Мөнгө нь байвал хаанаас ч техник худалдаад авна ш дээ. Харин хүнээ бэлдэх хэрэгтэй.
Манайд гадны хөрөнгө оруулалтаар зам, гүүр барихаар гадны ажиллах хүчин оруулж ирдэг. Ажил эхлээд дуустал гаднынхныг тавьчихдаг. Гаднынхан хөрөнгө оруулалт хийлээ. Оруулсан мөнгөнийхөө талыг нь аваад гарч байна. Дээрээс нь хүү төлөгдөнө. Оруулсан мөнгөө 2 нугалаад авч байна. Ингээд байвал улс хөгжихгүй. Монголчууд яагаад давхар гүүр барьж чадахгүй гэж, чадна ш дээ.
Ер нь гадны ажиллах хүчин оруулж ирэхдээ салбар салбараар нь хүний тоог маш тодорхой зааж хуульчлах хэрэгтэй.
Жишээ нь Казахстан улс барилга,байгууламжийг зөвхөн Казахстаны компани гүйцэтгэнэ, гадаадын өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг авч ажиллуулж болно гээд хуулиндаа заачихсан байдаг. Гадны туршлагыг бид яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Манай салбараас олон залуучууд гадаадад сурч байна. Ирэхээр нь хүлээж авах эзэн байдаггүй. Манай улсад эзэн хэрэгтэй байна.
Та гүүр барих чиглэлээр 40 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай инженер. Нийслэл хот энэ хавраас эхлэн гүүрэн зам, нүхэн гарц барихаар төлөвлөж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
Нийслэлд гүүрэн зам барих зайлшгүй шаардлагатай.
Том том хотууд хот дотроо гүүрэн замаар яваад хурдны зам руу гардаг. манайд ч ийм боломж байгаа.
Гүүрэн зам барихад тулгарч байгаа нэг хүндрэл бол газрын асуудал. Замын хуультайгаа уялдаж ГАЗРЫН асуудлаа шийдэх хэрэгтэй.