УИХ-ын гишүүд хоёр талын уулзалтууд хийлээ
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын зэрэгцээ гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Британийн парламентын Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын парламентын харилцааг бэхжүүлэхэд харилцан айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь зөвхөн институц хооронд төдийгүй парламентын гишүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэв.
Британийн Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер “Британийн парламентын гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно” гэлээ.
Түүнчлэн БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ри Жун Хёг-тай хийсэн уулзалтаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г идэвхжүүлэх асуудлыг хөндсөн бол, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга Пётр Олегович Толстойтой уулзах үеэр энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын парламентчдын дээд хэмжээний уулзалтад Монголын парламентчид оролцохыг урив.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Саранчимэг нар БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чин Ёнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээрх хоёр орны хүчин чармайлтыг дэмжих, Монгол-Солонгосын хооронд зорчих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгааг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна.