Геологийн судалгааны тайлан 61 хуудас материалыг амгтг-т хүлээлгэн өглөө
УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн
2018.03.27

Геологийн судалгааны тайлан 61 хуудас материалыг амгтг-т хүлээлгэн өглөө

ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайлангуудын хувийг ОХУ-аас Монголын талд шилжүүлж өгсөн билээ.Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт гардуулан өгсөн 70 ширхэг CD болон 61 хуудас холбогдох материалыг өнөөдөр АМГТГ-ын дарга Х.Хэрлэнд хүлээлгэн өгөв.

Манай улсад 1960-1990 оны үед хийгдсэн геологийн судалгааны тайланг ОХУ-аас Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх ажил олон жилийн өмнөөс яригдаж, өндөр дээд түвшний уулзалтууд болон Монгол, Оросын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаануудаар тогтмол хэлэлцэгдэж ирсэн байна.

Хоёр талын холбогдох байгууллагууд олон удаа уулзаж яриа хэлэлцээ хийсний дүнд геологийн судалгааны ажлын тайлангийн материалуудыг ОХУ-ын “Росгеолфонд”, манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн юм. Сайд Д.Сумъяабазар эдгээр тайлан материалууд нь манай улсад ирснээр нүүрс, газрын тос, алт, жонс зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг баяжуулахад чухал хувь нэмэртэй болохыг онцлон хэлэв.