Зам, тээврийн салбарын шилдгүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Зам, тээврийн хөгжлийн яаманд (2018-02-15) болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зам, тээврийн салбарт тууштай ажиллаж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.
“УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Г.Ганболд, “АТҮТ” ТӨҮГ-ын Баянзүрх салбарын дарга Д.Буянхүү нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, “УБТЗ” ХНН-ийн ахмад ажилтан Т.Авирмэд, ИНЕГ-ын нислэгийн мэдээллийн үйлчилгээний хэсгийн дарга Ш.Майбаяр, “МИАТ” ТӨХК-ийн тасгийн дарга Л.Цолмонгэрэл нарын 12 хүнийг “Алтан гадас” одонгоор, ЗТХЯ-ны мэргэжилтэн С.Мөнхбат, Б.Гийвийшинэн, “УБТЗ” ХНН-ийн замын техникч З.Чинбат нарын 5 хүнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнав.
Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Хаврын тэргүүн сар-Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачлагатай ажилласан нэр бүхий хүмүүсийг “Автотээврийн тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин”, “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан”, “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний замчин” хүндэт тэмдэг, Яамны жуух бичгээр шагнах тушаал гаргаж, шагналыг гардууллаа.