2018.02.07
“Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Тэрээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохиролцов.
Тус айчлалын бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажиллаж, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Кан Ил Сонтой Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хороо хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд байгалийн болон техникийн гаралтай гамшгийн менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, талуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана