2018.01.22
Д.Цогтбаатар: Монгол Улсын худалдаа хөгжлийн гадаад харилцаан дээр уул уурхайг хэтэрхий шүтсэн байдлаар хандаж ирсэн
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар MNB телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр Засгийн газрын 100 хоногийн дотор хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцсан юм.
-Гадаад харилцааны салбараас 100 хоногийн хугацаанд хийсэн алхамуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Ялангуяа Хятад улстай энэ хугацаанд хэлэлцээ хийж, өндөр түвшний айлчлалууд хийсэн тухай мэдээллүүд их гарч байсан.
-100 хоногийн дотор улс орны хөгжилд тус нэмэр болохуйц гадны хэлэлцээрийг түншүүдтэйгээ хийх тал дээр онцгой анхаарч ажиллаа. Тэргүүн ээлжинд гадаад бодлогынхоо үзэл баримтлалынхаа хүрээнд хоёр хөрш оронтойгоо харилцан хамтын ажиллагаагаа өрнүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаа. Энэ хүрээнд БНХАУ-д албан ёслолын айлчлал хийсэн. Айлчлалын үеэр өмнөд хөрштэй тухайн үед үүсч байсан, худалдаа эдийн засгийн харилцаанд гараад байсан саад тотгоруудыг бүрэн арилгасан.