Б.Жавхлан: Банкуудын эрсдэл буурч, зээлийн хүүгээ бууруулах боломжийг бүрдүүлнэ
2018.01.18

Б.Жавхлан: Банкуудын эрсдэл буурч, зээлийн хүүгээ бууруулах боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, батлах юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлан гаргасан. Харин маргааш /өнөөдөр/ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Уг хуульд тусгаж өгсөн гол өөрчлөлт нь юу вэ?

-Анх дээрх хоёр хуулийг 1992 онд батлан гаргасан. Монгол Улсын банк, санхүүгийн хамгийн суурь, үндсэн хоёр хууль гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийнх нь гурав дахь нь юм. Төв банкны тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш / өнөөдөр/ хэлэлцэнэ.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Одоо бол Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр хийж байна. Өөрөөр хэлбэл, үйл явдал болсны дараа нь хяналт, шалгалт хийдэг.

Тиймээс урьдчилсан буюу эрсдэлд суурилсан байхаар хуульчилж байна. Нэг үгээр хэлбэл, аливаа банкинд ямар нэгэн эрсдэл учрахаас нь өмнө Төв банк илрүүлж, түүнийг нь таслан зогсоох, цаашлаад хувьцаа эзэмшигч болон татвар төлөгчдийн хөрөнгөд эрсдэл учруулахгүй байх зохицуулалтыг хийх чадамжтай болж байна гэсэн үг. Агуулгын хувьд ийм л эдийн засгийн гол өөрчлөлт орж байгаа гэж ойлгож болно.

-Олон нийтийн дунд янз бүрийн л ойлголт явдаг. Тухайлбал, зээлийн болон хадгаламжийн хүү зэрэг асуудал маргаан дагуулж, хөндөгддөг сэдэв. Энэ бүхнийг хуульд хэрхэн зохицуулж, тусгаж өгсөн юм бэ?

-Энэ удаагийн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтөд зээлийн хүүтэй холбоотой заалт байхгүй. Харин хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд нэг л өгүүлбэр бий. Тэрхүү заалтыг нь Ажлын хэсэг болон УИХ- аас хуулийн төслийг өргөн барьсан нөхдөд нь буцаасан. Харин банкинд орох ёстой өөрчлөлтын том агуулгыг УИХ-аар хэлэлцэж байна.

-Үйл ажиллагаагаа явуулж байсан олон банк хаалгаа барьсан байдаг. Тэгвэл Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, гаргаснаар банк дампуурахгүй байх эрсдэл хэдэн хувиар буурах вэ?

-Өмнө нь аливаа банк татан буугдсан тохиолдолд банкинд байсан олон нийтийн мөнгөн хөрөнгийн ихэнх хувийг төсвөөс буюу татвар төлөгчдийн   хөрөнгөөс төлдөг. 

Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна.

Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг тусад нь авч үзнэ гэсэн үг үү?

-Зээлийн хүү гэдэг нь юу вэ гэдгийг эхлээд бүтцээр нь ярих хэрэгтэй. Зээлийн хүү гэдэг нь эдийн засгийн өнөөгийн байдпын л тусгал нь юм. Өнөөдөр манай эдийн засгийн тогтворгүй, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай, нөгөөтэйгүүр биднээс хамаардаггүй зүйлүүд эмзэг байна.

Эдийн засгийн өртөг, тусгал нь л ийм байна. Тэгэхээр эдийн засгийн өртгийг сууриар нь буулгахын төлөө л ажиллах хэрэгтэй. Эхлээд хадгаламжаа бууруулах шаардлагатай. Ингэж байж дараа нь зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих хэрэгтэй болно.

-Энэхүү хуулийг баталж гаргаснаар арилжааны банкиуд татан буугдах, дампуурах эрсдлээс сална гэж ойлголоо, зөв үү?

-Ер нь, бол дампуурсан хойно нь биш өмнө нь Төв банк эдийн засгийн аюулгүй байдлыг хангах боломжтой болж ирж байгаа юм.

-Аливаа нэг банк хаалгаа барихад хохирлыг нь татвар төлөгчдийнмөнгөнөөс гаргаж, төлдөг байсан. Хэрэв хууль батлагдсан тохиолдолд банк хаалгаа барилаа гэхэд тэр мөнгийг нь, хохирлыг нь хэн төлөх вэ?

-Төрөөс баталгааны тухай хууль гарч байсан. 2013 онд хугацаа нь дууссан. Түүнээс хойш бид хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон. Одоо бол Хадгаламжийн даатгалын корпорац гээд хадгаламжийн системийн гал хамгаалагч нь болж байгаа шинэ тогтолцоотой болсон. Хэрэв цадшид эдийн засгийн таагүй байдлаас болж банкиудад хүндрэл гарч, хаалгаа барихад хүрвэл Хадгаламжийн даатгалын карпораци нийт ард иргэдийнхээ мөнгөн хадгаламжийг даатгасанбайгаа болохоор тэндээс мөнгийг бүрэн төлөх боломжтой болж байгаа юм. Үүнийг сайжруулах зорилгоор Засгийн газраас хууль өргөн барьсан байна билээ.

-Танд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад зайлшгүй байх ёстой гэж бодсон заалт байна уу?

-Заавал ярих ёстой чухал асуудал үлдсэн. Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа миний бодож байсан шиг батлагдаж гараагүй. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд тийм зүйл байхгүй. Маш сайн хэлэлцэж байна.

Сэтгүүлч Б.Төгөлдөр