Гадаад харилцааны сайд ТВС-2МС онгоцны угсрах үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “ТВС-2МС” агаарын хөлгийн угсралтын ажлын явц, байдалтай танилцсан.
Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ИНЕГ, “МИАТ” ХК-ийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ үеэр МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш тус компаний инженер техникийн хамт олон “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед засвар хийн АНУ-ын “Honeywell” компанийн ТРЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн таван алгат сэнс суурьлуулж шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг угсарч байгааг танилцуулсан болно.
Тэрбээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг үндэсний мэрэгжилтэнгүүдийн хүчээр эх орондоо гүйцэтгэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг онцолсон.
Түүнчлэн, нисэхийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл өргөжиж, иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгохоос гадна бизнес аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэргээр нийгмийн болон бизнесийн бусад салбарт нисэхийн үйлчилгээг ашиглах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглсэн. “ТВС-2МС” нисэх хөлгийн угсралтын ажил нь 2017 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 80-85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин тулгарч байгаа гол асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг ИНЕГ-ын удирдлагууд онцолж, Засгийн газрын зүгээс анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн болно.