Ч.Жаргалсайхан:
Даатгалын байгууллагууд, ялангуяа шуурхай удирдлагын алба нь зохион байгуулалт муутай байна
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочын даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.
Энэ хүрээнд бид Замын цагдаагийн албаны Техник, хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.
-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжсэнээр Замын цагдаагийн ачаалал буурсан гэж үзэж болох уу?
-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль гараад 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хууль гарснаар жолооч нарын хөдөлгөөнд хариуцлагатай оролцох байдлыг нэмэгдүүлсэн. Учир нь тухайн жолооч санамсаргүй, болгоомжгүй үйлдлээр зам тээврийн осол гаргаж, тодорхой хэмжээний хохиролыг өөртөө болон өрөөлд учруулдаг. Үүнийг даатгалаар төлдөг тогтолцоо юм л даа. Энэ тогтолцоо дэлхийн ихэнхи оронд хэрэгжиж байна. Хуулийн агуулга нь жолооч заавал даатгуулж байх ёстой бөгөөд энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бол бусдад аюул, хохирол учруулахгүй байх эрсдлийг бууруулж буй агуулгатай юм.
Энэ хууль хэрэгжсэнээр замын цагдаагийн байгууллагын ажилд их нэмэр болсон.
Хууль гараагүй байхад хоёр иргэний хооронд гарсан маргааныг заавал цагдаагийн байгууллага шийддэг байсан бол одоо даатгалын компаниар шийдүүлж байна. Энэ утгаараа цагдаагийн ажилд эерэг үр дүн авчирсан. Заавал цагдаагийн байгууллагаар гэмт хэрэг үү, зөрчил үү гэж шалгуулж байхын оронд иргэдийн хооронд үүссэн харилцааны асуудлыг энэ хуулиар зохицуулж өгдгөөрөө давуу талтай.
-Сая Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан жолооч болон даатгалын компаниудын дунд үүсээд байгаа асуудлыг Замын цагдаа хэрхэн харж байна вэ?
-Заавал цагдаа оролцох ёстой асуудлууд байдаг. Хэрвээ тухайн зам тээврийн осол хэрэг үйлдсэн этгээд согтуу байвал зөвхөн даатгалаар үйлчлүүлэх боломжгүй. Хоорондоо маргаан гарвал цагдаа оролцохоос өөр аргагүй.
Хоорондоо мэтгэлцэж маргаад байгаа асуудал дээр даатгалын компаниуд боловсон хүчин муутай байна. Тиймээс цагдаагийн байгууллага хэний зөв бурууг тогтоох асуудал дээр акт гаргаж өгдөг. Мэтгэлцэж маргалдаагүй, согтуугаар үйлдээгүй, хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй тохиолдолд бүх ослыг даатгалын хуулиараа даатгалын тохиолдол гэж шийдвэрлэдэг.
Үүнтэй холбоотойгоор энэ намраас хэвлэлээр шуугиж, жолооч нар заавал цагдаагийн тодорхойлолт авах уу, үгүй юу гэдэг асуудал яригдсан. Албан журмын даатгагчдын холбоо болон даатгалын компаниудад Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны шийдвэр гаргаж өгсөн. Эрүүл мэнд хохироогүй, хоорондоо мэтгэлцээн маргаангүй, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд жолоодоогүй тохиолдолд даатгалын тохиолдол гэдгээр нь авч үзээд цагдаагийн байгууллагын тодорхойлолт шийдвэргүйгээр хохиролыг барагдуулах үүргийг Санхүүгийн зохицуулах хороо гаргаж өгсөн.
-Яг энэ асуудал дээр хохирол үнэлгээчдийн холбооны зүгээс хуулиас давсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо гаргасан гэж байгаа. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үгүй шүү дээ. Иргэдийг нааш цааш нь явуулахгүй, чирэгдэлгүй болгож, заавал цагдаагаар явуулалгүйгээр хохирлоо барагдуулах нь зөв. Даатгалын компаниудын холбоо гэж бий. Тус холбооноос бидэнд албан ёсны бичиг ирүүлсэн. Тэр бичгийн дагуу энэ асуудлыг Санхүүгийн зохицуулах хороонд тавьсан. Тэнд ажлын хэсэг хуралдаад албан ёсоор энэ шийдвэрийг гаргаж өгсөн.
Иргэдээс татвар, мөнгийг авсан бол ажил үйлчилгээг нь заавал хийж өгөх ёстой.
Ямар нэгэн чирэгдэл гаргаж, нааш цааш явуулдаг асуудлаа боль гэсэн. Иргэдийн зарим нэг нь утсаар дуудлага өгөхөөр заавал цагдаагаар зохицуул гэж байна гэсэн гомдол ирсэн. Хоорондоо тохиролцоод асуудлаа шийдье гэсэн бол цагдаагаар үйлчлүүлэх эсэх нь иргэдэд нээлттэй.
-Нэг иргэн даатгалын тохиолдол гаргаад, даатгалын компани руугаа хандсан боловч цагдаагийн тодорхойлолт авчирахыг шаардсан гэж бидэнд хандсан?
-Энэ бол хууль зөрчиж байна. Санхүүгийн зохицуулах хороонд мэдээллэх ёстой. Гаргасан журмыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг.
-Дунджаар өдөрт хэр хэмжээний осол гарч Замын цагдаагийн албанаас хэдэн цагдаа үйлчилдэг вэ?
-Монгол Улсад авто машины тоо маш их болсон. Үүнийгээ дагаад ослын тоо ч ихэссэн. Өдөртөө 300 орчим зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл ирж байна. Энэ болгонд хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлэхийн төлөө цагдаагийн байгууллагууд ажлаа хийж байна.
Өдөрт нэгж цагт дунджаар цагдаагын 24 машин зам тээврийн ослын дуудлагад явж байна. Өдөрт багаар бодоход нэг цагдаагийн машинд арваад ослын дуудлагад очдог. Нэг дүүрэгт дөрвөн ширхэг автомашин явж байгаа юм л даа. Зарим дүүрэгт гурван машин, заримд нь таван машин дуудлагад явж байна. Нэг машинд хоёр байцаагч явна.
Даатгалын байгууллагууд, ялангуяа шуурхай удирдлагын алба нь зохион байгуулалт муутай байна. Улаанбаатар хотод гэхэд энэ үйлчилгээнд маш цөөхөн машин явж байгаа. Бид Санхүүгийн зохицуулах хороо болон Албан журмын даатгагчдын холбоотой энэ асуудлаар ярилцаж, асуудлыг тавьсан. Энэ ажил нааштайгаар яригдаад явж байна.
Даатгалын компаниудаас дөрвөн компани нь хувьдаа нэг, нэг машинтай. Тэдгээр компани зөвхөн өөрсдийн даатгалын дуудлагуудад явдаг. Харин бусад нь нэгдээд дундаасаа нэг компанитай гэрээ байгуулсан. Тэр компани нь дуудлагад нь явж өгдөг ч зургаа, долоон машинтай болохоор хүрэлцээ муутай. Ийм дундын үйлчилгээ үзүүлдэг компаний хувьд аль ч талынх нь талд орох ёсгүй. Ийм цаг минутанд ийм жолооч осол гаргасан гэдэг материалаа бүрдүүлээд мэргэжилтэнгүүддээ өгдөг. Мэргэжилтэнгүүд нь хоорондоо мэтгэлцэнэ.
Даатгалын компаний зүгээс гаргаж байгаа машины тоо цөөдөөд байгаа. Ядаж 30 орчим болгож байж даатгалын тохиолдолд шуурхай очиж, ажил үйлчилгээгээ явуулна. Даатгалын тогтолцоо сайжирбал цаашлаад дэргэдээ засварын газруудтай байж болно шүү дээ.
-Замын цагдаагийн зохицуулагч нар зам тээврийн осол зөрчил гаргаад, даатгалын шуурхай албыг хүлээж байгаа жолооч нарыг хурдан зам чөлөөл гэсэн шаардлага тавьдаг. Үүнээс болоод зарим жолооч нар даатгалын үйлчилгээгээ авч чадахгүй тохиолдол гардаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Осол гарсны дараа зам чөлөөлөхгүй удаад байвал замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх нь ойлгомжтой. Бусад улс, оронд зургийг нь аваад шууд даатгалын компани руугаа яваад очдог. Монгол Улсад даатгалын компаний үйлчилгээ муу байгаа учраас осол гаргасан даатгуулагчид зам дээр хүлээгээд зогсоод байгаа юм.
Иргэд түгжрэлд маш их бухимддаг. Гэтэл бид хоёр мөргөлдсөн гээд замаа чөлөөлөхгүй, бусдын хөдөлгөөнийг хаагаад зогсоод байх нь утгагүй. Тийм учраас замын цагдаагаас замаа хурдан чөлөөлөх шаардлага тавьдаг байхыг үгүйсгэхгүй.
Цаашдаа даатгалын тохиолдлын ажил үйлчилгээг боловсронгуй болгох шаардлагатай.
Зарим тохиолдолд нэг даатгалд даатгуулсан хоёр машин мөргөлддөг. Энэ тохиолдолд асуудалгүй нэг газраа очоод шийдэгдчихдэг. Харин хоёр өөр даатгалын компаний машин мөргөлдсөн тохиолдолд жолооч нар нь биш хоёр байгууллагын даатгалын мэргэжилтэнгүүд хоорондоо мэтгэлцэх ёстой. Буруутай талын даатгалыг тухайн компани гаргах учраас ашигтай ажиллахын тулд жолоочийнхоо эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэнэ. Жолооч бол та нар шийд л гээд зогсоно. Нэг үгээр хэлбэл мэтгэлцээн хаана үүсэх вэ гэвэл жолооч нарын хооронд биш мэргэжилтэнгүүдийн хооронд үүсэх ёстой гэсэн үг. Тийм учраас даатгалын компаниуд маш сайн мэргэжилтэнгүүдтэй болох ёстой.
Ялангуяа замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн бэ гэдэг асуудал дээр ослын дуудлагад очиж байгаа замын цагдаагийн байцаагч нарын хэмжээний дүгнэлт хийх чадамжтай, туршлагатай хүмүүсээр бэхжих ёстой.
Даатгалын компаниуд тийм мэргэжилтэнгүй учраас аль болох цагдаа руу явуулах сонирхолтой байна. Гэтэл манай цагдаагийн байгууллага тэр болгон осолд очоод байж чадахгүй. Удаж байж очих нь бий. Нэг осолд оччихоод дараагийнх руу явсаар байтал маш их хүлээгдэж, чирэгдэл учирдаг. Энэ бол төрийн үйлчилгээ учир даатгал нь ч тэр, цагдаа нь ч тэр шуурхай очиж байх шаардлагатай. Гэхдээ аль болох хүний эрүүл мэндтэй холбоогүй, маргаан мэтгэлцээнгүй, согтууруулах, мансууруулах бодис хэрэглээгүй бол даатгалаараа асуудлаа шийдүүлэх нь иргэндээ ач холбогдолтой.
-Та уг хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлагатай гэж бодож байна уу?
-Сайжруулах зүйл байна уу гэвэл байна. Жолооч даатгалын тохиолдол гаргаад байвал жил бүр даатгуулах мөнгө нь өсдөг, эсрэгээрээ осол гаргахгүй байвал жил бүр төлөх даатгалын хэмжээ буурдаг. Тиймээс аль болох даатгалаа төлөөд, осол авааргүй яваад байвал жил ирэх тусам хувь процент нь буурна. Үүнийг иргэд маань бас сайн ажиглах ёстой.
Даатгалын холбооныхон цагдаагаар осол хэргээ хагалуулах гэсэн, даатгалд хамруулах асуудлыг цагдаагаар түрий барих гэсэн асуудлууд байна. Цагдаагаар түрий барьж даатгалыг төлүүлдэг тогтолцоо бусад оронд байхгүй.
Компаниуд өөрдсөө гэрийн хаягаар, утсаар нь тэр хүнтэй утсаар яриад таны даатгалын хугацаа дуусч байна гээд холбогдож болно. Цагдаагаар түрий барина гэдэг бол хуучинсаг ойлголт. Даатгалын компани даатгагчаа олж авахын тулд өөрдсөө санал санаачилгатай ажиллана уу гэхээс цагдаагийн албадлагыг хэрэглэх шаардлагагүй гэж би боддог.
Энэ хуультай холбоотой бусад улсын сайн жишээг Монгол улсад нутагшуулах хэрэгтэй.
-Тухайлбал ямар сайн жишээ байна?
- Ослын дараа даатгалын байгууллага тухайн машиныг нь авч үлдээгээд, өөр машин даатгуулагчид гаргаж өгдөг ч улс орон байдаг. Дэлхийн ихэнхи оронд эд хөрөнгөөрөө хохирч үлдэнэ гэдэг ойлголт байхгүй болсон байна. Даатгалыг нь хариуцсан компани хохиролыг нь барагдуулж чаддаг гэсэн үг. Жишээлбэл, 2016 оны цоо шинэ Ланд байлаа гэж бодоход осолд орвол даатгалын компаниас цоо шинэ Ланд маркийн машиныг гаргаж өгөөд машиныг нь авч үлддэг. Энэ машиныг эргэж унахгүй гэвэл шинэ машинаа унаж болно гэж хэлдэг. Ийм маягаар хүнийг хохироохгүй байх талаас бүх зүйлийг хийдэг. Ийм чадалтай даатгалын тогтолцоотой болоосой гэж боддог. Гэхдээ энэ тогтолцоо Монгол Улсад хөгжих арай л болоогүй байна.