Э.Мөнхбаяр:
Санхүүгийн зохицуулах хороо ажлаа сайн хийх шаардлагатай
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог.
Энэ удаад "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Жолоочын хариуцлагын даатгалтай холбоотойгоор жолооч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон энэ асуудлыг шийдэх ямар гарц байгаа талаар энэ асуудлын хөндөж найман цуврал нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэсэн С1 телевизийн сэтгүүлч Э.Мөнхбаяртай ярилцлаа.
-Та Албан журмын даатгал төлж байгаа жолооч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар цуврал сурвалжлага бэлтгэж, үзэгчдэд хүргэсэн. Сурвалжлага бэлтгэж байх явцад ямар асуудлууд байсан бэ?
Жолоочийн хариуцлагын даатгалыг 2012 оноос эхлэн албан журмаар даатгадаг болсон. Жолооч нарт халгаатай асуудал байна.
Шүргэлцэх төдийд гэж хөнгөн хэмжээний бусдын эд хөрөнгө, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, албан байгууллагын байгууламжид тодорхой хэмжээний хохирол учруулахыг хэлдэг.
Энэ асуудлыг хоёр тал буюу хохирогч, тухайн ослыг үйлдсэн жолооч нар хоорондоо тохиролцоод маргаангүй байх юм бол цагдаа гэхгүйгээр даатгалаар энэ асуудлаа шийдүүлэх боломжтой.
Гацаан юу байна вэ? гэхээр Замын цагдаа дуудаж байж шийднэ хэмээн даатгалын компаниуд гүрийдэг.
Уг нь бол Замын цагдаа дуудахгүй, даатгалын компани асуудлыг шийдэх боломжтой талаар хуульдаа заачихсан байгаа.
-Арилжааны даатгалын 15 компани, албан журмын даатгалыг хэрэгжүүлж байгаа. Зөрчил бүх даатгалын компани дээр илэрч байна уу?
Даатгалын 15 компани байдаг, үүний 5 нь монополь буюу нийт даатгуулагчийн 60 орчим хувийг эзэлдэг. Эдгээр даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлт нэхдэг тогтолцоогоо ашиглаад даатгуулагчийн мөнгийг гаргаж хохирлыг барагдуулахгүй байгаа нь нэвтрүүлэг бэлтгэж байхад анзаарагдсан.
-Энэ асуудлаас болж жолооч нар хохирлоо өөрсдөө гаргаж байна уу?
Үүнээс болоод жолооч нарт гацаанд орчихсон. Халааснаасаа мөнгөө гаргаж хохирлыг барагдуулдаг тогтолцоо үүсчхээд байна. Шинээр тээврийн хэрэгсэлтэй болж байгаа жолооч дээр даатгалын компаниуд өөрсдөө очиж “манай даатгалын компанид даатгуулаарай” гэж гэрээ хийдэг. Дараа нь үйлчилгээгээ авах гэхээр хүнд суртал гаргадаг л байдалтай байна.
- Жолооч нар зөрчигдсөн эрхийнхээ талаар холбогдох газруудад гомдол гаргаж чадаж байна уу?
Даатгалын компаниудаар хохирлоо гаргуулж чадаагүй маш олон жолооч нар байдаг юм байна. Жолооч нар маань хаана хандахаа мэддэггүй, бас цаг завгүй, ажил их ихтэй байдаг шалтгаанаар тэр бүр холбогдох газарт нь хандаад байж чаддаггүй юм байна лээ.
-Жолооч нарт тулгараад байгаа энэ асуудлыг шийдэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Энэ байгууллагынхан ямар хариу өгсөн бэ?
Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудад хүсэлт хүргүүлсэн гэдэг ганц хариу өгсөн.
Хүсэлт хүргүүлээд орхичихдог, даатгалын компаниуд хуучин тогтолцоогоороо ажлаа үргэлжлүүлээд явж байна. Уг нь асуудлыг шийдэж, эрх зүйн зохицуулалт хийх ганц байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо.
Гэтэл энэ байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримталдаггүй, давуу эрхтэй даатгалын компаниуд жолооч нарыг хохироосоор байна.
-Даатгалын компаниудын төлөөлөл бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Жолооч нарын даатгалын хураамжийн хэмжээ маш бага. Хангалттай хэмжээний сан бүрдүүлэхэд хүрэлцэхгүй байгаа гэсэн тайлбар хэлж байсан. Бас хураамж нэмэгдэж байж чанар сайжрах боломжтой гэсэн байр суурьтай байсан?
Албан журмын даатгагчдын холбооныхон жолооч нар тээврийн хэрэгслээсээ шалтгаалаад 44,000-120,000 орчим төгрөгийн даатгал төлдөг гэсэн мэдээллийг өгч байсан. Ийм хэмжээний татварыг 650 мянган жолооч төлж байна.
Бодит байдал дээр хар ухаанаар бодоод үзсэн ч даатгалын компаниуд ашиггүй ажиллаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа. Нарийн хяналтын системтэй байвал аяндаа аль нь үнэн, худал яриад байгаа нь гараад ирнэ. Жолооч нарт ээлтэй албан журмын даатгалын тогтолцоотой улс орон олон байна.
-Жишээ нь ямар улс, орон байна вэ?
Австри, АНУ зэрэг олон улс оронд замын цагдаа дуудахгүйгээр даатгалын компаниуд хохирлоо барагдуулдаг сайн тогтолцоо байна. Манайд жолооч нар даатгалынхаа үр шимийг хүртэхгүй байгаа нь хамгийн том асуудал.
Бодит үр дүн гаргахын тулд Санхүүгийн зохицуулах хороо хяналттай сайн тавьж, цагдаагийн тодорхойлолт нэхээд байгаа энэ асуудлыг хуулийн хүрээндээ шийдээд өгчихвөл тэр дороо шийдэгдэх боломжтой асуудал.
-Жижиг ослын үед заавал Цагдаагийн тодорхойлолт шаардаж байгаа нь даатгалын компаниуд болон Замын цагдаагийн газарт аль алинд ашигтай юм биш үү?
Нэвтрүүлэг бэлдэж байхад Замын цагдаагийн газрынхан байр сууриа илэрхийлж байсан. Тэд “Манайх даатгалтай холбоотой байр сууриа илэрхийлээд байх статустай байгууллага биш.
Хамгийн их осол гардаг Чингэлтэй дүүрэгт өдөрт 30-50 шүргэлцэх хэмжээний болон бусад осол гарч байна.
Энэ дүүрэгт гуравхан машин ажилладаг” гэж.
Маш их ачаалалтай ажиллаж байгаа учраас жолооч нарын Цагдаагийн хэлтэс дээр очоод бичиг баримтаа аваарай гэж хэлэх тохиолдол их гардаг.
Энэ нь жолооч нарт маш их чирэгдэл гардаг.
Замын цагдаагаас бичиг шаардахгүй жижиг ослын хохирлыг даатгал барагдуулна гэвэл бидний ажлын ачаалал багасна гэж тэд хэлж байсан.
Харин даатгалын компаниуд Цагдаагийн тодорхойлолт шаардаж, жолооч нарын хохирлыг барагдуулахгүй байх сонирхолтой байгаа.
-Сурвалжлагынхаа явцад энэ асуудлыг шийдэх ямар гарц олж харсан бэ?
Санхүүгийн зохицуулах хороо төр төлөөлж буй ганц байгууллага.
Энэ байгууллага жолооч нарын эрх ашгийн төлөө явах ёстой л гэж дахиад хэлье.
Гаргасан хууль, журамнаас дээгүүр эрх эдэлж байгаа арилжааны даатгалын компаниудтай хариуцлага тооцох хэрэгтэй.
Яг энэ асуудлыг хөндсөн телевизийн найман цуврал нэвтрүүлэг бэлтгэхэд Санхүүгийн зохицуулах хороо асуудлыг шийдэх, гаргалгаатай мэдээлэл өгөөгүй. Даатгалын компаниудад хүсэлт илгээсэн гэсэн ганц л хариултыг өгсөн.
Хүсэлт илгээгээд хүлээгээд байвал асуудал шийдэгдэхгүй, дорвитой арга хэмжээ авч чадвал Замын цагдаагаас тодорхойлолт шаардахгүй, даатгалын компаниуд жолооч нарын хохирлыг барагдуулаад явах гарц харагдсан.