Дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал дүүргүүдийн дарга нарт шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон өөрчлөлтүүд, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, техник, технологийн шинэчлэл, хийж хэрэгжүүлж байгаа болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн дүүрэг тус бүрт байгаа Онцгой байдлын хэлтсүүдийн хувьд тулгамдаж байгаа асуудлын талаар дүүргүүдийн Засаг дарга нартай санал солилцож, тодорхой асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн хувьд шинэ хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүлэг байгуулан ажиллаж, аюул ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг чадавхижуулах сургалт тогтмол явуулж байгаа. Хайлааст, Долоон буудал, Чингэлтэйн гэр хорооллууд дунд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бид газрыг шийдвэрлэхэд бэлэн гэлээ. Мөн Гүнтийн даваанд байнгын ажиллагаатай пост байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн хувьд Онцгой байдлын хэлтэстэйгээ нягт холбоотой ажилладаг. Газар олгох тал дээр шууд амлаж чадахгүй ч шийдэх бүх боломжийг эрэлхийлж ажиллана. Харин шуурхай албаны автомашины шийдвэрлэх боломжтой гэсэн бол Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар, Налайх дүүргийн хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 20 гаруй ажил төлөвлөөд ажилласан. Одоогийн байдлаар биелэлт 90 гаруй хувьтай байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хувьд ажлын байрыг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ ажлын хүрээнд Налайх дүүрэг барилгын материалуудын үйлдвэрлэл түлхүү байдгаар онцлогтой учир энэ чиглэлийн туслалцааг үзүүлж, бусад асуудал шийдэгдчихвэл шинэ барилгын ажлыг ирэх гуравдугаар сар гэхэд эхлүүлэх боломжтой. Мөн бид парк шинэчлэл дээр анхаарч ажиллана гэв.
Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр Онцгой байдлын хэлтэстэйгээ бүх талаар хамтарч ажиллаж байгаа. Бүрэн дэмжлэг үзүүлнэ. Бидэнд Гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилт хийх талбайтай болмоор байна гэсэн хүсэлтийг алба хаагчид маань тавьсан учир газрыг шийдвэрлэсэн. ОБЕГ-ын зүгээс хэлтсийн дутуу байгаа орон тоог нөхөх, ингэхдээ Багахангай дүүргийн залуучуудаас шалгаруулалт хийн авч, сургаж, томилж өгөөч ээ гэсэн юм.
Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран ажиллах талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ямар гарц шийдлүүд байж болох талаар хэлэлцлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.