Ш.Чинбат:

Урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлд анхаарч ажиллана


5 минут уншина
Ярилцсан О.Батзаяа:
Ш.Чинбат: Урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлд анхаарч ажиллана

Сүүлийн үед хүүхдийг эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд ихээр гарч, олон нийтийг цочирдуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын хоёр байнгын хороо хамтран хүүхэд хамгааллын салбарын хууль, эрх зүйн хэрэгжилт, мөн байгууллагуудын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гаргасан.

Ажлын хэсэг ажиллаад “Төсөв санхүүжилтгүйгээс энэ салбарт хуулийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна”  гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Үүнтэй холбоотой 2018 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэх үед ажлын хэсэгт ажилласан эмэгтэй гишүүд санал гаргаж Хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 5 тэрбум төгрөгийн төсөв суулгаж батлуулсан юм. Манай улсын хувьд өмнө нь хүүхэд хамгааллын чиглэлд ийм хэмжээний төсөв суулгаж байгаагүй их төсөв юм.

Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын газрын дарга Ш.Чинбаттай ярилцлаа.

-УИХ-ын ажлын хэсэг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн хуулиудын хэрэгжилт муу байгаа нь төсөв, санхүүжилттэй шууд холбоотой гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр өмнөх жилүүдэд энэ чиглэлээр улсын төсөвт ямар хэмжээтэй хөрөнгө сууж ирсэн бэ?

- Өмнө нь ажиллаж байсан Хүүхдийн төлөө үндэсний газар нь 2016 оны 8 сараас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулагдсан. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 2016 онд 300 сая төгрөг, 2017 онд 396 сая төгрөг төсөвт суусан. 2017 оны төсвийг зарцуулахдаа хүн амын тоо,  хүүхдийн тооноос хамаарч орон нутагт 4-13 сая, нийслэлд тодорхой хэмжээний төсвийг тус төсвөөсөө  хувиарласан.

-Ажлын хэсэг мэдээлэл өгөхдөө төсвийн ихэнх хувьд нь ажилчдын цалин, урсгалд зардалд зарцуулагддаг гэсэн байсан. Өмнөх оны төсвийг хэрхэн зарцуулсан вэ?

- Тэр үнэн. Өнөөдөр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хүнд хүнд кэйсүүд гарч байна. Үнэхээр энэ төсвөөр бүх асуудалд хүрч ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй байсан.

Санхүүгийн бэрхшээлээс шалтгаалаад салбарт томоохон ажлуудыг хийх боломж нөхцөл байгаагүй. Харин УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүд маань хүүхэд хамгааллын салбарт онцгойлон анхаарах цаг болжээ гэдгийг олж харж, 2018 оны төсөвт 5 тэрбум төгрөг суулгаж өглөө.

Салбарын хувьд энэ шийдвэрт маш их талархаж хүлээж авч байна.  Мөн том хариуцлага гэж ойлгож байгаа. Энэ бол Хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол улсын төсөвт сууж байгаагүй их хэмжээний төсөв юм.

-Засгийн газрын өргөн барьсан төсөвт та бүхэн салбарын төсвийг хэдэн төгрөгөөр тооцож УИХ-д өргөн барьсан байсан вэ?

-Бид Хүүхэд хамгааллын чиглэлийн зардлыг 2018 оны төсөвт төлөвлөхдөө 1.6 тэрбум төгрөгийн төлөвлөлтийг төсвийн хязгаартаа багтааж хийж өгсөн байсан. УИХ-ын төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гарсан саналын дагуу 5 тэрбум болж батлагдсан.

- Тэгэхээр ирэх оны төсвийг ямар үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

2018 онд хүүхдийн хөгжил, хамааллын төсөв маань бараг 12 дахин өссөн гэсэн үг.  Албан ёсоор Төсвийн ерөнхийлөн захирагчаас батлагдсан төсвийн мэдээлэл ирэх ёстой. Батлагдсан төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтэсүүдээсээ авч байна.

Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв, Түр хамгаалах байр, Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, салбарыг мэргэжил арга зүйгээр дэмжих үйл тодорхой ахиц дэвшил гарна.

Хамтарсан багийн кэйс менежментийн зардалд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага байгаа.  Жишээ нь, Орон нутагт 100 км явж байж очиж үйлчилгээ үзүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх асуудал нийтлэг тохиолдох зүйл.

Гэтэл тийм хэмжээний замд явах унааны түлш шатахуун, хоол, бичиг хэрэг, холбоо гэх мэт зайлшгүй зардлууд гардаг. Харин энэ зардал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн зардалд хангалтгүй тусгагдаг.

Мөн хүүхдийн эрх зөрчигдөх, эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, илэрүүлэх дээр анхаарч ажиллана. Хүүхдийн эрсдэлд нөхцөл байдалд хөдөө орон нутагт 5 орчим хувь, нийслэлд 10 орчим хувь байна гэсэн албан бус судалгаа байдаг.

Салбарын албан хаагчдаас гадна хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үүрэг хүлээсэн албан тушаалтнууд байдаг. Тэдний ажлын уялдаа, салбар дундын зохицуулалт, нөөц, чадавхыг сайтар дайчлах, хамтарч ажиллах дээр анхаарч ажиллах болно.

Тухайлбал нийслэлийн дүүргийн хороодод хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч гэсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь харьяаллын айл, өрх иргэдийнхээ амьдрал ахуй, амьжиргааны нөхцөл байдлыг маш сайн мэддэг.

Гэр бүлийн гишүүд нь архины хамааралтай юу, ажилтай, орлоготой юу, гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан уу, гэр бүлийн хүчирхийлэл гарах эрсдэл хэр түвшинд байгаа талаар тодорхой мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах нь аливаа эрсдэл, хүчирхийлэл үүсэхээс сэргийлэх боломж гэж харж байгаа.  Асуудлыг араас биш, урьдчилж сэргийлэх чиглэлээр ажиллана гэсэн үг

-Аймаг, дүүрэг бүрт танай газар байдаг.  Хэдэн хүний орон тоотой, ямар үүрэгтэй ажиллаж байгаа вэ?

- Орон тооны хувьд харилцан адилгүй байгаа. Зөвхөн хүүхдийн хувьд эрх зөрчигдөх, эрсдэлд орох, гадны ямар нэг халдлагад өртөх нөхцөл бүрдэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох, насны онцлогоос шалтгаалж сэтгэл гутралд орох, эсвэл буруу, муу зуршилд уруу татагдах (хар тамхи татах, компьютер тоглоомд донтох), эцэг эхийн хараа хяналтгүйгээс үл хайхрагдах асуудал гээд амьдралд алхам тутамд хүүхдийг эрхийн зөрчих, хамгаалал шаардагдах нөхцөл байдал үүсэж байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Хүүхдийн мөнгө”,  “Цалинтай ээж” гэсэн хөтөлбөрүүд нь хүүхдийн анхдагч хэрэгцээг хангах, хүүхдийн эрсдэлд орох нөхцөл байдлыг бууруулахад чиглэсэнгэж олон улсад үздэг.

Үүнээс хамгаалах, энэ эрсдэлд нөхцөлд орохоос сэргийлэх ажлыг салбар хувьд болон салбар дундын зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүй, удирдлагаар хангах үүрэг манай байгууллагад байдаг.

Мөн дээрээс нь Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх,  агентлагийн шинэ бүтцээр залуучуудын, гэр бүлийн асуудал хамаарч хүн амын бүхий л бүлгийн асуудлыг хамаарахаар болж өргөжсөн.

-Олон улстай харьцуулбал Манай улсын хүүхдийн эрхийн эрсдэлт байдал нь ямар байдаг юм бэ?

- Ази тивдээ Монгол улс хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлсэн түвшингээрээ  нилээд дээгүүрт ордог.

Хэд хэдэн давуу талыг дурдаж болно.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг шинэчлэн баталж 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхлээд байна. Энэ нь салбарын хууль эрх зүйн орчин сайн бүрдсэн, шинэчлэгдсэн гэсэн үг.

Дээрээс нь хүүхдийн хамгааллын чиглэлээр агентлагийн дэргэд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, зөвлөгөө, холбон зуучлах чиг үүрэгтэй Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв ажиллаж 24 цагаар дуудлага хүлээн авч эрсдэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг шинээр байгуулан стандартын дагуу үйл ажиллагааг нь явуулах ажлууд хийгдэж байна.

Хуулийн шинэтгэлийн хүрээнд улсын байцаагчийн эрхтэй хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шалгах хүүхдийн эрхийн ажилтантай болсон гээд олон зүйлийг ярих боломжтой.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Хүүхдийн мөнгө”,  “Цалинтай ээж” гэсэн хөтөлбөрүүд нь хүүхдийн анхдагч хэрэгцээг хангах, хүүхдийн эрсдэлд орох нөхцөл байдлыг бууруулахад чиглэсэн манай салбарын асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ гэж тайлбарлахад илүүдэхгүй биз ээ.

Бүх хүүхдүүддээ ингэж мөнгө өгдөг улс орон  олон биш, жишээлбэл саяхан сонгогдсон БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Му Жэ Ин халамжийн бодлогын хүрээнд хүүхдийн мөнгө өгөх асуудлыг судлаж парламентдаа оруулж шийдүүлэхээр ажиллах талаар  бодлогоо зарласан нь хүүхдэд хэрэгтэй төрийн бодлого шийдвэр гэдгийг харуулж байна.

-Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн хэргүүд их гарч байна. Олон нийт ч энэ тал дээр их анхаарч “хөдөлгөөн” өрнүүлж байна. Ийм төрлийн гэмт хэрэг энэ жил ингэж өсөв үү? Эсвэл өмнө нь далд хэлбэртэй байв уу?

- Бид энэ асуудлыг гэнэт шинээр үүссэн асуудал гэж харахгүй байгаа.  Далд хэлбэртэй байсан гэж ойлгож байна. Саяны 5 настай охины кейс нийгэмд том цочроо өгсөн. Энэ нь нийгэмд, иргэдэд ийм хэргийг илрүүлэх ёстой юм байна, хэлэх ёстой юм байна гэдэг дохиог өгсөн. Үүнээс үүдээд ойрын үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг ил болох асуудал нэмэгдэх хандлагатай байна.